Өнгөрсөн намрын том дуулиан Өршөөл үзүүлэх тухай хууль байлаа. УИХ-ын гишүүд нууцаар далайлган хаалттай хуралдаж, олон нийтийн анхаарлаас далдуур шургуулсан нэгэн зүйл нь залилан, албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахуультай холбоотой хэргийг өршөөлд хамруулахаар болсон байв.
Аливаа чухал хууль нийгмийн захиалгаар хийгддэг бол нэг хэсэг хүний захиалгаар дээрх хэргийг өршөөлд хамруулахаар шургуулсан хэрэг. Наймдугаар сарын 11-нд баталсан энэхүү хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан нь дээрх бусармаг үйлдэлд тавьсан хориг байв. Энэ нь ялангуяа МАХН-ын улаан хамгаалагч З.Баянсэлэнгэ гишүүнээс эхлээд тэрхүү зүйл заалтаар танил, тал нь ял авсан, авахаар байгаа улстөрчдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн. Ингээд өөр өөрсдийнхөөрөө Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг шүүмжилж, олон мянган иргэнийг нэг өдрийн ч өмнө болтугай гэртээ харихын эсрэг хориг тавьлаа гэхчлэн баалсан.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдал эргээд Өршөөл үзүүлэх тухай хуультай хүзүү, сээрээрээ холбогдож байна. Тэр нь МАХН-аас Н.Энхбаярыг Шадар сайд, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдад санал болгосон явдал. Энэхүү мэргэн санааг Ерөнхий сайд өөрөө гаргасан гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэв.
Уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлав гэгчээр юу ч болоогүй байхад Ц.Оюунбаатар Шадар сайдынхаа суудлаа сайн дураараа найр тавих өргөдөл гаргах нь тэр. Ер нь энэ сандал суудлын асуудал бас л авлигын гэх хэрэгтэй холбоотой. МАХН-аас тавьсан Эрүүл мэндийн сайд авлигын хэрэгт холбогдоогүй бол ийм яриа ч өрнөхгүй байлаа. Энэ талаар хожим жич өгүүлэх болохоор ингээд орхиё.
Харин энэ тухай “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг огт мэдээгүй, өөрийг нь байхгүйд шийдсэн асуудал гэдгээ хэлжээ.
Орон нутагт ажиллахаар явж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ч зам зуураа энэ талаар мэдэгдээд амжив. Ингэхдээ "Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд би Ерөнхий сайдын хувьд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар юм. Хоёр дахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн” гэдгийг хэлжээ.
Гэхдээ “Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магадлал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна" гэжээ.
Гэтэл энэ долоо хоног талдаа орж байна. Энэ талаар уржигдар болсон Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийх үеэр чиг гарна гэж байсан ч нам жим. Засгийн газрын зүгээс мэдээлэл хийх танхим Төрийн ордонд хүрэлцээгүй тухай хөгийн тайлбар хийгээд мэдээллийнхээ бичлэг, мэдээг өөрсдөө бэлтгээд тараах зар хүргүүлэх нь тэр. Энэ нь мэдээлэл хийх танхимд нь өөр хурал давхардсандаа бус ерөөсөө л Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудлаар хариулт өгөхөөс татгалзсан хөнгөн заль байлаа.
Үйл явдал цааш хэрхэн өрнөх нь хуулийн заалтуудаас харахад илхэн. Н.Энхбаярыг Шадар сайд болгоход АТГ-ын газрын магадлал хэрэгтэй. Харин АТГ-ын магадлал түүнийг томилуулах бус татгалзах, бүр хориглох магадлал байх нь арван жилийн хүүхдэд ч ойлгомжтой. Учир нь Н.Энхбаяр уучлалт хамрагдсан хэдий ч ялтай байх хугацаа нь дуусгавар болоогүй аж.
Н.Энхбаярт 2013 оны наймдугаар сард Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Харин түүнд ял оноосон зүйл ангийг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу өршөөлд хамруулахгүйгээр хуульчилсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1.3-т Эрүүгийн хуулийн 263-р зүйлийг бүхэлд нь буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийг үйлдсэн хүнийг өршөөхгүй гэсэн зохицуулалтай.
Өршөөхгүй болохоор ялгүй болох хугацааг нь хэвээрээ гэсэн үг. МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг хүндэвтэрт тооцогдоно. Тэгвэл Эрүүгийн хуульд “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд” ялгүйд тооцно гэжээ.
Ингэхээр түүний ялгүй болох хугацаа 2018 онд дуусгавар болно гэсэн үг. Наана нь томоотой байж, засарч, хүмүүжээд шүүхээс ялгүйд тооцсон шийдвэр гараагүй бол шүү дээ.
Тиймээс л энэ асуудлаар хуулийн хүрээнд Н.Энхбаярыг томилох боломжгүй болохоор Ч.Сайханбилэг зориуд санал болгосон бололтой. МАН-ын дарга М.Энхболдоос эхлээд МАХН-тай нэгддэггүй юмаа гэхэд сонгуульд хамтарч орохыг ахмадууд нь зөвлөж буйг мэдэгдэх болсон энэ цаг мөчид Ерөнхий сайд засгаа авч үлдэхийн тулд ийм нүүдэл хийж гэж харагдаж байна.
Л.НАРАНТӨГС