“Анод”-ын хэргийн хяналтын прокурорыг сольжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Анод”-ын хэргийн хяналтын прокурорыг сольжээ

"АНОД"-ЫН ХЭРГИЙГ СУНЖРУУЛАХЫН ТУЛД ХЯНАЛТЫН
ПРОКУРОРЫГ СОЛЬЖЭЭ

Бухимдлын
голомт бол­сон “Анод” банкны хэрэг сунжирсаар. Олон нийтийн цө­хөрлийг
барж буй энэ асуудлыг хөндөхийн өмнө тайвшруулах тун маягаар нэгэн
онигоог сануулъя. Банкны захирлын хүү ааваасаа” Та хүний мөнгийг аваад
жаахан нэмээд буцаагаад өгчихдөг байж яагаад ийм их мөнгө олдог юм бэ”
гэж асуужээ. Аав нь хариулж байна. “Хүү минь, хөргөгчинд байгаа гахайн
өөхийг аваад ир” гэв. Аваад ирэхээр нь “За одоо буцаагаад хийчих. Гар
чинь тос болсон байгаа биз. Аав нь ингэж л ашигладаг” гэжээ. Харин одоо
банкныхан алгаа тослох зэргийн багахан ашигт цадахаа байсан. Тэгэхээр
дээрх “хуучирсан” банкир бай­сан бололтой.

“Анод банкны хэрэг
шув­тарч байна”, “Хэргийг про­курорт шилжүүллээ” гэсэн мэ­дээллүүд
өнгөрсөн сарын сүүлчээс дуулдаж эхэлсэн. “Ашгүй дээ” гэж хэлж ам­жаагүй
байтал уг хэргийг хянаж байсан Нийслэлийн про­курорын газрын хяналтын
про­курор Ч.Батзориг өөрийн хү­сэлтээр ажлаасаа гарсан байх юм. Ноцтой
асуудал байгаа биз. Энэ хэрэгт холбогдсон “Анод” банкны гүйцэтгэх
захи­рал асан Л.Уламбаяр батлан даалтад байгаа.

ТУЗ-ийн дарга
Н.Энхтөр болон ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг Эх үрсийн
баярын өдрөөр гэрт нь амрааж, “хүндэтгэл үзүүлсэн”. Харин одоо 20 гаруй
холбогдогчтой, 20 мянга гаруй хуудастай, 120 /заримдаа 150 гэдэг/
хавтаст хэргийг дахин уншиж судлах болж байна.

Энэ нь хэргийг
сунжруулж цаг хожих гэ­сэн арга заль биш гэж үү. Нөгөөтэйгүүр ажлаас
чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Ч.Батзориг прокурорт юу тохиолдсон, ямар
дарамт шахалт үзүүлсний улмаас ийм шийдвэр гаргах болов. Одоо уг хэргийг
хянахаар болсон О.Мөнхбаатар, Х.Нямтайван нарт тийм “бэрхшээл” учрахгүй
гэх баталгаа хаана байна гэхчлэн олон асуулт хариу нэхэж үлдэв.

Бидэнд
буй хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн тавдугаар сарын 24-нд “Анод”
банкны хэрэг Нийслэлийн прокурорт шилжсэн. Тэр үед хохирогчид “Өмнө нь
хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан, энэ хэргийг одоо л шалгаж
дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр боллоо” гэцгээж байсан. Гэтэл хаанаас
ч юм бэ, “Анод”-ын захирлуудыг аврагч гарч ирээд гар сунган туслах нь
энэ. Иргэний хөдөлгөөний намын дарга Н.Даваа ямар ч “хүнд нөхцөлд”
хэвлэлийнхэнд нээлттэй байж чаддаг шигээ хэчнээн хоригдож цагдуулсан ч
улстөрчидтэй холбоо таслаагүй байж гэж үүнийг хардаж ч болох юм. Нэгэнт
улстөрчидтэй бизнесийн болон гэмт хэргийн холбоотой болох нь тодорхой
байгаа энэ нөхөр яллагдах дээрээ тулбал ганцаараа явахгүй нь ойлгомжтой.
Түүнд “чирэгдэх” учиртай хүмүүсийн зарим нь парламентын өнгөрсөн
сонгуулийн үеэр “Анод” банкны тамгатай багц мөнгийг ажлын хөлсөнд өгч
байсныг гэрчлэх хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Бодвол хуулийнхан энэ
талаар хангалттай шалгасан биз. 

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн
148 дугаар зүйлийн 148.4 буюу “Ард иргэдэд хувьцаагаа борлуулж мөнгө
залилан авч хувьдаа ашигласан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150
дугаар зүйлийн 150.3 буюу “Банкны эд хөрөнгийг завшсан”, Эрүүгийн
хуулийн Тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 буюу “Банкны хууль
тогтоомжийг зөрчсөн” гэсэн гурван зүйл ангиар хэрэг үүсгэсэн нь ч үүнтэй
холбоотой. Монголд тийм их хэмжээний мөнгийг асар богино хугацаанд
шингээчихээр объект гэвэл улс төр л байна. Тэр тусмаа 2008 оны
дөрөвдүгээр сард хувь нийлүүлэгчдийн хурал зарлаж, зургаан тэрбум
төгрөгийн ашиг хуваарилж байсан “Анод” банк УИХ-ын 2008 оны сонгууль
дууссаны дараахан “дампуурч” эхэлсэн шүү дээ. Сэтгүүлчид эхлээд хардаж,
улмаар баримтаар нотлон бичиж, лавлан асууж тойглосоор зөндөө ад
үзэгдсэн. Сүүлдээ байдал жаахан эвгүй байгаа сураг дуулдаж, эцэстээ
хэрэг прокурорт шилжчихээд байгаа нь энэ.

Энэ хугацаанд
арилжааны банкуудад хяналт тавих гол үүрэг хүлээсэн Монголбанк огт
мэдээгүй юү гэвэл тийм биш. Холбогдох байгууллагаас ч, хохирохоо
мэдэрсэн харилцагчдаас ч мэдээлэл орж ирсээр байсан. Гэмт хэрэгтнүүдийн
арга нарийсч, банкны захирлууд хүртэл программист болчихсон болохоор
баригдахгүй байж л дээ. Банкны луйврыг яаж барьж болдог вэ, тэр бүх
аргаар шалгаад баригдахгүй болохоор нь хэд хэдэн аргыг давхцуулан
хэрэглэж, “хайчинд оруулан” илрүүлснийг Монголбанкны тухайн үеийн
удирдлагууд, хяналт шалгалтынхны ур чадварынх байсан гэдгийг мэргэжлийн
хүмүүс нотлон хэлдэг. Харин баримтаар нотолчихсон гэм зэмийг шалгах,
хэргийг хүлээлгэх ажил хоёр жил гаруй үргэлжиллээ.

Хэргийг
шалгах явцад гадны хөрөнгө оруулалт, бэлэглэсэн мөнгө зэрэг сэжиг бүхий
их хэмжээний мөнгөний асуудал олонтаа гарч ирсэн байдаг. Өөр хаанаас ч
биш, зөвхөн БНСУ-аас янз бүрийн сувгаар “Анод” руу асгаж байсан их
мөнгөний цутгалан мөн л тус улсын зүг жим гаргадаг улстөрчидтэй ямар нэг
хэмжээгээр холбогдож таардаг юм.

Бас нэг сонирхолтой өнцөг буй.
Юу гэвэл банкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “Анод”-ын яг “Зоос”-ыг
аварсан шиг аварч болох байсан. Гэтэл шийдвэр гаргах түвшнийхэн
хүсээгүй. Өөрөөр хэлбэл тэд “Анод”-ыг цааш нь харуулах сонирхолтой
байжээ. Ер нь аль ч оронд, ямар ч нөхцөлд “Анод” шиг байдалд орсон
банкны зээлийг сайн, муугаар нь ялган хүнд байдлаас татан гаргадаг арга
бий. “Анод”-ын талаар ч ийм яриа хөөрөөг тухайн үед өрнүүлж байсан юм
билээ. Банкныхан “Ийм шийдвэр гаргаж өгөөч. Энэ банкийг аврах
боломжтой.  Бид тодорхой хугацааны дотор байдлыг сайжруулж чадна” гэхэд
нь шийдвэр гаргах түвшний нэгэн эрхэм “Тэгье” гэчихээд хуурчихсан аж.
Ингээд “Анод”-ыг түлхчихээд байж байтал “Зоос”-ын байдал муудсан.

Бүрэн
эрхийн хугацаандаа хоёрын хоёр банкийг “чадхийлгэх” нь арай дэндсэн
хэрэг болно гэж үзээд “Зоос”-ыг гялс манас аварсан. Төр яаж аврах аргаа ч
сайн мэддэг юм билээ. Хурдан шуурхай ажилласан ч гэж жигтэйхэн.
Тэгэхээр “Анод”-ыг аврахыг хүсээгүй байгаа биз дээ. Харин одоо “Төрийн
банк”-ийг хувьчлах гэж байна. Хувьчлалд шударгаар оролцох гэсэн
“жараахай” банкируудыг бол “Горьд, цаашаа бай” л гэсэн аж. Аль улсаас,
ямар хэмжээний, хэчнээн цэвэр эх үүсвэртэй байлаа ч улс төрийн нөлөөлөл,
“татах хүч”-гүй бол танай хувьчлалд оролцоно гэж байхгүй юм байна гэх
гадны сонирхогчид цөөнгүй байна.

Ямартай ч “Анод”-ын
захир­луудтай хөтлөлцөөд шоронд орохыг хүсээгүй эрх мэдэлтнүүд хөдөлж
эхэлжээ. Хуулийнханд нөлөөллөө, хэрэгтнүүдэд ивээлээ үзүүлж буй тэдний
төлөвлөснөөр “Анод”-ын хэрэг шийдвэрлэгдэхгүй сунжирсаар ирэх
сонгуультай золгох учиртай. Түүний дараа “Анод”-ын тухай яриа ерээд оны
дунд үед “оршуулсан” долоо, найман банкны араас орж, хэрэг замхарна гэж
үзэж буй бололтой.

Магадгүй О.Мөнхбаатар, Х.Ням­тайван нар
Ч.Батзориг прокурорын нэгэн адил ажлаа өгөхөд хүрч, дараагийн хүмүүс
хэргийг хянаж эхлэх ч юм билүү. Ийм маягаар банк дампууруулсан хэрэгт
хандах нь хохирогчдыг цөхрөөх, олон нийтийг залхаах нь дамжиггүй. Харин
тэр хооронд гэмтнүүдийг аль нэг баяраар гэрт нь “амрааж”, завтай үедээ
улс төрийн сэдэвтэй хэвлэлийн бага хурал зарлан, PR-аа хийх боломж олгож
харж үздэг болжээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж