Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны урд С.Эрдэнэ сайдын захиалгаар 10 давхар цахим архивын барилга, 14 давхар 60 айлын орон сууц шинээр ашиглалтад оржээ. Хоёр блокноос бүрдсэн тус барилгыг өнгөрсөн арван нэгдүгээр сарын сүүлээр улсын комисс хүлээж авчээ. Зоорьтойгоо нийлээд 11 давхар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны өргөтгөл барилгыг барихад улсын төсвөөс 3.3 тэрбум, нийгмийн даатгалын төсвөөс 3.3 тэрбум төгрөг гаргажээ. Харин нийгмийн хамгааллын салбарын ажилчдын 14 давхар 60 айлын орон сууцыг тус салбарт ажилладаг иргэн тус бүр “Капитал” банкнаас 50-60 сая төгрөгийн найман хувийн хүүтэй зээл авч, нийт дөрөв орчим тэрбум төгрөгөөр барьжээ. Гэтэл тус орон сууцад салбарын биш хүмүүс ч орсон гэж мэдээлэл байна. 2013 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд баригдсан тус барилгын гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” компани ажилласан байна. Гэхдээ С.Эрдэнэ сайдын захиалгын барилгыг баригдаж байх хугацаанд ямар үйл явц өрнөснийг энд эргэн сануулъя. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны долоодугаар сарын 19-ний өдөр 14 давхар 60 айлын орон сууц барилга дээрээс гурван хүн унаж, нас барсан билээ. Тухайн ослын газарт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, цагдаагийн байгууллага ажиллаж барилга барих ажиллагааг зогсоож байсан юм. Шалгалт хийсэн байцаагчдын дүгнэлтэд талийгаачид лифтний ажил гүйцэтгэхдээ хамгаалалтын хувцас хэрэглэлгүй, зориулалтын бус шат дээр ажилласан. Мөн барилгын нормыг зөрчиж, бороотой өдөр барилгын ажлыг явуулсан гэж бичигдсэн байх юм.
Тухайн үед ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэж цагдаагийн байгууллага “Нийслэл өргөө” компанийн удирдлагад эрүү үүсгэжээ. Гэхдээ тус хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, өршөөгдсөн гэж эх сурвалж мэдээллээ. Өөр нэг эх сурвалж анх 10 давхар цахим архивын барилга барина гэж зөвшөөрлөө авсан “Нийслэл өргөө” компани барилгын зөвшөөрлөө өөрчилж, хоёр блок барилга барьсан тухай дурдлаа. Мөн 2014 оны наймдугаар сард НМХГ-ын дэд дарга асан М.Баасандорж “Хүний амь эрсэдсэн зөрчилтэй байхад тендерт шалгаруулсан зэрэг олон асуудал тус барилгад сөхөгдсөн. Хэрэгт холбоотой хүмүүсийг АТГ-т шалгуулахаар хандлаа” гэж мэдэгдлээ хэмээн цахим сайтууд нийтэлж байсан удаатай. Тэгвэл хоёр жилийн хугацаанд барилгын ажлыг хөндлөнгөөс хянасан улсын байцаагч Ц.Цэнгэл “Анхнаасаа барилга зөвшөөрлийн дагуу а, б блок бүхий 10, 14 давхар барилгын цутгалтыг хийж байсан. Тухайн үед бичиг баримтын жижиг, сажиг зөрчил гарсан” хэмээн тайлбарлалаа.
Дээрх баригдсан хоёр барилгын газарт өмнө нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын авто машины гарааш байжээ. Төрийн өмчийн хорооноос Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа тус авто гарааш шаардлага хангахгүй учир шинэчил. Ингэхдээ зориулалтыг нь алдагдуулахгүй байх ёстой гэсэн шаардлагыг ХАХНХЯ-д хүргүүлсэн байна. Энэ хүрээнд тус яам холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар барилгын зураг төсвөө батлуулж, Барилгын хөгжлийн төвөөр хянуулжээ. Өөрөөр хэлбэл, зарим эх сурвалжийн зөвшөөрлийн зөрчилтэй гэх мэдээллийг үгүйсгэсэн тайлбарыг холбогдох мэргэжилтнүүд өглөө.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 78 төрийн албан хаагч суух цахим архивын барилга, нийгмийн хамгааллын салбарын 60 ажилтан амьдрах барилгуудын бичиг баримт бүрэн учир улсын комисс хүлээн авсан. Өмнө барилга дээр осол гарч, хүний амь үрэгдсэн эсэхийг бид мэдэхгүй гэж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн Д.Жүрмэддорж ярилаа.
Ямартай ч хоёр жил дуншсан цахим архивын барилга ашиглалтад орж, иргэд өөрт хэрэгтээ архивын мэдээллээ төвлөрсөн нэг цэгээс авахаар боллоо. Нийгмийн хамгааллын салбарын архивын цаасан бичиг баримтын хэмжээг нэг зил 130 машинтай дүйцэхүйц гэж салбарынхан нь тодорхойлж байна. Удахгүй тус цаасан баримтуудаа цахим болгох аж. Татвар төлөгчдийн хөрөнгөөс 6.6 тэрбум төгрөгийг гарган боссон, дэвшилтэд үйлчилгээ дотор нь явагдах цахим архивын барилгыг бид энд шүүмжлэх гэсэнгүй. Хэдийгээр тус салбарынхан өөрсдөө мөнгөө гаргаад барьсан гэж мэдэгдсэн ч, улсын өмчийн газар дээр мөнгө эргэлдүүлэх боломжийг С.Эрдэнэ сайд арай ашигласан юм биш биз…
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД