Хүнсний ногоог тариалж дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Хүнсний ногоог тариалж дуусаагүй байна

Улсын хэмжээнд улаанбуудайг өнгөрсөн долоо хоногт тариалж дууссан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үүнтэй хамтатган “Төмс, хүнсний ногооны тариалалт 60-70 хувьтай үргэлжилж байгаа” гэсэн мэдээллийг өгч байсан билээ. Тиймээс тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Есөн-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.

-Төмс, хүнсний ногоог төлөв­лөсөн хугацаанд тариалж дуусаа­гүй байсан. Одоо байдал ямар байна вэ?

-Төмсний тариалалт ерөнхийдөө дууссан. Одоо 90 гаруй хувьтай байна. Харин хүнсний ногооны тариалалт 80 орчим хувьтай үргэлжилж байгаа гэсэн мэдээ ирсэн.

-Чухам хэдийд дуусах бол?

-Тариалалтыг энэ сарын 20-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо төмс, хүнсний ногооны тариалалт ерөнхийдөө дуусч байгаа болохоор товлосон хугацаанд хийж дуусгах байх.

-Түлш, шатахууны үнэ нэмэгд­чихлээ. Энэ нь хэрхэн нөлөөлж байгаа бол. Бас уринш бэлтгэхэд шаардагдах шатахууныг хаанаас авах юм бэ?

-Шатахууны хомсдол, үнэ өссөн зэрэг нь тариаланчдад хүндрэл учруулсан хэвээр байгаа. Гэхдээ холбогдох арга хэмжээг авч, түлш нийлүүлж байна. Ирэх онд тариалалт хийх талбайд одоо уринш хийхэд 4000-5000 тонн дизель түлш хэрэглэнэ гэсэн тооцоог гаргасан. Одоо түлшний нийлүүлэлт харьцангуй сайжирч байгаа. Бас “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас нефть импортлогч компанийнхантай гэрээ хийх, гэрээнд өөрчлөлт оруулах замаар арга хэмжээ авч байгаа. Шатахууны үнэ өссөн нь тариалалтын зардлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Тиймээс намар шинэ ургацын төмс, хүнсний ногоо, улаанбуудайн үнэ нэмэгдэх магадлал өндөр байна.

Т.УРАН-ГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж