АШИГЛАЛТАД ОРНО
Уурхайтай танилцахаар очсон хүмүүсийн хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь нүүрс баяжуулах үйлдвэр байсан юм. Монголд анхных гэсэн тодотголтой баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон болохоор тэр. Нүүрсний уурхай, том оврын машин, механизмын засварын төв, хүнд даацын машин механизм жолоодох сургалтын төв, нүүрсний дээжид шинжилгээ хийдэг лабораториор орсны дараа бид баяжуулах үйлдвэр дээр очсон юм. Хоорондоо хэдхэн метрийн зайтай хоёр байгууламжийн нэг нь саяхан ашиглалтад орсон үйлдвэр. Одоо тэнд нүүрсийг баяжуулж буй. Харин хараахан барьж дуусгаагүй байгаа обьект бол хоёр дахь үйлдвэр ажээ. Энэ онд удаа дараа болсон нүүрсний олон улсын зөвлөлгөөний үеэр мэргэжилтнүүд “Нүүрс баяжуулах үйлдвэртэй болох хэрэгтэй” гэсэн саналыг хамгийн их хэлж байсан. Учир нь түүхий нүүрсийг хямд үнээр нийлүүлэх бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн бусад оронд зах зээлийн үнээр борлуулах нь манай улсад ашигтай юм. Уурхайтай танилцах аялалд оролцсон ШУТИС-ийн эрдэмтэд “Нүүрс баяжуулах үйлдвэртэй болно гэдэг маш том амжилт. Харж байхад сүүлийн үеийн технологийг ашигласан байна” гэцгээж байв. Мөн тэд үйлдвэрийн хүчин чадал, ажиллах горим зэргийг сонирхсон асуултад хариулт авч байлаа. Мэргэжлийн хүмүүс тэр дундаа ШУТИС-ийн Уул уурхай, геологийн сургуулийн эрдэмтэн, профессорууд мэргэжлийн бус хүмүүсийн тэр бүр мэддэггүй зүйлийг асууж, сонирхох юм билээ. Нүүрс баяжуулах үйлдвэр тус бүр жилд таван сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий гурван модульд суурилсан аж. Ерөнхийдөө ижил хүчин чадалтай гурван үйлдвэрийг шат дараатайгаар ашиглалтад оруулна гэж ойлгож болно. Харин энэ удаа цагт 900 тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай нэгдүгээр үйлдвэрийг хэдхэн хоногийн өмнө ашиглалтад оруулсыгаа тус компанийнхан салбарын эрдэмтэн, судлаачдад танилцуулж байгаа нь энэ. Үйлдвэрийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сарын 12-нд эхлүүлжээ. Улмаар үйлдвэр ашиглалтад орсон цагаас одоог хүртэлх хугацаанд 20 мянга орчим тонн нүүрс угааж, баяжуулаад буй аж. Гэхдээ биднийг очсон өдөр засвар, үйлчилгээний ажлын өдөр нь таарсан. Тиймээс нүүрсийг хэрхэн баяжуулж, боловсруулж байгааг нь нүдээр харж чадаагүй юм. Ямартай ч үйлдвэр тус бүр жилд 6500 цаг ажиллаж, таван сая орчим тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гэнэ. Хэрвээ гурван үйлдвэр зэрэг ажиллавал жилдээ 15 сая орчим тонн нүүрсийг баяжуулж дэлхийн зах зээлд гаргах боломжтой гэсэн үг . “Энержи ресурс” компанийнхны хэлж буйгаар энэ цаг тийм ч хол биш аж. Хоёрдугаар үйлдвэрийн барилгын ажил л гэхэд одоо 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад орно. Харин гуравдугаар үйлдвэрийг ирэх оны эцэс гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн.
Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод удаагүй байгаа болохоор их хэмжээгээр нь нүүрс экспортолж эхлээгүй байгаа юм билээ. Гэхдээ бага хэмжээний коксжих нүүрсийг Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Герман руу зах зээлийн үнээр гаргасан байна. Тодруулбал, дээр дурьдсан улсуудад үйл ажиллагаа явуулж буй гангийн үйлдвэрүүд “Энержи ресурс” компанийн баяжуулсан нүүрсийг үйлдвэрийнхээ горим, технологид таарах эсэхийг шалгаж байгаа аж. Эхнээсээ “Сайн чанарын нүүрс байна” гэсэн хариултыг өгч эхэлсэн гэдгийг ч уурхайн ажилчид онцолсон юм.
Ухаа худаг уурхайн үйл ажиллагаатай танилцсан хүмүүс усыг хэрхэн ашиглаж, хэмнэж байгааг мэдэхийг хүсч байсан. Говийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд ус, усны эх үүсвэртэй болох асуудал чухал сэдвийн нэг байдаг. Бас дэлхийн төдийгүй, Монгол Улсын усны нөөц багасч байгаа энэ үед уул уурхайн компаниудын ус ашиглалт санаа зовоосон зүйлийн нэг болохоор тэр юм. Одоогийн байдлаар уг компани 12 эх үүсвэрээс тэжээгддэг Майга уулын усан сангаас усны хэрэгцээгээ хангаж байгаа аж. Хоёр усан сан нь тус бүр 28 мянган метр.куб усны багтаамжтай. Тус компанийнхан усны шинэ эх үүсвэр хайж байгаа гэдгийг хэлж байв. Баяжуулах үйлдвэр л гэхэд цагт 2700 метр.куб ус ашигладаг гэсэн. Гэхдээ баяжуулах үйлдвэр, цахилгаан станцад хэрэглэсэн усны 94-96 хувийг үйлдвэр дотроо буцааж ашигладаг аж. Удахгүй ашиглалтад орох 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц нь л гэхэд ижил төрлийн станцуудаас усны хэрэглээгээр хамаагүй бага гэнэ. Ерөнхийдөө Ухаа худаг уурхайг түшиглэн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд усыг хөргөх, бага зарцуулах, эргүүлж ашиглах технологийг ашиглаж байгаа ажээ.
"Улс төрийн тойм" сонин