Сан Франциско хотод консулын газар нээгдэв

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Сан Франциско хотод консулын газар нээгдэв

Монголчуудын хамгийн их олноороо оршин сууж, суралцаж, ажиллаж байгаа хотуудын нэг болох Сан Францискод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээгдлээ. Жил ирэх бүр Америк дахь монголчуудын тоо улам бүр нэмэгдэж, монголчууд соёл боловсролын үйл ажиллагаагаа  идэвхжүүлж, холбоод , төрийн бус байгууллагууд байгуулж энэ хэрээр төрийн үйлчилгээ улам бүр шаардагдах болсон билээ.  Иймээс монгол иргэдийн тавьж байсан удаа дараагийн хүсэлт, мөн хэрэгцээг харгалзан Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөхөн шийдвэрээ гаргасан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сан Францискод айлчлах үеэрээ Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Нээлтийн ажиллагаанд, монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Л.Болд, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат,  УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, америкийн талаас Сан Франциско хотын захирагч Эдвин М.Ли, Ёслолын албаны дарга Шарлот Шульц, Гадаад хэргийн хэлтсийн бүс нутаг хариуцсан захирал Патрисиа Хэйс болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Сан Франциско дахь Ерөнхий консулын газар нь манай улсын 35 дахь дипломат төлөөлөгчийн газар болж байна. “Төрийн үйлчилгээ ойртож ирж байгаа нь  зөвхөн энд ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд төдийгүй, монголыг аялал жуулчлал, бизнес, соёл боловсролын хамтын ажиллагааны хувьд сонирхдог америк иргэдэд сайхан боломж нээгдэж байна.  Энэ бол хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үр дүнтэй алхам” хэмээн Ерөнхийлөгч хэллээ.

Өнөөдөр Сан Франциско хотод таван мянга орчим монгол иргэд ажиллаж амьдарч байна гэсэн албан бус тоо байдаг юм байна.

http://www.president.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж