Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд ч энэ үеэр түүнийг буруутгаж байсан. Ажиглагчид түүнийг ирэх 2012 оны сонгуульд өрсөлдөх нь байтугай нэр дэвшиж ч чадахгүй хэмээн таамаглаж байв. Харин тэрбээр энэхүү хүнд байдлаас гарч сонгуулийн сурталчилгаандаа анхаарал хандуулах болов. Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Европ тивээр айлчилж хэд хэдэн орны тэргүүнтэй санал бодлоо солилцсон билээ. Мөн “Их Найм”-ын уулзалтад оролцоод зарим асуудлыг тун хялбар шийдсэн. Харин өчигдрийн байдлаар Б.Обама Пуэрто Рико улсад айлчилж байгаа талаар CNN агентлаг мэдээллээ. Түүнийг 2012 оны сонгуулийн санал хураалтад нөлөөлөх орнуудаар айлчлал хийж байгаа хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Пуэрто Рико улсын Ерөнхийлөгч түүний төлөө саналаа өгөх эрхгүй ч АНУ-д оршин суугаа 5 сая гаруй пуэрто рикочууд Б.Обамад саналаа өгөх боломжтой талаар Пуэрто Рико улсын хэвлэлээр мэдээлэв.
Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 2-3 хүн нэр дэвших талаар CNN агентлаг онцолсон юм. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Б.Обамаг айлгадаг өрсөлдөгч нарын нэг болох “Дэлхийн брэнд” Дональд Трамп Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшихээ олон нийтэд зарласан юм. Түүнийг “Би нэр дэвшинэ” гэхэд АНУ-ын ард иргэд маш халуун дулаанаар хүлээн авсан. Тэрбээр “Би АНУ-ын иргэн бүрийг ажилтай, өндөр цалинтай, ирээдүйн хүчирхэг гүрнүүдээс хүчирхэг байлгахын төлөө боломжтой бүхнийг хийнэ” хэмээн амлаж байсан юм. Гэвч тэрбээр гэнэт нэрээ татаж “Би өрсөлдөх хэрэггүй гэдгээ ойлгосон. Магадгүй 2016 оны сонгууль минийх байх” гэсэн шийдвэр гаргаж олны сэтгэлийг нэг тийш болгосон.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүмүүсийн нэр урьдчилсан байдлаар гарсан талаар Ройтерс агентлаг бас онцоллоо. Эдгээр хүмүүсээс нэг юм уу, хоёр хүн шалгарч 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон юм.
Эмэгтэй нэр дэвшигч, Сара Палин нь 2008 онд Аляскийн Амбан захирагчаар Бүгд найрамдах намаас сонгогдож байсан билээ. Түүнийг сүүлийн 30 жилийн туршид тус намаас ийнхүү нэр дэвшиж байгаад намынхан нь сэтгэл хангалуун байгаа талаар Washington times сонин онцолсон аж.
Сунгаанд өрсөлдөгч Рик Санторум өмнө нь Пенсилван мужийн сенатаар ажиллаж байсан бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байна. Энэ эрхмийг хүмүүс төдийлөн мэддэггүй бөгөөд сонсож ч байгаагүй байх. Учир нь тэрбээр өмнө нь сонгуульд нэр дэвшихээр пиар хийж байгаагүй нэгэн аж. Зарим хүмүүс түүнийг “Ижил хүйстний эрхийг хамгаалдаг нэгэн” хэмээн үздэг нь нууц биш. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа түүний хувьд Сара Палины урд гишгэнэ гэдэг хэцүү асуудал болоод байгаа талаар Spreadingsantorum.com сайтад нийтэлжээ.
Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхийн төлөө нийт долоон гишүүн өрсөлдсөн талаар Christianpost.com сайт онцолжээ. Эдгээр гишүүдээс дурдвал, Минесота мужийн Конгрессийн гишүүн Мишель Бачман, бизнесмен Херман Кэйн, спикер асан Ньют Гингрич, Техас мужийн Конгрессийн гишүүн Рон Паул, Минесота мужийн Амбан захирагч асан Тим Павленти, Массачуссетс мужийн Амбан захирагч Митт Рүмней болон Пенсилван мужийн сенат асан Рик Санкторум нар юм. АНУ-ын ард түмэн “Эдийн засгийн шинэчлэл хийж, хүн нэг бүрийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадах эрх чөлөөт ардчилсан ерөнхийлөгч”-ийг хүсэж байгаа нь тодорхой юм. Энэ талаар Christianpost.com сайтын сэтгүүлч Р.Лэй Колеман онцолжээ.
Одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд АНУ-ын ард түмэнд саяхан том бэлэг барьсан. Тэр нь өнгөрсөн арван жилийн турш эрэн сурвалжилж байсан, дэлхийн зартай алан хядагч Осама Бин Ладеныг олж устгасан явдал юм. Одоогоор үүнээс өөр онцгойроод байх гавьяаг ноён Обама байгуулаагүй гэж дэлхий нийт үздэг нь ч нууц биш билээ.
"Улс төрийн тойм" сонин