Энэ сарын 20-ноос Австрали улс нүүрсээ өмнөд хөрш БНХАУ-д импортын татваргүй нийлүүлэх боллоо. Энэ талаар Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Эндрю Робб болон БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар уржигдар албан ёсоор мэдэгджээ. Австрали нүүрсний өрсөлдөх чадварт онцгой эерэг нөлөөтэй энэ алхам өнгөрсөн онд хоёр орны хооронд байгуулагдсан Чөлөөт худалдааны гэрээний дагуу хийгдэж байгаа. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Австралиас Хятадад нийлүүлэх нүүрсний импортын тарифыг 2 үе шаттайгаар чөлөөлнө. Эхний ээлжинд буюу энэ сарын 20-нд 3%-ийн импортын татвараас шууд чөлөөлөх бол ирэх оны 1-р сарын 6-наас эхлэн бусад төрлийн нүүрсний тарифыг 6%-иас 0-2% болтол бууруулах аж.
Австрали бол БНХАУ-д нүүрс нийлүүлэгч гол түншүүдийн нэг бөгөөд дэлхийн нүүрсний зах зээлд аль хэдийн байр сууриа бэхжүүлсэн экспортлогч орон. Одоо импортын татварын дарамтгүй болсноор Хятадын худалдан авагчдын хувьд австрали нүүрсийг илүүд үзэх бодит сонирхол үүсч, энэ хэрээр австрали нүүрсний өрсөлдөх чадвар улам нэмэгдэх нь тодорхой байна. Шинжээчдийн тооцоолсноор, тариф тэглэсний дүнд австралийн коксжих нүүрсний өөрийн өртөг тонн тутамд 1-2 ам.доллараар лавтай буурна. Хямрал нүүрлэсэн өнөөгийн нөхцөлд нүүрсний өртөг ийм хэмжээнд буурах нь зах зээлийн өрсөлдөөнд асар том давуу тал, боломж бий болгох нь ойлгомжтой. Харин Хятадад нүүрс экспортолдог бусад орнуудын хувьд энэ мэдээ тун таагүй тусч байгаа. Индонез, Канад, АНУ гээд олон орны хувьд одоо Австрали нүүрстэй өрсөлдөхийн тулд хүссэн ч, эс хүссэн ч үнээ бууруулахаас өөр аргагүйд хүрч байгааг шинжээчид онцолж байна. Газар нутгийн хувьд Хятадад хамгийн ойр, хамгийн тааламжтай байрлалтай ч дэд бүтцээ шийдэж чадаагүйгээс тээврийн зардалдаа “дарлуулж”, зах зээлээ алдсаар байгаа монгол нүүрсний хувьд бүр ч том аюулын харанга дэлдэх нь. Бусад орнуудын жишгээр хямралд зохицсон алхмуудыг авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд бид нүүрсний зах зээлд өрсөлдөнө гэдэг үндсэндээ боломжгүй болж хувирч байна. Австрали улсын хувьд Хятадын нүүрсний бодлого, дэлхийн нүүрсний зах зээлийн хямралыг энэ мэтчилэн маш амжилттай “сөрж” байгаа. Тухайлбал Хятадын зүгээс тавьж байгаа нүүрсний чанарын стандартын нарийн шалгуур, дотоодын зах зээлээ хамгаалж үлдэх үнийн тактик зэрэгт нийцсэн алхмуудыг Австралийн Засгийн газраас тодорхой бодлоготойгоор авч хэрэгжүүлж байгаа юм.
Б.ЭНХЖИН