Хятадууд дизель түлшний экспортдоо хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Хятадууд дизель түлшний экспортдоо хориг тавьжээ

Хятадын Засгийн газар газрын тосны үнийг хэсэг хугацаанд тогт­вортой байлгахаар болжээ. Ингэх­дээ төрийн мэдлийн “Sinopec” тэр­гүүтэй томоохон компаниудийн үйлд­вэрлэж буй шатахууны үнэд гол анхаарлаа хандуулсан байна. Хята­дын зах зээл дээр түүхий газрын тос­ны үнэ 40-130 ам.долларын хоо­ронд хэлбэлзэх болсон. Үүнээс үүдээд үнийн зөрүү хэтэрхий их бай­гаа нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлд сөр­гөөр нөлөөлж магадгүй хэмээн тус улсын эрх баригчид үзсэн байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо энэ асуудлыг зохицуулахын тулд хэрэгжүүлж болох арга замыг эрэлхийлж байна хэмээн “China Securities Journal”-д мэдээлжээ. Гэхдээ зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгохгүй бол шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах боломжгүй хэмээн ажиг­­лагчид дүгнэж байна. “Galaxy Securities”-ийн шинжээч Кюү Сяофин “Газрын тосны компаниуд Засгийн газраас гаргасан хатуу хуулийг дагаж мөрдөж байгаа. Чухам үүнээс болж үнийн өсөлт газар авсан” гэжээ. Тиймээс дахин ийм хатуу хууль гаргалаа гээд өөрчлөгдөх зүйл байхгүй бололтой.
Хятадын эрх баригчид 2009 онд үнийн өөрчлөлттэй холбоотой тусгай журам гаргаж түүнийгээ одоо болтол дагаж мөрдөж байгаа. Харин түүхий газрын тосны үнийн сагс дахь хэлбэлзэл нэг сарын дотор наймаас багагүй хувиар өөрчлөгдөж эхэлбэл энэхүү журмыг мөрдөх аргагүй болно хэмээн ажиглагчид дүгнэжээ. Гэхдээ Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо шата­хууны эрэлт, нийлүүлэлтийг зохи­цуулах замаар үнийн өсөлтийг ба­рихыг оролдсон хэвээр байна. Ой­ролцоогоор хоёр жил гаруйн өмнөөс эхлээд нэг баррель түүхий газрын тосны үнэ 80 ам.доллараас давсан. Энэ нь Хятадын компаниудад ашгаа нэмэх сайхан боломж болжээ. Гэхдээ нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллараас давах үед Бээжин тэргүүтэй томоохон хотод инфляци огцом өссөн юм.

“Bloomberg”-ээс гаргасан су­дал­гаагаар Хятадын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өн­гөр­сөн сараас бууруулжээ. Ту­хайлбал, “Петрочайна” компани энэ сарын эхний хагаст өнгөрсөн сарын мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар багасч, 360 мянган тонн буюу 2.64 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. “China Petroleum & Chemical Corp”-ийн үйлдвэрлэл нэг хувиар буурч, 587 мянган тонн буюу 4.3 сая баррельд хүрчээ. Уг нь өнгөрсөн сард Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд өдөрт дунджаар 9.096 сая баррель буюу 38.47 сая тонныг үйлдвэрлэж байсан юм. Энэ нь сүүлийн гурван сарын хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Гэхдээ Хятадын зүүн, өмнөд хэсгийн Жинзоу, Жинши, Жилин зэрэг хот дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүд түр хугацаанд хаагдсан нь үйлдвэрлэл буурахад нөлөөлсөн хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Ер нь сүүлийн үед Хятадын түүхий эдийн эрэлт буурах ханд­лагатай байгаа. Өнгөрсөн сард тус улсын эрэлт нэг өдөрт есөн сая баррель байсан. Энэ бол Засгийн газраас нь эдийн засгаа хөргөх бодлого баримталж байгаагийн ил­рэл гэж дүгнэж болох юм. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд газрын тосны эрэлтээрээ Хятад улс дэлхийд тэргүүлж байгаа. Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид Хятадыг энэ онд дэлхийн түүхий газ­рын тосны 40 хувийг хэрэглэнэ хэ­мээн тооцсон. Тиймээс хэдийгээр эрэлт нь буурч байгаа боловч тө­дийлөн дорвитой өөрчлөлт гарахгүй юм. Өнгөрсөн сард Хятадын боловс­руулах үйлдвэрүүд 38.47 сая тонн түүхий газрын тос үйлдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зургаан хувиар өссөн дүн юм.

Ажиглагчдын дүгнэж буйгаар Хятадын газрын тосны эрэлт буурч байгаа боловч тус улс нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа учир сүүлийн жилүүдэд их хэмжээний түүхий эд худалдан авах болжээ. Саяхан тус улсын хамгийн том хоёр компани болох “China National Petroleum Corp”, “Sinopec”-ийн нөө­цийг шалгасан байна.

Хятадын эдийн засаг энэ оны  эхний улиралд 9.7 хувиар өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүн  нь өнгөрсөн онд 10.3 хувиар нэмэг­дэж байсан Хятадын хувьд үйлд­вэр­лэлийн гарц өнгөрсөн сард 13.3 хувиар өсчээ. Энэ нь сүүлийн зургаан сарын хамгийн бага хурдтай өсөлт юм. Үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдэг газрын тосны эрэлт аажимдаа ихэснэ гэсэн үг. Тиймээс үнийн өсөлтийг барих зорилгоор түүхий эдийн нийлүүлэлтийг бууруулах чиг барьж байгаа боловч үйлдвэрлэлийн хэмжээ өссөн явдал нь Хятадын эрх баригчдыг бодлогоо өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэнэ гэх таамаг гарчээ. Ямартай ч Хятадын Үндэсний хөг­жил, шинэчлэлийн хорооноос дизель түлшний экспортод хориг тавьсан байна. Ингэснээр ирэх зун дотоодын нийлүүлэлтээ хангаж чадна гэж үзжээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж