Мэнд хүргэе, Монголын кино урлаг!

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

Мэнд хүргэе, Монголын кино урлаг!

“Marshall Creative Agency”-ын Монголын кино урлагын 80 жилд зориулан бэлдсэн материалыг сонирхоно уу!

1935 оны 10-р сарын сарын 11-ний ѳдѳр Ардын сайд нарын зѳвлѳлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургын хороог байгуулсан бѳгѳѳд уг газрын харьяа Кино үйлдвэрийн газар буюу одоогийн Монгол кино нэгтгэл байгуулагдсан бѳгѳѳд энэ ѳдрийг Монголд кино урлаг үүссэн ѳдѳр гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн юм.

Гэхдээ монголчуудын кино урлагтай танилцсан түүх нь түүнээс хамаагүй эрт юм. Анхны хѳдѳлгѳѳнт дүрс, сүүдэр ший нь 1910-аад оны үеэр Монгол нутагт анх орж ирсэн бѳгѳѳд 1913 онд Гүн Намнансүрэн Оросоос авчирсан кинонуудыг Богдын ѳргѳѳнд гаргадаг байжээ. Үүнээс гадна сүүдэр ший үзвэрийн газрууд Улаанбаатар хотод хэд хэд ажиллаж байсан бѳгѳѳд Хятадад хийгдсэн дуугүй кинонууд гаргадаг байжээ. Сүүдэр ший хэмээх нэршил нилээд хойно хүртэл хэрэглэгдсэн байдаг 1920-1930 оны Нам тѳрийн бичиг баримтууд дээр сүүдэр зураг болон цахилгаан сүүдрийн наадам зэрэг нэршлээрээ тэмдэглэсэн байдаг бѳгѳѳд сүүлд Кино үйлдвэрийн газрыг байгуулахтай зэрэгцэн кино хэмээн хэрэглэж заншжээ. Ардын хувьсгал ялсанаар, улс тѳрийн асуудал, суртал нэвтрүүлгийг олон нийтэд хурдан шуурхай түгээх хамгийн сайн аргыг кино үзвэр гэж үзсэн учраас 1925 оноос хойш Монгол нутаг даяар кино үзвэрийн газрыг үлэмж нэмэгдүүлсэн бѳгѳѳд хамгийн анхны кино мэргэжилтэн буюу механикчдыг 1928 онд тухайн ЗХУ руу илгээн суралцуулж 1929 онд анхны кино механикчийн курсыг Улаанбаатар хотод нээсэн байна. Улаанбаатар хотод хамгийн анх ажиллаж эхэлсэн кино театр бол Ард кино театр юм. Хуучин хятадуудын кино үзвэр үзүүлдэг байсан байшинд 1924 онд нүүн орж 1925 онд албан ёсоор нээгдэж байсан байна.

Тухайн үеийн үзэгчид киног зугаа цэнгэлийн нэг хэлбэр байдлаар хүлээн авдаг байсан явдлыг ѳѳрчлѳхийн тулд улс орон даяар кино урлаг нь мэдээлэл олж авах нэгэн тѳрлийн хэрэгсэл юм хэмээх сурталчилгаат аян хүртэл ѳрнүүлж байжээ. 1935 онд Ард кино театр шинэ тоног тѳхѳѳрѳмжтэй болсон бѳгѳѳд дахин нэг удаа нээлтээ хийсэн бѳгѳѳд энэ ѳдрѳѳс эхлэн кино үзвэр тѳлбѳртэй болсон байдаг.

1936 онд анхны кино Монгол Хүү дэлгэцэнд гарсан гэхдээ киноны зургийн баг болон найруулагчаар оросын мэргэжилтэнгүүд ажилласан уг киног Монгол кино мѳн, биш гэсэн олон янзын байр суурь байдаг.

Монгол кино нэгтгэлийн анхны бие даасан кино бол 1938 онд гарсан Норжмаагийн зам болон 1939 онд гарсан Чоно кинонууд юм. Эдгээр кинонуудын найруулагч Монголын кино урлагийн домогт найруулагч Д.Жигжид ажиллаж байсан юм.

Дэлхийн 2-р дайны он жилүүдэд кино үйлдвэрлэлээс илүүтэй, ухуулга кино гаргах цаг үеийн шаардлага байсан. Дайн дуусахтай зэрэгцэн 1945 оны 12 сарын 1-нд Цогт хунтайж кино дэлгэцнээ гарсан байна. Энэ цагаас эхлэн Монгол кино урлаг ѳѳрийн гэсэн ѳгүүллийн хэлээ олох урт аяндаа гарсан байна. Ер нь Монголын кино урлагын түүхийн эхэн үеийг судлахын тулд Оросын кино урлагийг сайн судлаж ойлгох хэрэгтэй. Оросын хувьсгалд кино урлагийн нѳлѳѳ асар их байсан бѳгѳѳд Латви гаралтай нэрт найруулагч Сергей Эйзенштейны бүтээлүүд Социалист Реалист хандлага бүхий кино урлагын суурь болж ѳгсѳн юм. Тэрээр Социалист Реализм гэлтгүй дэлхийн кино урлагт эвлүүлгийн болон найруулгын ѳѳрийн тусгалаа үлдээж чадсан бѳгѳѳд Димитри Васильев зэрэг олон уран бүтээлчдийн бүтээлүүд Монгол кино урлагийн ѳнгѳ тѳрх, сэдэв найруулгын гол суурь болж байсан. 1950 оноос эхлэн МАХН, кино үйлдвэрлэлийг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах ѳргѳн далайцтай бодлого барин ажиллах болсон. Энэ үеэс эхлэн Монгол кино жилийн тѳлѳвлѳгѳѳгѳѳ гаргах болсон. Кино зохиолуудыг эртнээс захиалан бичүүлж хатуу хяналтан доор суртал ухуулгын сэдэвт кинонууд бүтээж эхэлсэн юм.

1951 оноос эхлэн Монголд хийгдэх болсон киног зуун хувь дотоод уран бүтээлчид бүтээх болсон бөгөөд 1958 оноос эхлэн киноны мэргэжлийн уран бүтээлчдийг дотооддоо сургаж эхэлжээ. 1954 оноос эхлэн Монгол киног олон улсын үзэгчдэд хүргэх болсон бѳгѳѳд тухайн үеийн ЗХУ-ын олон улсын кино наадмуудад Монгол кино ѳрсѳлдѳх болсон. Монгол кино урлагийн үзэл суртлын хамгийн хүнд жилүүд нь 1961-1970 оны хооронд юм. Анхандаа намын хяналт уран бүтээлийн далайц, уран бүтээлчдийн чадварыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан зѳвлѳгѳѳ ѳгѳх хэлбэртэй байсан ч эдгээр он жилүүдэд хэтэрхий явцуу хандах болсоноос болж, ганц хоёрхон хүний үзэмжээр дэлгэцэнд гарах бүтээлүүд тодордог болсон. Энэ үед бүтээгдсэн нилээд олон кино үзэгчдэд хүрэлгүй хаагдаж, уран бүтээлчдийг хохироох тохиолдлууд гарч эхэлжээ. 1970 оноос эхлэн Монголын кино урлагийн жинхэнэ алтан үе эхэлсэн юм. Түрүү үеийн чадварлаг уран бүтээлчдийн босгосон суурь дээр мэргэжлийн түвшинд кино урлагт суралцсан залуус Монголын киноны шинэ үеийг нээсэн бѳгѳѳд 1980 он гэхэд нийгмийн шинэчлэлийн сэдэвтэй, монгол хүмүүсийн оюун санаанд нийцсэн бүтээлүүд дэлгэцнээ амилж эхэлсэн. Энэ үед Хачин хүн, Хүн чулууны нулимс, Гарын таван хуруу, Тань руу нүүж явна зэрэг олон шилдэг бүтээлүүд дэлгэцэнд амилсан юм.

Монгол кино, монгол хүний үзэл санаанд тусгах хосгүй ажлыг найруулагч Б.Балжинням гуай хийж чадсан юм. Харамсалтай нь ѳнѳѳ үед түүний уран бүтээлийг онолын түвшинд судалсан судалгааны ажил хийгдээгүй байгаа нь харамсалтай.

Найруулагч Б.Жигжидийн санаачлагаар эхлэн, Б.Балжиннямын найруулан 1987 онд дэлгэцэнд гаргасан Мандухай Сэцэн Хатан кино нь Монгол кино урлагийн түүхэн дэх анхны үндэсний үзэл болон, Монголын тулгуур тѳрийн тухай анхны уран бүтээл болсон юм. Энэ кинонд Чингис хааны хѳрѳг зургийг олон нийтэд дэлгэн харуулсан тѳдийгүй шинэ үеийн залууст Монголын түүхийг судлах асар их хүсэл эрмэлзлийг тѳрүүлсэн юм.

1990 оноос Монгол кино урлаг зогсонги байдалд орж эхэлсэн. Нэгдүгээрт: тѳрийн дэмжлэг үгүй болсон, хоёрдугаарт үзэгчид ѳмнѳхийг бодвол хаалттай байсан барууны кино бүтээлийг үзэх боломж нээгдсэнээр, монгол киноны үнэлгээ унаж эхэлсэн. Кино урлаг гэдэг ерѳнхий ойлголтыг үзэгчид кино бүтээхээс гадна киног түгээх театртай хамтад ойлгох ёстой. Дээр дурьдсанчлан 1990 оноос хойш кино урлагт уран бүтээлчдээс илүүтэй техник технологийн хоцрогдол нүүрлэсэн юм. Шинэ бүтээлүүдийн чанар олон улсаас илт хоцрогдож эхэлсэн бѳгѳѳд үзэгчид ч шинэ Монгол киног сонгохоос зайлсхийх болсон.

2003 онд Тэнгис кино театр байгуулагдсанаар Монголын кино уран бүтээлчдээс уран бүтээлийн чанар стандартыг шаардах болсон тѳдийгүй, үзэгчдийг эргэн кино дэлгэц, театрт очих бололцоог бүрдүүлж ѳгсѳн юм. Энэ үеэс эхлэн Монголын кино урлагийн шинэ хуудас эргэсэн бѳгѳѳд жилээс жилд дэлгэцэнд амилах кино тасралтгүй нэмэгдэж, кино чанарын хувьд ч хурдтай ѳсѳж байна. Ѳѳрийн хэлээр ярьдаг, ѳѳрсдийн түүхтэй бидэнд ѳѳрсдийн урлаг яалтчгүй хэрэгтэй. Хэдийгээр гарч буй кинонуудын сэдэв, жүжигчид гээд бүхий л зүйл дээр үзэгчид сэтгэл дундуур ханддаг ч, хѳгжлийн нэг шат явагдаж байгааг бас анхаарч үзэх хэрэгтэй.

Гал түлж байхад хажуугаар нь ороод, эндээс нэг мод, тэндээс нэг мод хийгээд байдаг хүмүүс олон. Тэгвэл урлагт тийм хүн битгий олон байгаасай гэж бодох юм. Галд цуцал нэмдэг биш түүн дотор ороод шатах хүн хэрэгтэй байна. Б.Балжинням (1943-2015)

 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж