Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрт боом өвчин гарсан тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн билээ. Дөнгөж сая энэ талаар НЗДТГ-т Нийслэлийн онцгой байдлын дарга, комиссар Х.Батбилэг товч мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр, зургадугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумаас Хан-Уул дүүргийн 1-р хороо буюу Их тэнгэр орчимд нутагладаг малчин Г.Баттөрийн сүрэгт аж ахуйн зориулалтаар авчирсан үхэр сүргээс боом илэрсэн юм байна. Зургадугаар сарын 13-ны өдөр тэдгээр үхрийн нэг нь үхсэн бөгөөд шинжилгээгээр боомоор хорогдсон болохыг нь тогтоожээ. Комиссар Х.Батбилэг шинжилгээний хариу өнөөдөр гарч байна гэсэн тайлбар хэлж байлаа.
Малчин Г.Баттөрийнд Төв аймгаас авчирсан 30 гаруй үхрийг вакцинжуулаад байгаа бөгөөд тэдгээрийг өнөөдөр Улаанбаатар хотоос гаргахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.
Ямартай ч төрийн өндөрлөгүүдийн хоол хүнсэнд сүү сааль, бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг мал сүргээс боом гарсан тухай мэдээллийг өчигдрийн байдлаар нэлээд нууцалж байсан ч өнөөдөр албаны хүмүүс ийн үнэн гэдгийг баталж, мэдээлэл өглөө.
Б.Сайн