Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

Путины тушаал

Фото: Сергей Гунеев / РИА Новости

 

Сири дэх Оросын цэргийн хүчинд аюул занал учруулсан бүгдийг устгахыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин тушаасан тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв.

 

“Сири дэх Оросын бүлэглэл эсвэл манай цэргийн газар дээрх дэд бүтцэд занал учруулах ямар ч байг нэн даруй устгах ёстой. Тиймээс энэ асуудалд дээд зэргээр хариуцлагатай, хяналттай хандах хэрэгтэй” гэж баасан гаригт болсон Батлан хамгаалах яамны коллегийн өргөтгөсөн зөвөлгөөн дээр Оросын лидер хэллээ.

 

“Манай цэргийн албан хаагчдын эсрэг ямар нэгэн өдөөн хатгалгыг дахин зохион байгуулахаар оролдож байгаа хүмүүст сануулга өгөхийг хүсч байна. Оросын цэргийн албан хаагчид, нисэх баазын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээг бид авсан. Нисэхийн шинэ хүч, Агаараас хамгаалах хэрэгслээр хүчийг зузаатгасан. Цохилтын нисэх хүчний бүх үйл ажиллагааг сөнөөгч онгоцнуудын хамгаалалт дор явуулж байна” хэмээн Путин онцлов.

 

Оросын цэргийн хүчин Сири дэх алан хядагчдын эсрэг ажиллагааг есдүгээр сарын 30-наас эхлэн явуулж байна. Нисэхийн бүлэглэлийг Хмеймим гэх Латакия хотын дэргэдэх баазад байрлуулсан юм. Байлдааны ажиллагааг явуулж байгаа бүлэглэл нь алсын зайн онгоцнуудыг оролцуулаад бараг 70 нэгжийн онгоц, нисдэг тэрэгтэй. Сирийн ойролцоох Оросын тэнгисийн цэргийн бүлэглэл нь 10 хөлөг онгоцтой бөгөөд тэдний зургаа нь Газар дундын тэнгист байгаа юм. Каспийн тэнгис дэх флотын хөлөг онгоцнуудыг аравдугаар сарын 7 ба арваннэгдүгээр сарын 20-ны ажиллагаанд оролцуулжээ.

 

Арваннэгдүгээр сарын 24-нд Туркийн сөнөөгч онгоцнууд Оросын Су-24М бөмбөгдөгчийг сөнөөсний дараа Сири дэх Оросын нисэх баазад зенитийн пуужингийн С-400 цогцолборыг байрлуулсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж