Эс сонголт нь өөрөө сонголт мөн

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Эс сонголт нь өөрөө сонголт мөн

NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.


АГУУЛГА: (Хүлцэн тэвчихүй: үл түрэмгийлэх аксиом. “Иргэний дуулгаваргүй байдал”. Сонгууль: Эс сонголт гэдэг бол сонголт мөн; Сонголтын зарчмууд; Сонгууль ба болзолт рефлекс; Сонгууль ба горьдлого тээгсэд; “Намайг ингээд явж буйд та нар баярлах ёстой!”)


ЯРИАНЫ СЭДЭВ:

Х.Х маань утасдаж байна. Нэлээн удаан хугацаагаар гадагш явах болсон юм байх, тэгээд явахаасаа өмнө жаал сууж, “улс төр болон либертари үзлийн тухай яриагаа дуусгая”, бас “УИХ-ын дараагийн сонгуулийн компани далдуур хэдийнээ эхэлчихсэн байна. Тэгэхээр сонгуулийн талаарх либертари үндэслэлүүдийг сонсмоор байна, манайд хүрээд ирэх үү” гэснээр бидний яриа тэднийд үргэлжилсэн юм.   


Х.Х: Бид хоёр, АН-ын зарим улс төрчид либертари үзлийг улс төрдөө их ашигладаг тухай ярьж байсан даа. Тэгэж л байна биз. Тэднийг “төвөг цаашаа” гээд орхичхож болдоггүй юм уу? Либертари үзэлтнүүд бусдын үзэл бодолд хүлцэн тэвчихүйн үүднээс ханддаг гээ биз дээ?

Б.Б: Тийм ээ, либертари үзлийн нэг үндсэн зарчим бол хүлцэн тэвчихүй мөн. Бид өөрсдөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй коммунистууд болон фашистуудаас эрс ялгаатай хүмүүс.

Х.Х: Тэгээд, тэр чинь яасан бэ?

Б.Б: “Хүлцэн тэвчихүй гэдэг бол хүлцэнгүй байдал биш”. Энэ хоёр өөр ойлголт. Либертари үзэлтнүүд бүх зүйлийг хүлцэн тэвчинэ. Ганцхан зүйлийг, либертари үзлийг өөрийнх нь эсрэг ашиглахыг тэвчихгүй. Улс төрчдийн нүүр царайг илчилсэн энэ үзлийг улс төрдөө ашиглах гэсэн оролдлогыг тэвчихгүй.

 Бид хувьсгалчид биш л дээ, гэхдээ ийм тохиолдолд радикал байр суурь баримтлахаас өөр аргагүй. Хүн өөрийн үзэл бодолтой байж болно. Үүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө. Харин либертари үзлийг өөрийнх нь эсрэг ашиглаад байх юм бол түүний эсрэг үзэг барихаас өөр аргагүй. Бусад зүйл дээр болтөөргөөрөө болог” гээд орхино.

Ер нь, Монголынх шиг ийм нөхцөл байдалд тэмцэл хэрэгтэй. Гэхдээ хүчирхийлэлт тэмцэл биш. Бойкот маягийн тэмцэл. Бид Лев Толстой, Махатма Ганди, Мартин Лютэр Кингийн хүч үл хэрэглэх “иргэний дуулгаваргүй байдлыг” хамгийн үр дүнтэй тэмцэл гэж үзэж байна.  


Эдгээр хүмүүсийн онол болоод практикийн хувьд үндэслэсэн “иргэний дуулгаваргүй байдал”, хүч үл хэрэглэх тэмцэл нь хамгийн хүнд, тэвчээр шаардсан тэмцлийн хэлбэр байдаг бөгөөд либертариуд аливаа төрлийн хүчирхийллээс татгалздаг тул тэмцлийн иймэрхүү хэлбэрт анхаарал хандуулдаг.


Х.Х: Үнэхээр, та нарын зөв юм бол жаахан “хүчтэйхэн сурталчилж, шахахад” болохгүй юү?

Б.Б: Өөрийн үзэл бодлыг бусдад тулгадаг хүн хэзээ ч либертари үзэлтэй байж чаддаггүй. Хэчнээн, чиний зөв байсан ч нөгөө хүн чинь ойлгохгүй зөрүүдлээд, буруу ишилсэн сүх шиг байх юм бол зөнд нь хаяхаас өөр аргагүй. Зүүн хойшоо харсан нүх шиг хүмүүст юу ч хэлээд нэмэргүй, тэр нүхэнд нар хэзээ ч тусахгүй гээд байгаа шүү дээ.

Х.Х: Тэгээд яах вэ, тэр байдалд нь орхих уу?

Б.Б: Одоо яалтай билээ, албадаж болохгүй, ятгах буруу, хэт их ятгах нь тэр хүний тойрог уруу орж буй хүчирхийллийн зөөлөн хэлбэр шүү дээ. Тэгэхээр оросуудын хэлдгээр “довести до абсурда” буюу өөрөөр нь “утгагүйд нь тултал явуулахаас” өөр замгүй.

Х.Х: Энэ ч, ерөнхийдөө та нарын яриад байдаг зарчим байна л даа. Хүчирхийлж болохгүй, албаар итгүүлж болохгүй, бас нөгөө хүн маань өөрөө, өөрийнхөө толгойг мэднэ. Тэгэхээр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээх юм чинь гэж үү?

Б.Б: Яг тийм. Хувь хүн, нийгмийн бүлгүүд бие биеэ хүлцэн тэвчиж байх ёстой. Өөрөөсөө өөр санаа бодол, хүсэл эрмэлзэлтэй байхыг хүлээн зөвшөөрөх нь иргэдийн үүрэг мөн. Энэ нь өөрийгөө бусдын дээр тавиагүйн илрэл болно. Хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдын тийм эрхийг зөрчих ёсгүй. Эндээс эс түрэмгийлэх аксиом гарч ирдэг.

Уг нь төр ч хүлцэн тэвчихүйн зарчим дээр ажиллах ёстой. Хүлцэн тэвчихүй, эс түрэмгийлэх аксиом хоёр салшгүй холбоотой.

Х.Х: Нам хавиар эргэлддэг хүмүүсийн яриагаар сонгуулийн компанит ажил хэдийнээ эхэлчихсэн гэж байна шүү. Ер нь эздэд үйлчилдэг телевиз болон захиалгат өгүүлэл эрээчигчдийн нийтлэлээс мэдрэгдээд эхэллээ. Тэгэхээр либертари үзлээр сонгууль гэж юу болох талаар ярих уу.

Б.Б: Тэгье.

Х.Х: Сонгууль гэж юу юм бэ?

Б.Б: Зарим хүн сонгуулийг төрийн дарамтыг эсэргүүцэх арга гэж бодоод “ард түмний боловсон бослого” гэдэг. Үнэндээ, сонгууль бол төр гэдэг хүчирхийллийн аппаратыг бий болгох анхны алхам, нэг төрийг нөгөө төрөөр солих арга. Иймд бид сонгуульд оролцохыг тийм сайхан зүйл гэж боддоггүй.

Х.Х: “Та сонгуульд оролцоогүйгээрээ эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй, эсрэг саналтай хүнд бололцоо олгож, өөрөө л хохирно” гэсэн ятгалгыг сонссон л байлгүй.

Б.Б: Гэнэн иргэдэд ярьдаг ийм зүйлээ бидэнд ярьж, хөх инээд битгий хүргээсэй. Сонгуульд оролцох явдал бол аль ч утгаараа төрийг босгох үйл ажиллагаа гэдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ.  

Одоо сонгох эрхийг үүрэг болгон тайлбарлах хандлага их байна. Гэтэл сонгуульд оролцох уу, үгүй юү гэдэг бол тухайн хүний хэрэг. Энэ нь хүний эрхийн асуудал. Нэр дэвшигчдээс таалагдах хүн байхгүй, намуудын сонгуулийн хөтөлбөр буруу гэж үзсэн тохиолдолд сонгуульд эс оролцох нь хамгийн сайн сонголт болно.


Монголын ахмад насны сонгогчид сонгуульд оролцохын тулд ихээхэн гоёж гооддог нь тун өвөрмөц шалтгаантай: анх 1945 онд Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулах анхны сонгуультай холбоотой юм.


Х.Х: Герман, Америк зэрэг хөгжилтэй орны сонгуулийн мэдээг сонсож байхад 50-60%-тай оролцох явдлыг хэвийн үзэгдэл гэж үздэг юм билээ.

Б.Б: Миний ажигласнаар, дэлхийн хөгжилтэй орнууд дахь сонгуульд оролцдоггүй 40-50%-ийнхан бол хамгийн бие даасан иргэд байдаг (мэдээж, сонгуульд оролцоогүй хүн бүр бие даасан иргэн биш л дээ). Ерөнхийдөө, максимаксын зарчмыг баримтлагсад. Хөгжингүй орнуудад сонгууль гэдэг үзэгдлийн талаар тааруухан сэтгэгдэлтэй, үр ашиггүй зүйл гэж үздэг хүнийг албадаж чаддаггүй. Энэ 40-50%-д хамаарагдаж буй иргэдийн хувьд залхуу, идэвхгүй гэсэн хялбарчилсан тайлбар даанч таарахгүй. Тэд төртэй ч, төргүй ч амьдарч чадна гэдгээ мэддэг хүмүүс. Тэдний хувьд төр бол хааяа ирж хуулиар далайлгаж байгаад олсон орлогоос нь цөлмөчихдөг  дээрэм хийгчээс ялгаагүй зүйл.

Х.Х: Максимаксын зарчим гэж юу билээ?

Б.Б: Ухаалаг сонголтын талаар янз бүрийн онол байдаг юм. Сонгогч-бид хүлээж буй үр дүнгээ ихэсгэхийн тулд аль болох өндөр дунджийг эрэлхийлдэг зарчим бол максимайз (maximize). Харин муу үр дүнгээс аль болох зайлсхийх зарчим бол максимин (maximin). Хамгийн сайн үр дүн хүлээдэг максимаксын (maximax) зарчмыг баримталбал алиныг ч сонгохгүй байх нь дээр. Жан Поль Сартрынхаар Сонгуульд оролцохгүй байх шийдвэр бол өөрөө сонголт мөн.

Х.Х: “Сонгох эрхээ эдлэх ёстой”, “Иргэний үүргээ биелүүлэх ёстой” энэ тэр гээд байдаг нь өөртөө эсвэл өөрийн хүнд санал өгүүлэх гэсэн хүний үг байх нь ээ? 

Б.Б: Тийм. Тэгэхээр, ингэж ухуулаад байгаа хүнд “Би сонгуульд оролцоно, гэхдээ танай нэр дэвшигчийн эсрэг хүнд саналаа өгнө” гэж хэлээд үзээрэй. Царай нь яаж хувирах бол доо. Үнэндээ, цаадуул чинь сонгуульд оролцохыг биш, өөрийн намын хүнд л санал өгүүлэхийг хүсээд байгаа юм.

Х.Х: Ямар хүмүүс сонгуульд оролцохыг хамгийн их хүсдэг вэ?

Б.Б: Өөрийнх нь амьдрал төрөөс хамааралтай, төр сайн бол бид сайхан амьдарна хэмээн боддог хүмүүс л сонгуулийн байр уруу явахдаа сүм уруу очиж байгаа сүсэгтний психологитой байдаг. Сүмд очиж хувь заяагаа бурханд даатгачхаад хэсэг зуур сэтгэл нь сэргэдэг шиг нэр дэвшигчийн төлөө саналаа өгчихсөнийхөө дараа тэр хүн нь гарч ирээд амьдралыг нь дээшлүүлчих юм шиг боддог. Ингэж л галлюцинацид орохыг (өөрийгөө хуурахыг) хүсэж байдаг. Амьдрал дорой хүмүүс өөрсдийгөө хуурах дуртай байдаг шүү дээ. Улс төрчдийн хуурч байгааг тааварлаж байдаг ч сэтгэлийн гүн дэх итгэл найдвараа алдахгүйн тулд хуурагдахыг хүсэж байдаг. Ямар ч байсан итгэл найдвар гэж нэг юм хэрэгтэй шүү дээ. Тэдний сайхан зүүднээс сэрээж, урмыг нь хугалсан хүнтэй дайсагналцахад бэлэн байдаг психологийг ойлгож болмоор ч юм шиг. Гэхдээ байдал яг эсрэгээрээ байдаг гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.

Х.Х: Чи сонгуулийг “горьдогсдын нүүр царайг харуулсан үзэгдэл” гэсэн байсан. Бүр ангилж, бүлэглэж байгаад бичсэн санагдаж байна.

