-“AРЕВА Монгол”, “KOЖЕГОВЬ” компанийн олон талт ажлуудын нэгээхэн хэсгийг сурвалжлахад ийм байна. Энэ нь сайн үлгэр бий болгож, тус дэмийг мэдрүүлж байна-
“АДЕН Сервисес Монголиа” ХХК. Энэ бол Дорноговь аймагт ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “AРЕВАМонгол” ХХК-ийн охин компани “KOЖЕГОВЬ”-ийн хээрийн ангийн цогц үйлчилгээний туслан гүйцэтгэгч юм.
Ингэхдээ “KOЖЕГОВЬ”-ийн үйл ажлаа эрхлэх нутаг дэвсгэр болох Дорноговь аймгийн Сайншандын Зүүнбаян баг, Улаанбадрах сумын малчин иргэдээс мал худалдан авч нийлүүлдэг байна. Энэхүү үйл ажиллагаа нь малаа нийлүүлэгчдэд ямар үр нөлөөтэй, бас мал худалдан авагч компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн хүлээж байгаа талаар сурвалжлав. Алив бодит үнэнг нүдээр үзэж, гараар тэмтрэх нь сурвалжлахын утга учир билээ.
“АДЕН Сервисес Монголиа”-д
Миний эхлэн хаалгыг нь татсан газар бол энэ байгууллага. “АДЕН Сервисес Монголиа”-гийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал С.Эрдэнэбилэг хэмээх боловсон залуу тосон уулзаж, энэхүү малчдаас мал худалдан авах төслийнхөө талаар танилцууллаа. Эднийх “АРЕВА Монгол” компанийн захиалга, хэрэгцээнд тулгуурлан дурьдсан баг, сумын нутаг дэвсгэр дэх малчдаас хоёр дахь удаагаа хөрш малчдын амьжиргааг дэмжих зорилгоор мал худалдаж авчээ. Хоёр дахь худалдан авах ажиллагааг тун саяхан зохион байгуулсан аж. Энэ нь монголчуудын мах, махан хүнсээ нөөшлөн бэлддэг цаг үетэй зэрэгцжээ. Орон нутгийн иргэдийн санхүүгийн чадварыг сайжруулахыг “AРЕВА Монгол” болон “АДЕН Сервисес” компани эрмэлзэж байгаа юм байна. Бас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн жижиг дунд бизнесийг дэмжихийг чухалчилдагаа эдгээр компаниуд үргэлжлүүлж байгаа юм байна.
Эднийхэн Зүүнбаян баг, Улаанбадрах сумын Аргалант багийн нийт 23 өрхөөс, 19 үхэр, 185 хонь худалдан авчээ. Өмнөх жил 200 хонь, есөн үхэр авсан юм билээ. Энэ бол өнөөдрийн зах зээл дэх мал худалдаж буй үнээс өндөр үнээр худалдан авч байгаа хэрэг. Улмаар, газар дээрээс нь буюу Дорноговиос худалдан авсан малаа тээвэрлэн, Улаанбаатарт авчирч, технологи, стандартын шаардлага хангасан Эмээлт дэх нядалгааны газарт нядлуулж гулуузлуулдаг байна. Энэ ажиллагаанд ариутгалын стандартыг мөрдүүлдэг, энэ удаад “АДЕН Сервисес” компанийн ажилтан, “KOЖЕГОВЬ”-ийн Дулаан Уул хээрийн анги дахь эрүүл ахуйч Л.Наранцэцэг биечлэн хяналт тавьжээ.
Улмаар гулуузалсан махаа “Мах экспорт”-д өгч дараагийн ялгах, хэсэгчлэх, савлах ажиллагааг хийлгэдэг. Ингээд таван килограммаар битүүмжлэн савлаж, 20 килограммаар хайрцаглан, гүн хөлдөөдөг аж. Ингэж гүн хөлдөөсөн махаа, мөн хэмийг баригч тээвэрлэлтийн машинд ачиж, талын элгэнд үйл ажиллагаагаа эрхлэн, дэвшилд тэмүүлэгч “KOЖЕГОВЬ”-ийн Дулаан Уул кемпэд хүргэж өгснөөр үндсэн гол ажил нугалагдана. Энэ бүх үйл ажиллагаанд байх ёстой, мөрдөгдөх бүхий л хэм хэмжээ зүй зохист мөрдөгдөнө.
Малчид малаа худалдахдаа малынхаа гарал үүслийн бичиг, мал эмнэлгийн эрүүл мэндийн бичиг, багийн тодорхойлолтоо авч очих учиртай. “АДЕН”-ийнхан үүнийгээ үндэслэн дээрх үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлээд, маханд баримтлах олон улсын эрүүл ахуйн стандартууд, мах махан бүтээгдэхүүн, үхрийн болон хонины махны ангилал, ерөнхий шаардлагуудыг чинад сахидаг байна.
Мөн хүнсний аюулгүй байдлын удирдлагын систем-хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлагууд, Аюулгүй шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналт-хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор болзошгүй аюулыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах системчилсэн, шинжлэх ухаанд суурилсан системийн мөрдлөгүүдийг хангажээ.
Ингээд тус компани Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабариторид махны дээжийг өгч хүнд металын шинжилгээг хийлгэсэн байна. Ингэснээр хар тугалга (lead), кадми (cadmium) металиуд агууламж нь маш бага, хүний биед хоргүй, хэрэглэх бүрэн боломжтойг нотолж. Энэ бол “KOЖЕГОВЬ” компанийн үйл ажиллагаагаа жигд хэвийн явуулахад, орон нутаг, нийгмээс хамааралтай сөрөг хандлагуудад хариулт болсон нэн чухал эерэг нотолгоо юм.
Эдгээр бүх мэдээллийг С.Эрдэнэбилэг захирлаас авав. Түүний нэг онцолсон зүйлийг энд зориуд цохоход, “АДЕН”-ийнхнийг бэлтгэсэн махаа савлуулж, жижиглэнгээр бэлдүүлж байхад, махыг тийн бэлтгэгч үйлдвэрлэлийнхэн, “АДЕН”-ийн эрүүл ахуйч, эмх цэгцтэйд тун талархалтай хандаж, бусад үйлчлүүлэгчид “ийм бай л даа” хэмээн жишээлсэн загвар үлгэрийг тэмдэглэх нь зүйтэй. Тус компани болоод энэ компаниар туслан гүйцэтгүүлэгчийн үйл ажиллагааны хэв шинж, манай зах зээлд зөв зүйн жишиг, бодит үлгэрийг аяндаа загварчилж байна бус уу. Энэ бол мэдээж, ийм жишиг стандартыг захиалж, гүйцэтгүүлж байгаа, “AРЕВА Монгол”, “KOЖЕГОВЬ”-чуудын бодит тусгал юм.
Зүүнбаянд
Үл мэдэг цасан бургидас илтэслэсэн өдрийн өглөө эртэд загийн шугуйн ардханд өвөлжөөлсөн Э.Гэрэлт-Одынд буулаа. Зүүнбаяндаа тухтай сайхан өвөлжиж байна. Саяны мал худалдан авалтад 10 хонь, хоёр үхрийг эднийх нийлүүлсэн юм билээ. Э.Гэрэлт-Од ярьж байна. “Энэ жил мал мах үнэгүй, зах зээл тааруу. Ийм үед бидэнд энэ мал худалдан авалт тун хэрэгтэй ажил болж байна. Явдал суудал, зардал чирэгдэлгүй хотноосоо малаа өгөөд бэлэн мөнгөө гар дээрээ авчихна гэдэг чинь их л дэмтэй байна даа. Гар дээрээ бэлэн мөнгөгүй болохоор боломжийн бэлэн хуримтлалтай болчихлоо. Хүүхдүүдийн хичээл номын хэрэглэл, идэж уух хүнс, үгүй ер, айлын хэрэгтэй бүхэнд бэлэн мөнгө шиг хэрэгтэй зүйл алга. Нэгмөсөн ийм зүйлсээ базааж аваад, санаа амар малаа маллаж суух чинь амар л байна шүү” гэлээ. Нээрээ ч, тийм юм. Хамгийн гол нь, малаа зарах гэж ачиж, туухгүй, гаднаасаа, тэгээд шууд бэлэн мөнгөөр, зах зээлийн ханшаас дээгүүр зарчихаар мал малласны бах тэр биз.
