Эрдэм мэдлэгийн их өргөө болсон МУИС-тай Улаанбаатар хот хамтарч ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг МУИС-ийн ректор С.Төмөр-Очир нар өнөөдөр гарын үсэг зурав. Энэ арга хэмжээний дараа МУИС-ийн ректор С. Төмөр-Очир хэлэхдээ: хот, улсын их сургууль хоёр амин хүйн холбоотой юм. Өнгөрсөн хугацаанд олон талын хамтын ажиллагаатай явж ирлээ. Харин энэ удаа тодорхой чиглэлүүд буюу байгаль орчин экологи, мэдээллийн технологи, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллахаар болсныг онцолсон юм.
МУИС-ийн эрдмийн потенциалийг улс орон тэр дундаа нийслэл хотын хөгжилд ашиглах учиртай. Эрдмийн зөвлөл, эрдэмтэн багш нартайгаа ярилцаж байгаад Улаанбаатар хоттой хамтарч ажиллаж чадах ажлуудаа гэрээндээ нэгбүрчлэн тусгасан гэв. Нийслэлийн засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг ч хот шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих ёстойг дурьдаад хоёр талын хамтын ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
http://ulaanbaatar.mn/