Өнгөрсөн долоо хоногоос эхлэн эдийн засагт томоохон дуулиан дэгдсэн нь ипотекийн зээлийн хүүг 20 хувь болгох тухай банкуудын шийдвэр байлаа. Энэ шийдвэр гарсан даруйдаа эдийн засаг, нийгэм, улс төрийн салбарт өвсөнд ассан түймэр шиг тархав. Үнэндээ гэнэтийн байсан энэхүү мэдэгдэл эдийн засгаа цаашид чирж унагаах эрсдэл буй болгоод байгаа юм.
Пүрэв гаригийн энэхүү шийдвэр иргэдийн хувьд ч айдас төрүүлээд байгааг хэлэх хэрэгтэй. Хуруу хумсаа хуйхлан байж арай ядан 30 хувиа бүрдүүлэн банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан олон мянган иргэдийн хувьд Үндсэн хуулийн цэц ёстой л “сарьсан хоншоор дээр нь няслаад авах нь” тэр.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж нэгэн шийдвэрийг гаргасан нь нэг талаар иргэдээ хамгаалсан мэт, нөгөө талаар иргэдээ орон сууцжуулах төрийн бодлогыг гацааж, орчин үеийн орон сууцанд амьдрах гэсэн мянга мянган өрхийн мөрөөдлийг будаа болгов. Мэдээж, цэц энэ шийдвэрээ тайлбарласан, хамгаалсан. Харин иргэд тэдний шийдвэрт бухимдсан, уурласан хэвээрээ байна.
МАН-ын гишүүдийн гаргасан өргөдлийг Цэц хэлэлцээд тэдний талд шийдвэрээ гаргаснаас үүдэн банкууд орон сууцны найман хувийн зээлээс гадна, цалингийн зээл бусад бүх төрлийн зээл олголтоо зогсоогоод байгаа. Учир нь зээл өгч буй банк баталгаатай барьцаалбар авч зээл олгох зүй ёсны шаардлага байдаг гэдгийг Цэцийн гишүүдээс бусад хүн бүр мэднэ.
Энэ бүх үйл явдлыг эсэргүүцсэн иргэд facebook-т нэгдэн “8 хувийн зээлтэй иргэдийг хамгаалья” гэсэн групп байгуулан дуу хоолойгоо нэгтгэсэн. Улмаар Орон сууцны зээлтэй, зээл авахыг хүсч байгаа иргэдийг хамгаалах түр хороо байгуулан ажиллаж эхэлжээ. Тэд эхний шаардлагаа МАН-д хаягласан бөгөөд улстөржихгүй байхыг хатуу сануулж асуудалд эерэгээр нааштай хандаж эхлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдээд эхэлж. Бүр тодруулбал Монголд иргэд нь сөрөг хүчнээ эсэргүүцэж тэмцэж байсан тохиолдол үгүй. МАН-ын үед 8 хувийн зээлийн асуудлаас болж удахгүй сөрөг хүчнийг иргэд сөрж тэмцэх бололтой. Сошиал орчинд нэгдсэн зээлтэй иргэд энэ долоо хоногт багтааж “Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хууль”-ийг яаралтай дахин баталж өгөхийг УИХ-ын гишүүдээс шаардаж эхлээд байгаа юм байна.
Түүнээс гадна “Цэцийн дээр хөх тэнгэр биш, ард түмэн байх ёстой” гэсэн өгүүлбэр олон хүний амнаас унах болов. Иргэд эрхээ хамгаалж, гаргасан буруу шийдвэрээ цуцлахыг шаардаж Цэцийн гишүүдэд мессеж илгээсэн. Үүний хариуд Цэцийн гишүүн Д.Наранчимэг “Бидний эрхэд халдаж байна” гэсэн тайлбар өгсөн нь олны дургүйцлийг багагүй төрүүлээд байгаа юм. Энэ бүхэн сүүлийн үед Үндсэн хуулийн цэц улстөржсөн газар болж хувирсныг, тэнд нам, эвслийн “дархлагдсан” гар хөлүүд очоод суусан гэх шүүмжлэлийг бататгаж буй.
Ийнхүү ипотекийн зээл өндрөө авч, улстөрчдийн хэрүүлийн талбар болон хувирахын хэрээр эдийн засаг сүйрч унасаар.
Эдийн засгийн энэ хямралтай цаг үед иргэдийг ганц тайвшруулж байсан зүйл нь ипотекийн зээл шүү дээ. Хонгилын үзүүрт асч байгаа гэрлийг нь үлээгээд унтраасан цэцийн гишүүд, банкныхны шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг одоогоор таан хэлэхэд хэцүү. Эдийн засгаа унаж байгаа дээр нь түлхэн унагаах гээгүй юм бол энэ шийдвэрээ эргэн харахыг иргэд хүсч байна.
Г.ТУУЛ