Б.Б: Тийм л байгаа юм даа. Хамгийн том горьдогсод хэн бэ гэвэл мэдээж, УИХ-ын гишүүн болохыг горьдогсод. Тэд Монгол дахь хамгийн өндөр цалин хангамжтай атлаа огт юм хийдэггүй, бас хариуцлага гэдэг юмнаас ангид байгууллагад орж аваад, зүгээр сууж байхыг горьддог. Ард түмний мөнгөөр гадаад дотоодод аялж, хийсэн юмгүй, эсвэл хийх ёстой ажлаа хийсэн байж, нэмээд хэдэн арван саяар нь хармаалж суухыг горьдогсод. Өөр бусад юм ч горилно: албан тушаалын наймаа хийж, хээл хахууль авах; сайдын суудалд очихыг бас горьддог. Эдний дунд буй хамгийн олиггүй зүйл горилогсод бол “УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал” гэдэг завхарсан хуулиар далимдуулан, сэжиглэгдэж буй гэмт хэргээсээ мултрах, хуулиас дээр оршихыг горьдогчид юм.

Сонгуулийн компанийн үеэр эднийг даган давхигч, нам гэж намирсан улаан, цэнхэр, ногоон “тугнууд” байна. Гэр орондоо амар тайван сууж,  ажил төрлөө хийж байхын оронд урд хойно нь гүйж, ухуулга сурталчилгаа гэж навсганаж байгаад нэг хурган даргын албан тушаалд очихыг горьдогсод.

Бизнесмэнүүд гэж бөөн горьдогсод байна. Аль нэг нам, улс төрийн хүчинд тал засаж, баахан мөнгө хаясан хүмүүс. Тэгээд нөгөөдөхөө гараад ирвэл төрийн протекционизмд (ивээлд) орж авахыг,  бас тухайн улс төрч болон улс төрийн хүчнээр дамжуулан, хамгийн ашигтай тендер, төсөл олж авахыг горьдоно. Зарим авхаалжтай бизнесмэнүүд бүр олон нам, хөдөлгөөн, нэр дэвшигчид зэрэг, зэрэг мөнгө хаяж горьддог.

Сонгогчид ч бас горьдогсод. Европчууд болоод америкчуудын тал хувь яагаад сонгуульд оролцдоггүй юм бэ гэвэл тэд хэзээ ч, хэнээс ч юм горьдоггүй бөгөөд сонгуулиас нэг их юм хүлээгээд байдаггүй юм билээ. Бид болохоор төрд сайн сайхан хүмүүс гараад, амьдралыг маань дээшлүүлчихнэ гэж горьдоод байгаа юм. Маш том эндүүрэл.

Бид өөрсдөдөө л итгэх ёстой, улс төрчид хэчнээн сайн сайхан ярьж байна, төдий чинээ худал. Ямар ч сайн сайхан үг ярьсан улс төрчдөд бүү итгэ. Өөртөө л итгэ. Өөрөөсөө болоод алдсан ч яадаг юм. Ямар улс төрчид шиг худлаа хэлж, алдаа гаргаад тэр нь олон түмний нуруун дээр бөөн дарамт болж буух юм биш.  Миний алдаа надад л хор хохирол учруулна, өөр хэнд ч биш.

Х.Х: Сонгуульд дандаа хувийн амьдралаа дээшлүүлчихье гэсэн хүмүүс оролцдог гэж үү? Эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэе гэсэн сэдэлтэй хүн нэг ч байдаггүй юм уу?

Б.Б: Зарим улс төрчдөд эх орноо хөгжүүлье, сэргээе, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулъя, би үүнийг хийж чадна гэсэн бодол агуулагддаг байж болно. Тэр ч бүү хэл, ямар ч үед шулуун шударга байж, зөвхөн ард түмнийхээ төлөө ажиллана гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ ч хэлдэг, зарладаг, тунхагладаг. Бид ч сонсохоороо болсон. Харамсалтай нь, энэ бүхэн үйл хэрэг биш, улс төрчдийн бодол санаа эсвэл үг яриа төдий үлддэг.