Бас тэрбээр “Бид чинь зээлээр л бараа, хэрэглээгээ авдаг улс. Бэлэн зэхээний мөнгөтэй болчихоор чинь нүүр бардам байх юм. Энэ жил манайхны мал сайхан таргалсаан. Ярих юм байхгүй. Авсан улсад маань ч таалагдаж байгаа байх. Харин манай малчид, бүрдүүлэх бичиг баримтаа, гарал үүслийн бичиг энэ тэрээ сайн бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Хэн хэндээ амар. Хонь сайндаа л наян мянга хүрч байхад ийм ханшаар мал авч байгаа компанидаа малчин бид бас хариуцлагаа үүрч, хамтарч ажиллах нь зөв байх” гэж сууна. Энэ ч бас зөв өө. Харилцан ойлголцож, хэн хэндээ ашигтай, дэмтэй ажиллах л өдгөөгийн энэ цаг үед хамгийн шийдлээ хүлээсэн асуудал байсаар байгаа. Ялангуяа, уул уурхайн үйл ажиллагаатай аж ахуйнууд, орон нутгийнхны хооронд. “АРЕВА Монгол”, “Кожеговь” компани хангамжийн сүлжээгээрээ дамжуулан орон нутагтай холбогдож байгаагаараа орон нутагтай илүү сайн нийцэн, зохицсон компанийн сайн жишээ болж байна.
Энэ түгээмэл харилцааны үүднээс малчны энэ яриа таатай л сонсогдох доо. Э.Гэрэлт-Од цааш нь “Цаашид манай малчид зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Уулзаж зөвлөлдөөд энэ удаа тэр тэр малаа өгье, дараа нь тэр тэр өгье гээд шийдээд. Жигдхэн нийлүүлмээр байна” гэж ярив. Бас “Компанийн эрэлт л тэр байгаа байх, уг нь малаа нийлүүлэх гэсэн олон хүмүүс байна санж. Илүү л их мал нийлүүлэх хүсэлт үнэндээ энд байна шүү” гэсэн юм.
Тэднийхээс гарч явахад бодогдож байлаа. Үнэндээ монголчуудын экологийн цэвэр бүтээгдэхүүн болох мал махыг энэ мэт зөв зохист дамжлагаар, технологиор, стандартаар, үнээр авч, боловсруулалт хийж яагаад өргөн зах зээлд гаргахгүй байна вэ гэж.
Шийдэл нь тодорхой л доо. Бодлого, технологи, хэрэгжүүлэлт. Энэ л дутмагшиж байгаа. Харин ч олон улсын ил тод, хариуцлагатай компаниуд энэ мэт жишгээр бодит үлгэрийг харуулсаар байна санж.
“KOЖЕГОВЬ”-ийн Дулаан-Уулд
“KOЖЕГОВЬ”-ийн Дулаан Уул кемпэд эмх цэгц, хариуцлагатай орчин тосно. Тохь тух ноёлжээ. Ажилчдын орон байр, халуун хүйтэн ус, биеийн тамирын танхим, хооллох танхим, чөлөөт цагийн өрөөнүүд, ер дутуугүй тохижиж. Кемп менежер Г.Энхтулга хотхоноо танилцуулсан нь эдгээр өгүүлбэрүүдийг бичүүлж байна. “KOЖЕГОВЬ”-ийн кемп дэх үйлчилгээ, угаалга, хоол, цэвэрлэгээ бүгдийг “АДЕН Сервисес Монголиа”-гийнхан гүйцэтгэдэг нь нягт нямбай. Энэ хамт олон нийтээр ойлголцол төгс, ажлын байртаа сэтгэл хангалуун байдаг нь аяндаа анзаарагдаж байлаа.
Д.Отгонсүрэн хэмээх бүсгүй эдгээр үйлчилгээний багаа ахалдаг бөгөөд, тэрбээр гүн хөлдөөлт бүхий махны чингэлэг, хүнсний зүйлсээ хадгалах агуулахаа үзүүлж танилцуулсан нь тун хариуцлагатай аж. Нэг тийм, юм юм нь байр байрандаа, яг таг айл байдаг даа. Тийм нэг аяс хандлага, хэм хэмжээг “KOЖЕГОВЬ”-ийн Дулаан Уул хээрийн ангид үзэв.
Нутгийн малчдаас худалдаж авсан малын махаар бэлтгэсэн “АДЕН Сервисес”-ийн зоогт “KOЖЕГОВЬ”-чуудын хамт уригдаж ширээнд суув. Хоолны нь чанар амтанд эргэлзэх, дурамжхан хандах эрхгүй аж. Онцгой сайхан хоол ундтай юм. Ийм хоол хүнс зооглон ажил үүргээ гүйцэтгэгчдээс сайн үр дүн л хүлээх учиртай биз. Хамт хооллосон С.Батзаяа, Р.Батхишиг, У.Баасандулам нар энэ талаар сэтгэл хангалуун байдгаа даруухан өчиж байлаа. Цагаар хооллоод, тэгээд ийм илчлэг, өвч сонголтот, ширхэг сайтай хоол идээд, эрүүл агаарт байгаад байхаар жин нэмэх гээд байх юм хэмээн учирлан инээвхийлцгээж байв.
“АДЕН Сервисес”-ийн эрүүл ахуйч Л.Наранцэцэг мал мах бэлтгэх явцад, нядалгааны малын элгээс дээжлэн шинжлүүлж эрүүл нотолгоог хийлцсэн, эдүгээ түүгээр бэлтгэсэн хоолыг хянасан хүний итгэлтэй хандлагаар хооллож сууна. “Бүх процессийг нь мэдэх хүн шиг суух шив дээ” гэж цаашлуулбал “Тийм шүү” хэмээн хариулах нь сайхан хэрэг. Алив системтэй зөв үйл хэрэг ингэж үргэлжилдэг л дээ. Ер нь бол, энэ кемпийн зоогийн танхимд оргил үедээ 180 хүн хооллох боломжтой байна. Энэ нь “KOЖЕГОВЬ”-ийн нийт ажилчид, туслан гүйцэтгэх харуул хамгаалалт, үйлчилгээнийхэн болой. Мал худалдан аваад, энэ мэт дарааллаар хүнсээ бүрэлдүүлэн ажиллаж байгаа “KOЖЕГОВЬ” компанийн кемпээр зурвасхан буугаад мордоход ийм аяс байдал нүд сэтгэлд зурагдав.
Хоёр Мөнхийнд
Дулаан Уулын кемпээс хориод километр Аргалант багийн малчин Д.Мөнхсуурийнх өвөлжиж байна. “KOЖЕГОВЬ”-д ажиллаж асан энэ эр бузгай малтай, өөрөө ч боргилхон, гүдэс сайхан эр. Тэр хэлж байна. “Аа-аан, энэ Кожеговийн санаачлага, зүтгэлээр АДЕН-аар ингэж мал авч бэлдүүлж байгаа ажил бол тун дэмжүүштэй эд байгаа юм. Энэ чинь малчин бидэнд маш хэрэгтэй байна шүү дээ. Үнэ малчид бидний хувьд маш сайн байна. Зардал чирэгдэл болохгүй ингээд гэрийнхээ гаднаас малаа зарчихна гэдэг чинь их сайхан байна шүү дээ. Арай л цөөхөн мал авах юм. Аргагүй дээ, авах хэмжээгээр л авч байгаа биз. Ер нь бол нэмүүхэн л өгмөөр байна” гэх. Эхнэр Н.Цэвэлмаа нь “Ямаа аваасай гэж бодох юм” гэж өгүүлэх. Малаа ийм үнээр, ийм харилцаагаар борлуулж, хамтран ашигтай байхыг хүссэн малчны яриа хандлага энэ. Д.Мөнхсуурь “Үнэндээ мал маллаж байгаа бидний чинь ганц орлого чинь ерөөсөө л энэ болохоор иймэрхүү хэв жишгээр мал хуйгаа борлуулж, амьдрал ахуйгаа өөд татахыг хүсэх Монгол даяарын малчны хүсэл биз дээ” гэсэн нь олон зүйлийг бодогдуулна. Эднийх 10 хонь, нэжгээд үхэр “KOЖЕГОВЬ”-ийн Дулаан Уул хээрийн ангийн хэрэгцээнд зориулан “АДЕН Сервисес”-т худалдсан юм билээ.
