УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч одоог болтол эхэлж чадаагүй байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм.
Байнгын хорооны хуралдаан болох танхимд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, байнгын хорооны дарга Д.Ганбат нар сууж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-аар Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй бол байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдэг байр суурийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн илэрхийлж, мөн тодорхой төслүүдээр завсарлага авсан. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг албан ёсоор асуудал тавиагүй ч өнөөдрийн ирцээс харвал бас л “ажил хаялт” зарласан байх талтай байгаа юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Цог, Ц.Оюунбаатар нар харьяалагддаг. Гэвч тэднээс хэн нь ч ирээгүй байгаа юм.
Ирц бүрдвэл тус байнгын хороогоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг тус бүр хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд орж ирээгүйгээс ирц 50 хувьд хүрч чадахгүй, энэ асуудал хойшилж байсан билээ.
Г.ДАРЬ