“ДМЮ” клуб III байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

“ДМЮ” клуб III байр эзлэв

БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод 12 дугаар сарын 9-ний өдөр Өвөрмонголын хөлбөмбөгийн өвлийн бэлтгэлийн баазын нээлтийн ажиллагаа болсон. Энэхүү өвлийн бэлтгэлд Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг клуб "Дөчин мянгат Юнайтед"-ын 12 хүртэлх насны баг оролцож байгаа юм. Тэд өнгөрсөн долоо хоногт олон улсын тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд футзалын дүрмээр өрсөлдөж, гуравдугаар байрт оржээ. Энэхүү тэмцээнд БНХАУ, ОХУ, Бразил, Монгол зэрэг 10 баг оролцсон байна.

"ДМЮ" БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамгийн том хот Бугатын хорват дасгалжуулагчтай шигшээ багийг 11:1-ээр буулган авсан ч ОХУ-ын "Чита" клубт 2:9-өөр хожигдсоноор байраа ахиулж чадаагүй байна.

"ДМЮ" клуб энэхүү тэмцээнд долоон тоглолт хийхдээ эсрэг багийн хаалгачдыг 54 удаа гомдоосон бөгөөд Б.Дамдинсүрэн 14, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Ууганбаяр нар тус бүр 10, А.Сугарсайхан тав, Б.Эрхэмбаяр, Г.Цэлмүүн, Ц.Намнансүрэн нар тус бүр дөрөв, Э.Орчлон гурван гоол хийсэн юм.

Баг тамирчдын бэлтгэл үргэлжилж байна.

Сануулахад, БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн 10 дугаар сарын 23-27-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болсон. Хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хамгийн шилдэг тус бүр дөрөв, нийт найман баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Монгол Улсын “ДМЮ” клуб хамгийн шилдэг нь байсан бол ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ баг, "Дэрэн" багууд мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм. Ийнхүү олон улсын тэмцээнд амжилттай оролцсон “ДМЮ” клубт Хайнан өвлийн бэлтгэл хийх эрхийг өгчээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж