12 дугаар сарын 10-ны өдө Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэд болсон 10 хүн хааны гараас диплом, алтан медаль гардан авлаа.
Шведын хаан Карл XVI Густав, Стокгольмын филармонийн байранд анагаах, физик, хими, уран зохиол, эдийн засгийн салбаруудын 2015 оны Нобелийн шагналыг гардууллаа. Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэд болсон 10 хүн хааны гараас диплом, алтан медаль гардан авсан байна.
Шагналыг үүсгэн байгуулсан Альфред Нобелийн гол зорилго нь хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тусыг авчирсан хүмүүсийг тэмдэглэх явдал байлаа гэж шагнал гардуулах ёслолыг нээсэн Нобелийн сангийн захиргааны дарга Карл-Хенрик Хелдин онцлон тэмдэглэв. “Өнөөдөр бидний хүндэтгэн тэмдэглэж байгаа нээлтүүдийн зарим нь хүн төрөлхтөнд ашиг тусаа өгч зарим нэг өвчнийг эмчилж байна. Энэ жишээ нь судалгаанууд олон асуудлыг шийдэж, дэлхийг шилдэг болгож чадна гэдгийг харуулж байна” гэж Хелдин хэлэв. Тэрээр ирээдүйн судалгаануудын чанар нь шинжлэх ухаанд залуу авьяастнуудыг татсанаас хамаарах учир бүх төвшний өндөр чанарын сургалт шаардлагатай гэдгийг цугларсан олонд анхаарууллаа.
Бие судлал, эмнэлгийн салбарын шагналыг “шимэгч өтнүүдийн өдөөсөн халдварт өвчний эсрэг эмчилгээний шинэ арга барилыг боловсруулсны төлөө” Уильям Кэмпбелл (АНУ), Сатоши Омура (Япон) ба “шинэ халуун хижгийн эсрэг эмчилгээг” бүтээсэн Хятадын эмч Ту Юю нар авсан байна.
Физикийн салбарын шагналаар “нейтрино гэх бичил хэсгийн осцилляцийг нээн тэднийг жинтэй” гэж харуулсан Такааки Казита (Япон), Артур Макдональд (Канад) нар шагнагджээ.
Химийн салбарын шагналтнуудаар “ДНК-ийн репарацийн механизмыг судалсан” Томас Линдал (Их Британи), Пол Модрич, Азиз Санкара (хоюулаа АНУ) нар тодорсон юм.
Белорусийн зохиолч эмэгтэй Светлана Алексиевич “манай үе дэх эр зориг, зовлон зүдгүүрийн дурсгалын полифонийн бүтээл” туурвисныхаа төлөө Нобелийн уран зохиолын шагнал хүртлээ.
Ангус Дитон (Их Британи, АНУ) “хэрэглээ, ядуурал, хангалуун байдлын судалгааг” явуулсан учир Альфред Нобелийн дурсгалд зориулагдсан Шведын Төв банкны шагналыг авлаа.
Нобелийн энх тайвны шагналтнуудад диплом, медаль гардуулав
2015 оны Нобелийн энх тайвны шагналыг “Мэлрэг цэцгийн хувьсгалын дараа Тунист олон ургалч үзлийн ардчилал байгуулахад тодорхой хувь нэмэр” болсон үндэсний яриа хэлцлийг явуулсны төлөө Тунисийн “дөрвөн байгууллагын” төлөөлөгч нар Осло хотноо Норвегийн Нобелийн хорооны дарга Карин Сисилле Кулльман Фивегийн гараас Энх тайвны шагналын диплом, алтан медалийг гардан авчээ.
Тунист сөрөг хүчний улстөрч Мухаммед Брахмийг 2013 оны долдугаар сард хөнөөсний дараа байдал хурцадсан үеэр “дөрвөлийн " зуучлагч нарыг бий болгожээ. Тэдний ажиллагааны үр дүнд намын харьяалалгүй Мехди Жомаагийн засгийн газар байгуулагдаж тус оронд парламентын ба ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах боломжийг бүрдүүлжээ. Хэлэлцээрийн хэсэгт нь Бүх Тунисийн хөдөлмөрийн нэгдэл (үйлдвэрчний эвлэл), Үйлдвэрлэгчид, гар урчууд, ажил хэрэгч хүмүүсийн холбоо (худалдаа, аж үйлдвэрийн танхим), Хүний эрхийн Тунисийг лиг, Өмгөөлөгчдийн коллеги зэрэг дөрвөн байгууллага орж байв.
Түүхэнд анх удаагаа Нобелийн медалиудыг алтаар бүрэх зардлыг шагналтнууд өөрсдөө гаргалаа. Байгууллага бүр нь медаль авах гэсэн байв. Өнгөрсөн долоо хоногт Конгсберг хот дахь Норвегийн зоос цутгах ордонд бэлтгэсэн медалийн хуулбаруудыг Fairtrade-Шударга худалдаа гэсэн олон нийтийн байгууллагын сертификатыг авсан уурхайд олборлосон металлаар цутгажээ. Энэхүү алтны уурхай нь экологийн хэм хэмжээг барьдаг гэдгийг уг сертификат гэрчилж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР