Волтер Рийдийн цэргийн эмчилгээний төвд очив

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Волтер Рийдийн цэргийн эмчилгээний төвд очив

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараа нь АНУ-ын хэмжээнд хамгийн томд тооцогдох Волтер Рийдийн цэргийн эмчилгээний төвд очив. Ерөнхийлөгчийг тус эмнэлгийн дарга угтан авч, товч танилцуулга хийлээ. Анх 1909 онд 80 хүний ортой байгуулагдаж байсан энэ төв өнөөдөр 5500 өрөөтэй болжээ. Дайны болон энхийн цагт цэргүүдэд эмнэлэг, сувиллын үйлчилгээ үзүүлж ирсэн Волтер Рийдийн эмнэлэг үндэсний хэмжээний эмчилгээний төв болтлоо өргөжиж,  цэргийн бүх салбарын болон чөлөөнд гарсан 150 мянга гаруй албан хаагчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд энэ төвөөр үйлчлүүлдэг юм байна. Зөвхөн цэрэг армийхнийг эмчлээд зогсохгүй, судалгаа шинжилгээний ажлыг өргөн хийдэг. Тухайлбал, 2007 онд Пенсильванийн Их сургуультай хамтран дотрын протон эмчилгээний технологийг анагаах ухааны салбарт  нэвтрүүлжээ. Өнөөдөр энэ технологиор цэргийн албан хаагчид, ахмад дайчдыг амжилттай эмчилж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шархадсан цэргүүдийн тасагт орж, цэргүүдтэй яриа хөөрөө өрнүүлж, сэтгэл санаагаар дэмжин, Ирак Афганистанд алба хааж байсан дурсамжаас нь сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт  “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцож онцгой гавьяа байгуулсан Цэргийн гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт хошууч Г.Аззаяа,  Ш.Самбуу-Ёндон нар эмнэлэгт орж, америк цэргүүдтэй уулзсан.

2005 онд Иракт алба хааж байх үеэрээ, амиа золиослогчдын террорист ажиллагааг таслан зогсоож олон хүний амь нас, цэргийн хангалтын баазыг аварч байсан тэдний гавьяаны талаар Ерөнхийлөгчийг хэлэхэд цэргүүд баяр хүргэж, халуун дотноор тэвэрч байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүн төрөлхтөний тайван амгалан амьдрал, эрх чөлөөний төлөө амь хайргүй тулалдсан цэргүүдийг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлээд, цэргүүдэд хурдан эдгэрээд гарахыг ерөөлөө.

http://www.president.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж