Самбо бөхийн Ази тивийн АШТ 12-р сарын 11-13-нд Казахстаны Атырау хотноо болж, 26 орны 458 тамирчин өрсөлдлөө. Насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн ангиллаар явагдсан уг тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин оролцож бүгдээрээ медалийн эзэн болсон байна. Охидын 52 кг-д Б.Хорлоодой, залуучуудын эмэгтэй 48 кг-д Б.Бадмаа, залуучуудын 57 кг-д П.Алтанбагана, Б.Самбууням нар Азийн аварга цол хүртэж, охид болон залуучуудын насны ангилалдаа Монгол Улсын баг тус бүр III байрт шалгарав.
Бусад медальтнуудыг танилцуулвал: Охидын +75 кг О.Энхчимэг мөнгө, хөвгүүдийн 52 кг-д Л.Өнөболд хүрэл, залуучуудын 48 кг-д Ч.Мягмаржав хүрэл, 52 кг-д Э.Гантогтох хүрэл, насанд хүрэгчдийн 57 кг-д Г.Мөнхбат мөнгө, байлдааны самбо бөхийн 57 кг-д Э.Эрдэнэсүх мөнгөн медаль хүртжээ.
Мөн тэмцээний шилдэг шүүгчээр Монголын олон улсын шүүгч, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч Б.Хаштогтох шалгарсан байна.
МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО