МАХН-ын хувь заяа Дээд шүүхийн мэдэлд дахин очлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

МАХН-ын хувь заяа Дээд шүүхийн мэдэлд дахин очлоо

МАХН-ЫН ХУВЬ ЗАЯА ДЭЭД ШҮҮХИЙН МЭДЭЛД ДАХИН ОЧЛОО

Үндсэн хуулийн Цэцийн дунд сууд­лын хуралдаан өчигдөр болж, Улс төрийн намуудын тухай хуулийн за­рим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай олон сар үргэлжилсэн маргаанд ха­риулт өглөө. Өглөөний 9.30 ца­гаас эхэлж, үдийн 13 цаг хүртэл үргэл­жилсэн хуралдаанд Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээс гадна Улсын дээд шүүхийг төлөөлөн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Д.Дондог, Су.Батболд нар оролц­сон. Харин ажиглагчийн ху­виар Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын Түр штабын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог болон МАХН-ын төлөө­лөгчид, Амлалт нэхэх ард түм­ний холбооны тэргүүн Д.Батцогт нар оролц­сон юм. Бүтэн гурван цаг үр­гэлжилсэн хуралдаан 13 цагт зав­сарлаж, Үндсэн хуулийн Цэ­­­цийн гишүүд шийдвэрээ 15 цагт танилцуулав. Шийдвэр танил­цуулахад Н.Энхбаяраас бусад нь ирсэн байлаа. Үндсэн Хуулийн Цэцээс Улс төрийн намуудын тухай хуу­лийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний  нэрийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” хэмээн заа­сан нь Үндсэн хууль зөрчөөгүй бөгөөд бусдын эвлэлдэн нэгдэх эрх чө­лөөг  ч зөрчөөгүй гэж Цэц үзжээ. Цэцийн гишүүд  “Намын нэрийг өгнө, өгөхгүй гэх асуудлыг бид ший­дэхгүй. Улс төрийн намуудын тухай хуулийн дээрх заалт Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг л хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Харин улс тө­рийн намд нэр өгөх эсэх асуудлыг  Улсын дээд шүүх 15 хоногийн дотор шийдвэрлэж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой” хэмээсэн юм.  Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр ямар гарахаас үл шалтгаалан МАХН хэмээх товчлолыг авахаа мэдэгдэж байсан МАХН-ын удирдлагууд Үндсэн хуу­лийн Цэцийн шийдвэрийн талаар ямар байр суурьтай байгааг энэ үеэр сонирхсон юм.

Ц.Шинэбаяр: ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭНЭ

-“Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаачийнхаа үүргийг гүйцэтгэж “Улс төрийн намуудын тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт хийлээ. Харин цаашид хэрхэх асуудлыг Улсын дээд шүүх шийдэх ёстой. Ер нь анхнаасаа л Улсын дээд шүүх Монгол Улсын аливаа хуульд тайлбар хийх эрхээ эдлэлгүй Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тэгэхээр Улсын дээд шүүхийнхний шийдвэрийг харах л үлдлээ. Тэрбээр ийнхүү тогтуухан хариулт өгсөн бол МАХН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал түүнээс арай өөр бодолтой байлаа.


Н.Удвал: ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ, НЭРЭЭ АВНА

-Ажиглагчаар оролцоход Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр захиалгаар гарсан гэсэн дүгнэлтэд хүрлээ. Дээд шүүхийн төлөөлөгч Ц.Амарсайхан шүүгч шударга байсан. Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ашиг сонирхлын зөрчилтэй Ардын намын хоёр гишүүн ирж буй нь өөрсдийн захиалгыг биелүүлэх гэсэн байх гэсэн хардлагыг төрүүлж байна. Үнэхээр л УИХ-ыг төлөөлж байгаа юм бол Ардын намаас биш Ардчилсан нам ч юм уу бусад намын төлөөллүүд ирж болох байсан. Анхнаасаа Ардын намын эрх ашгийг хамгаалах захиалгатай шийдвэр гарлаа л гэж бодож байна. Тиймээс бид энэ бүх шийдвэрийг харгалзаж үзэхгүйгээр тэмцлийн хурц  хэлбэрт шилжиж, төрийн эрх мэдлийг авч, олигархи засаглалыг нураасныхаа дараа намынхаа нэрийг авах болно гэдгээ хэлмээр байна.

Су.Батболд: ЭНЭ БОЛ НАМЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ БИШ

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөө­лөгч Су.Батболд доорх хариултыг өглөө.

-Маргаантай гэж үзэж байсан асуудлаа Үндсэн хуулийн Цэцээр шийдүүлчихлээ. Харин Улсын дээд шүүх энэ шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд мөрдөх үү, үгүй юү гэдгээ шийдэх байх. Сая Үндсэн хуулийн Цэцээр шийдсэн асуудал бол намын бүртгэлтэй холбоотой асуудал биш. Улс төрийн намуудын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн заалтыг цаашид хэрхэх вэ гэдгийг л шийдэж байгаа юм. Тэрбээр ийм тайлбарыг өглөө. Үндсэн хуулийн Цэцээс шийдвэрээ танилцуулсны дараа байрных нь гадаа МАХН-ын гишүүд цаашид хэрхэх эсэхээ ярилцаж, “Цаг алдалгүй арга хэмжээ авах нь зөв” хэмээн Ц.Шинэбаяр дэмжигчидтэйгээ хөө­рөлдсөөр тар­сан юм. 

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж