Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

Чуулганыг завсарлуулахын өмнө УИХ-ын гишүүд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор олон асуудлыг хөндлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт тооллогыг дахиж явуулах боломжтой эсэхэд хариулт өгөхийг хүсэв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын тайлбараар улс орнууд маш онцгой тохиолдолд санал хураалтын тооллогыг дахидаг байна. Гэхдээ дахих эсэхийг шүүхээр хэлэлцэж байж шийддэг. Өөрөөр хэлбэл, ихэнх орон тооллогыг дахих тухай заалтыг Сонгуулийн хуульдаа тусгадаггүй. Энэ нь улс орны хэмжээнд эмх замбараагүй байдал үүснэ гэж үздэгтэй холбоотой аж. Учир нь нэг нэр дэвшигч тооллогын дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж дахих асуудал тавиад түүнийг нь зөвшөөрлөө гэхэд сонгуулийн дүндээ сэтгэл дундуур байгаа нэр дэвшигч бүхэн тооллогыг дахих хүсэлт гаргаж, энэ нь улс орны хэмжээг хамарсан үйл явдал болж нийгмийг бужигнуулж болзошгүй байдаг тул хуульд энэ талын заалт тусгаагүй тухай онцоллоо.

Ирэх жилийн хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудаас гаргахаар болж байгаа юм. Өмнөх сонгуулиудад хэсгийн хороо, тойргийн хорооноос сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг байсныг ийнхүү өөрчлөөд буй. Мөн саналын хуудсыг автомат машинаар тоолуулна. Хүний хүчин зүйл бага байх тусам санал хураалтын дүнг будилаантуулсан гэдэг хэл ам, хардлага сэрдлэгээс хол байна. Хэрвээ төрийн албан хаагч хариуцлага алдаж алдаа гаргасан бол хариуцлага тооцохоор тодорхой заалтууд тусгасан талаар энэхүү хуралдааны үеэр хөндлөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж