Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийсний эцэст хайгуулын лиценз олгож эхлэх чиглэлийг Ерөнхийлөгч өгөөд байгаа. Тиймдээ ч Монголын ард түмнийг төлөөлөх эрхтэй Төрийн тэргүүний хувьд Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төслийг санаачлан УИХ-д өргөн барихын өмнө Засгийн газар, эрдэмтэн мэргэд, ард иргэдээсээ санал авч байгаа билээ.
Mongolian Mining Journal Монгол улсын уул уурхайн салбарт хуримтлагдаад буй маш олон ээдрээтэй асуудлыг эмх цэгцэнд оруулах өргөн зорилго бүхий “Малгай хууль”-ийн хэлэлцүүлгээ ийнхүү эхлүүлж байна. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн үнэ цэнтэй, оновчтой саналуудыг телевиз, сайтууд, өдөр тутмын хэвлэлүүдээр өргөн цацах юм.
Төрийн оролцоог 34, эсвэл 50 хүртэл гэж янз бүрийн хэмжээгээр заахаа больё
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа:
Манай байгууллага Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүдээсээ санал авсан. Гишүүдтэйгээ ярьж байгаад мөн Ажлын хэсэг байгуулсан. МУУҮА-ийн Ерөнхийлөгчийн дэргэд Бодлого, эрх зүйн хороо гэж гишүүдээс бүрдсэн хороо байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар дээр байгуулагдсан Ажлын хэсгүүд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах ямар нэгэн төсөл гаргаад, олон нийтээс санал авч эхлээгүй учраас бид өөрсдөө энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, яам, агентлагуудад хүргүүлсэн.
2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийг үндсээр нь өөрчлөх шаардлагагүй гэж бид үзэж байгаа. Тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд оруулах байдлаар хуулиа баталж гаргах нь зөв. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд доорх таван асуудлаар санал оруулсан.
Нэгдүгээрт: Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэсэн тодорхойлолт бүхий заалт хэтэрхий бүдэг бөгөөд өргөн тодорхойлолт. Үүнд юуг ч хамруулж болохоор. Ашигт малтмалын тухай хуульд ийм өргөн ангилал байх огт хэрэггүй. Шаардлагатай гэж үзвэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхойлолт байж болно. Нөгөө талаас стратегийн ордын ангиллыг яг хуулиар биш, ашиглалт хайгуулын явцад тодорхой механизмаар шийддэг байя.
Хоёрдугаарт, төрийн оролцоог Ашигт малтмалын тухай хуульд 34, эсвэл 50 хүртэл гэж янз бүрийн хэмжээгээр заахаа больё. Дээрх хоёр тохиолдолд хэлэлцээр зөвшилцлийн зарчмаар асуудлаа шийддэг механизм бий болгох хэрэгтэй.
Гуравдугаарт, орон нутгийн оролцоо гэсэн заалт бий. Үүн дотроо иргэдийн оролцоо, орон нутгийн байгууллагуудын оролцоо гэсэн ойлголтууд багтана. Ерөөс орон нутгийн оролцоон дотор ашигт малтмалыг тодорхой нутаг дэвсгэрт хайх, олборлох юм уу, эсвэл хориглож, хязгаарлаж болох эрхүүд байгаа. Нөгөө талаас хайгуул явагдаж, орд нээгдэж, уул уурхайн төсөл эхлэхэд орон нутгийн засаг захиргаа үүнд яаж оролцох вэ. Энэ нь орон нутгийн оролцооны нэг хэлбэр байх ёстой. Уул уурхайн үйлдвэрлэл явагдаж, борлуулалт хийгдэх үед ногдуулдаг татвар байдаг. Татварын тэгш хуваарилалт бий болгоход орон нутгийн оролцоо бас чухал.
Дөрөвдүгээрт, Ашигт малтмалын тухай хуульд татвартай холбоотой заалтууд бий. Тэртээ тэргүй үүнийг Татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд тодорхой хувь, хэмжээгээр заачихсан. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн Орон нутгийн оролцоо гэсэн бүлэгт байгаль орчны болон бүс нутгийг хөгжүүлэх тал дээр тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхдээ орон нутгийн байгууллагатай гэрээ хийнэ гэсэн заалт бий. Газрын тухай хуульд тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах, Ойн тухай хуульд хамгаалалтын бүс тогтоох зэргээр маш тодорхой заалтууд бас бий. Эдгээрийг бид ерөөсөө хэрэглэдэггүй. Хэрэглэхгүй байсаар байгаад “Урт нэртэй хууль” гараад ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн бас нэг муу зохицуулалт нь иргэдийн өргөдөл бүр дээр санал авдаг. Үүнээс болж маш их цаг хугацаа алддаг. Янз бүрийн ил тод сангууд, тэдгээрт өгдөг мөнгө төгрөг гээд бараг авлигын хэмжээнд тулж очоод байгаа. Энэ бүх зохицуулалтыг Сум, багийн Иргэдийн нийтийн хурал мэдээд шийддэг, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл болзлын дагуу шашны зан үйл болон өв соёлтой холбоотой газруудын солбилцлыг нутгийн захиргааны удирдлага мэргэжлийн байгууллагуудаар тогтоолгон, зураг зүйн бүртгэлд авч “Энэ бол тусгай хэрэгцээний газар шүү” гээд хэдэн жилээр зарлачих. Ямар нэгэн шаардлага гарвал үүнийгээ нийтэд ил болго.
Тавдугаарт. Байгаль орчны багц хууль бий. Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчинтой холбоотой маш олон заалт байдаг. Ард иргэд нөхөн сэргээлтэд сэтгэл дундуур байна. Аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг яагаад хийхгүй байна вэ гэдэг дээр бид хоёр зүйлийг онцлон харж байгаа.
Нэгд, төрөөс аж ахуйн нэгжүүдэд тавьдаг хяналт маш сул. Үүнд төрийн байгууллагуудын ажилтны тоо цөөхөн, нутаг дэвсгэр том байдаг нь нөлөөлдөг. Энэ том газар нутгаар машин тэрэгтэй яваад хяналт шалгалт хийхэд асар их зардал гарна.
Хоёрт, хайгуулын лицензийн тоо бүс нутгуудад харилцан адилгүй. Өөрөөр хэлэх юм бол уул уурхай хөгжиж байгаа аймаг, сумдад хяналт шалгалт хийх зорилгоор илүү олон хүн ажиллаж байх ёстой. Ашигт малтмалын тухай хуулиар бол аж ахуйн нэгжийн тухайн жилийн нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгө мөнгөний 50 хувийг Байгаль орчны яам барьцаалдаг. Уул уурхайн компаниуд олборлосон газраа орхиод явахад энэ барьцаа мөнгө нь нөхөн сэргээлтэд хүрдэггүй юм. Энэ буруу механизм. Нэг нэгийгээ хуурдаг, муур хулгана болж тоглож байгаатай адилхан л даа. Бид үүнийг үндсээр нь өөрчлөх санал гаргаж байгаа. Байгаль орчны эрсдэлийн даатгал бий болгоё. Ашиглалтын лицензтэй хүн заавал энэ даатгалд хамрагддаг байх ёстой.
Гуравт, Байгаль орчны яаман дээр Нөхөн сэргээлтийн эрсдэлийн сан байгуулъя. Энэ санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь нь ордог байх ёстой. Сангийн зарцуулах эрх нь болж өгвөл гурван талт зөвшилцлийн ямар нэг механизм, субъектээр хийгддэг байвал сайн. Үүнийг дан ганц яам шийдэх нь оновчгүй. Тухайн компани гэнэтийн тохиолдлоор нөхөн сэргээлт хийж чадахгүйд хүрвэл Нөхөн сэргээлтийн эрсдэлийн сангаас тодорхой мөнгө гаргаж, цэвэр мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэдэг механизм хэрэгтэй байгаа юм.
Үйлдвэрлэлийн хөдөлмөр, аюулгүй ажиллагаатай холбоотой заалтуудыг тодорхой оруулах хэрэгтэй
Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн:
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Уг хуультай холбоотой саналууд Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг олон байгууллагаас ирсэн. Геологи, уул уурхайн яамны сайд асан, ахмад геологич Ч.Хурц зэрэг эрдэмтдийн боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг Ажлын хэсэг мөн хэлэлцэж байгаа.
Би өөрөө Ажлын хэсгийн гишүүн. Хуулийн төслийг Ерөнхийлөгчид өргөн барина, бас олон нийтээр хэлэлцүүлнэ. Ерөнхийлөгчийн өгсөн чиг үүргээр бол хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих ёстой. Цаг хугацаа давчуу байна. Чуулган завсарлахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Манай Ажлын хэсэг дээр судалж байгаа энэ хуулийн төслийг өмнө нь Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хэлэлцэж байсан. Саналын зөрөөтэй, эргэж харахаар зүйл энэ төсөлд маш олон байсан. Тиймээс үүнийг Ажлын хэсэг дээр хэлэлцэхээс гадна олон нийтээр дахиж хэлэлцүүлэхгүй бол учир дутагдалтай.
Ашигт малтмалын газар хууль санаачлагч биш. Гэхдээ бидний саналыг эрхэм гишүүд хуулийн төсөлд тусгана гэдэгт итгэж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх явцад тулгардаг зовлон, жаргалыг Ашигт малтмалын газар хамгийн сайн мэдэрч, ойлгодог. Энэ агуулгаар биднийг Ажлын хэсэгт оруулсан байх.
Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг энэ хуулийг яаран баталчихвал уул уурхайн салбарын эрх ашгийг хамгаалж чадахгүй болно. Ашигт малтмалын тухай хуулийг анх 1994 онд баталсан. 1997 онд энэ хууль агуулгын хувьд нэлээд өөрчлөгдсөн. Ерөнхийдөө 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд лицензийн зохицуулалт түлхүү байв. Үүнийг 2006 онд өөрчлөн найруулахдаа бас л лиценз эзэмшигчийн эрх үүргийг жаахан өөрчилсөн. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд энэ хуульд шаардлага хангахааргүй зүйл олон байгаа.
Иргэний танхимд дээр болсон хэлэлцүүлгийн үеэр Ашигт малтмалын тухай хуульд маш олон заалт нийгмийн шаардлага хангахгүй байгаа нь анзаарагдсан. Миний зүгээс зарчмын агуулгатай хэд хэдэн санал байна.
Нэгдүгээрт, лиценз олголт учир дутагдалтай. Лицензийг хэрхэн дамжуулах, хэсэгчлэн болоод бүрнээр нь яаж шилжүүлэх вэ, лиценз эзэмшигч өөрөө ямар эрх үүрэгтэй байх юм бэ, лицензийг ямар үндэслэлээр, зарчмаар олгох вэ. Энэ бүгдийг хуульд тодорхой заалтаар оруулж өгөх шаардлагатай. Олборлолтын, ялангуяа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой ойлгомжгүй зүйлүүд бас бий. Тиймээс ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагааны тухайд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг сайжруулах зайлшгүй шаардлагатай.
Хоёрдугаарт, уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд байгаль орчинтой зүй бусаар харьцаж, нөхөн сэргээлт тааруу хийж байгаа нь нийгэмд бухимдал үүсгээд байна.
Гуравдугаарт, компаниуд хөдөлмөр, аюулгүйн ажиллагааг бүрэн хангаж чадахгүй байна. Үйлдвэрлэлийн осол маш их гарч байна. Мэргэжлээс шалтгаалах өвчинд олон хүн өртөж байна. Эдгээрийг зохицуулах хууль эрх зүйн актууд тодорхой биш байна. Ашигт малтмалын тухай хуульд сайтар оруулж өгөх ёстой зүйлүүд бол энэ. Манайд Уул уурхайн тухай хууль гэж тусдаа хууль байх ёстой. Бусад улсад Геологийн тухай хууль, Уул уурхайн тухай хууль байдаг. Манайд ийм хуулиуд байхгүй тул Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэгт үйлдвэрлэлийн хөдөлмөр, аюулгүй ажиллагаатай холбоотой заалтуудыг тодорхой оруулах хэрэгтэй. Уул уурхайн үйлдвэрлэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Маш том техник, технологиудтай ажилладаг учраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг өндөр хяналтын дор явуулах хэрэгтэй байна.
Мөн уул уурхайн үйлдвэрлэл нь байгаль орчин, газрын хэвлий дор явагддаг учраас байгаль орчинд сөрөг нөлөө багатай технологийг олж ашиглах зайлшгүй шаардлагатай. Үүнийг хуульчилж өгөхгүй бол гар аргаар үйлдвэрлэл явуулах байдал задгайрч байна.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹ 006 дугаараас уншина уу.