Тэднийхээс мордож Аргалант багийн малчин Ж.Мөнхбаярынд буулаа. Залуу идэрхэн энэ эр мөн л дээрхи компаниуд мал худалдан авахын ашиг дэмтэйг сайшаан тэмдэглэж байв. “Өнөө жил чинь эм хонь авна гэсэн зар өгсөн. Манайх 10 эм хонь нийлүүллээ. Мөнгө цаас нь ахиу ирж байгаа болохоор өег байна аа. Жил болгон л ингээд авч байвал тун зүгээр байна” гэв. Түүний ээж Б.Жаргалсүрэн гуай “Манайх өнөө жил Цагаан эрэгт зуссан. Мал сайхан царгилсаан. Компанийн авах бололцоо нь энэ байгаа байх. Малаа ингэж өгье гэсэн олон айл байдаг юм. Илүү л хүртээмжтэй аваасай гэж бодож сууна. Хотноос шууд мал худалдаж авдаг иймэрхүү төсөл хөтөлбөрүүд хэрэгжих нь тустай гэж юүхэв” хэмээн өгүүлж байлаа.
Эдгээр малчдын яриа, байр байдлаас “KOЖЕГОВЬ” ХХК-ийн эрэлтээр, “АДЕН Сервисес”-ийн гүйцэтгэлээр мал худалдан авч, хүнсэнд хэрэглэж буй энэ ажил хаана хаанаа хэрэгтэй ажил нь ойлгогдож байна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн Засаг дарга Ч.Түмэнжаргал “Ийм төсөл хөтөлбөрүүдийг л чухам дэмжилгүй яахав.” хэмээн өгүүлж байна. Энд зориуд цохоход, “KOЖЕГОВЬ” компанийн орон нутагтай харилцах ажилтан, Улаанбадрахын уугуул О.Батбилэгийн эвлэг, найрсаг зан төлөв, компани хийгээд орон нутгийнхны харилцан ойлголцлыг бэхжүүлж, үйлс ажлыг хамтралжуулж явааг дурьдалтай. Мал мах худалдан авах ажиллагаанд ч тэрбээр зүтгэл тавин оролцсон нь малчдын талархалт ярианаас мэдрэгдэв.
Бяцхан өгүүлэх нь
Монголчууд дэм дэмэндээ, дээс эрчиндээ хэмээн хэлж ярилцацгаадаг ард түмэн. Энэ бол харилцан ойлголцол, хамтын тус дэм гэсэн утга санаа. Энэ үзэл учгийг “AРЕВА Монгол”-ын охин компани “KOЖЕГОВЬ”, түүний туслан гүйцэтгэгч “АДЕН Cервисес Монголиа” компаниуд малчдад тусалж, мал худалдан авалтаар орон нутагтайгаа эвсэж нэгдмэл болсоноор сайн үлгэр жишээ болохуйц хэрэгжүүлж байна. Энэ дэвшилтэт ойлголцлоос бүтэж байгаа, харилцан нэг нэгэндээ тус дэмтэй нийгмийн хариуцлагын энэ жишгийг бусад олон компани, аж ахуйн нэгжүүд биелүүлээсэй билээ. Үр дүн нь сайн сайхан, хөгжил дэвшилд л тэмүүлнэ. Усыг нь уувал, ёсыг нь дагана гэж сайхан үг бий. Хөрөнгө оруулагчид ч үүнийг энэ жишээгээр ойлгон хүндэлж байвал мэдээж сайн. “AРЕВА Монгол” компанийн олон талт ажлуудын нэгээхэн хэсгийг сурвалжлахад ийм байна. Энэ нь сайн үлгэр бий болгож, тус дэмийг мэдрүүлж байна. Үүнийг ажлаа хийж, амаа тосодно гэдэг дээ.
Б.СҮРЭН