Үндсэн хуулийн Цэц барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан. Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн. Үүнтэй холбоотой арилжааны банкууд зээлээ зогсоох шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр нь барилгын компани, иргэд төдийгүй арилжааны банкуудад ч хохиролтой тусч байгааг Банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат хэлж байсан. Харин бодит сектор дээр хэрхэн тусч байгааг тодруулахаар Хаан банкны хэрэглээний зээлийн төв рүү орлоо. Эдийн засагчид “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулан банкууд зээлийн системийг үр ашигтай хувиргах үүднээс зогсоогоод байна. Түүнээс урьд нь зээл хэвийн олгогдож байсан. Одоо Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт тохирсон бодлогоо яаралтай боловсруулж Засгийн газар батлаасай хэмээн хүлээж байна” гэлээ. Харин найман хувийн зээлд хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийн асуудлыг тухайн банкнаас хамаараад янз бүр шийдэж байгаа юм байна.
Тэгвэл энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.
БЗД-ийн иргэн Т.Загдсүрэн:
-Миний бодлоор энэ шийдвэр ард түмний эрх ашгийг хамгаалсан мэт боловч бодит байдал дээр хэрэгжих боломжгүй гэдгийг арилжааны банкууд харууллаа. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр бол хэн нэгэн байраа барьцаалаад арван өөр газраас зээл авч болно. Гэтэл зээлээ төлж чадахгүй болчихвол алдагдал хүлээх эзэн нь арилжааны банкууд шүү дээ. Тиймээс Цэцийн шийдвэр эцсийнх байдаг ч Засгийн газар үүнд тохирсон бодлого боловсруулж яаралтай батлах хэрэгтэй болов уу гэж үзэж байна.
БГД-ийн 18-р хороо М.Ууганзаяа:
-Би нөхөртэйгөө хажуу өрөөр түрээсэлж амьдардаг. Бид хамт амьдраад таван жил болж байна. Бид хоёр найман хувийн зээлд хамрагдах боломжоо хангачихсан. Гагцхүү урьдчилгаа төлбөр дээр бага зэрэг асуудалтай байсан юм. Хэдхэн төгрөг хураагаад байртай болохын даваан дээр ийм шийдвэр гарчихлаа. Одоо яг үнэндээ яахаа мэдэхгүй байна. Найман хувийн зээлийг илүү бага хувьтай болгоод дахин гаргаасай гэж хүсэж байна гэсэн юм.
Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг энэ шийдвэрийн талаар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн “Одоо нэгэнт найман хувийн зээл зогссон гэдгийг банкуудын холбооноос мэдээлчихлээ. Тэгэхээр үүнд хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?” гэсэн асуултанд,
-Банкууд зээл олгох уу үгүй юу гэдэг Үндсэн хуулийн Цэцийн асуудал биш. УИХ Үндсэн хуульдаа нийцүүлсэн шийдвэр гаргаж байж л энэ асуудал шийдэгдэх ёстой. Найман хувийн зээл бол Засгийн газрын бодлогын асуудал. Бид бол иргэдийн суурь эрхийг хамгаалсан шийдвэрийг гаргах л үүрэгтэй. Бид хууль тогтоогч биш. Хууль тогтоогчийн гаргасан алдаа завхралыг засч байгаа юм. Буруу гаргасан заалтуудыг хүчингүй болгож байгаа юм. Энд хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн Цэц хүлээхгүй. Шийдвэрээ гаргасан. Банкуудад ямар хохирол үүсээд байгаа вэ гэсэн тооцоо судалгаа байхгүй хэмээн хариулсан юм.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцсийнх байдаг. Үүнд нөлөөлж, өөрчлөх боломж байдаггүй. Харин Үндсэн хуульд тохирсон шинэ бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломж байгаа гэж АН-ын бүлгийн хурал дээр сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэдний хэлж байгаагаар ипотекийн зээлийг одоогийн хувилбараар биш ч гэсэн шинэчилсэн бодлогоор үргэлжлүүлэх боломж байгаа л юм байна гэх итгэлийн гал аслаа.
Т.ДАВААНЯМ