Тэд өөрийн эрхгүй “энхрий хайрт намаа”, насан турш нөхөрлөсөн найз нөхдөө, төрүүлж өсгөсөн эцэг эхээ, хадмын талынхаа ядарсныг бодохоос өөр аргагүй байдалд ордгийг ойлгож байна (эрхэм гишүүдийг аль болох, сайн сайхнаар бодох гэж оролдож байна шүү дээ). Гэвч, ийм учраас нөгөө сайхан бодол санаа, үг хэл хэзээ ч үйл хэрэг болдоггүй болохоор л “ганцхан үйл хэрэгт итгэ” гээд байгаа юм л даа.

Х.Х: Манайхан ч сонгууль гэхээр баяр ёслолд очиж байгаа юм шиг гоёж гоодон, өглөө эрт босоод сонгуулийн байр уруу очдог заншилтай даа. Ялангуяа, бидний үеийнхэн.

Б.Б: Яагаад гоёж гооддог, яагаад заавал оролцох ёстой учрыг чи мэднэ дээ. Сонгуульд оролцохгүй бол хэрэгт ордог байлаа шүү дээ. Тэгсээр байгаад бүгд Гулибэлийн аялал номд гардаг Саймон шиг сонгогч болчихсон юм. Коммунизмын үеийн дайчилгааны сонгуулийн психологид эзэмдүүлчихсэн! Сонгууль гэсэн “гэрэл асахаар сонгуулийн байр уруу гүйлддэг” болзолт рефлексдээ удирдуулсан Павловын ноход шиг болчихсон хэрэг.


“Энэ номын 26-р бүлэгт Саймон хэмээх сонгогчоор манайх шиг улс оронд байдаг сонгогчдыг харуулсан байдаг”

 

Гулибэлийн аялсан түүх номыг зохиогч, АНУ-ын Хавайн Их сургуулийн профессор, либертари үзэлтэн Кэн Скүланд. Тэрээр 2015 оны VIII сард Монголд ирж өөрийн номны 2 дахь удаагийн монгол хэвлэлийн нээлт болон либертари сургалтад оролцжээ


Х.Х: Нээрэн ч, сонгуульд оролцсоны хэрэг гардаггүй л дээ. Гаргасан хүмүүсийнхээ байгаа царайг харахад.

Б.Б: Үнэндээ, санал өгөхийг гуйж байгаа тэр хүн бол танаас ажил гуйж байгаа л хүн. Та сонгуульд оролцож, тэр хүнийг ажилд авсан бол цалинжуулах ёстой. Энд, түүний төлөө саналаа өгсөн үү, үгүй юү гэдэг огт хамаагүй. Нэгэнт сонгуульд оролцсон бол ялсан нэр дэвшигчид зөвшөөрлөө дуугүй (tacit consent-оо) өгчихжээ. Ө.х, сонгуулийн үр дүн таны хүссэнээр эсвэл эс хүссэнээр гарсан ч түүнийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн хэрэг. Одоо тэр хүнээ цалинжуулахаас өөр аргагүй. Цалин мөнгийг нь төдийгүй гэр бүлийнх нь эмчилгээний зардал, даатгал, байр орон сууц, харуул хамгаалалт, машин болон утасны тооцоо, гадаад томилолт нэртэй аялал-жуулчлал, элдэв төрлийн хүлээн авалт, найр наадмынх нь зардлыг даана. Гэхдээ, та энэ мөнгийг хармаанаасаа шууд гаргадаггүй учраас түүнийг цалинжуулж байгаагаа мэддэггүй. Та ашиг, нэмүү өртөг, орлого, үл хөдлөх хөрөнгө, машины татвар төлснөөрөө төрд гаргасан хүнийхээ тансаг хэрэглээний зардлыг дааж байна. Гэтэл, энэ олон татвар зөвхөн ил харагдаж байгаа нь шүү. Эдгээрээс гадна танаас мөнгө салгах өөр олон арга бий. Худалдан авч буй талх, мах, гуриланд чинь шингэсэн нуугдмал татвараас улс төрчид өөрсдийн мөнгийг гаргаж авна. Түүгээр үл барам, элдэв төрлийн журамлалт, зөвшөөрлийг далимдуулж хээл хахууль нэхнэ.

Тэгэхээр, шулуухан хэлэхэд, санал өгөхийг гуйж буй хүн бол “би таны мөнгөөр танаас илүү хангамжтай амьдралд очъё” гэж хэлж байгаагаас өөрцгүй хүн. Сайн улс төрч гэдэг бол хүний мөнгөөр, хэнээс ч илүү амьдрахаа зөвшөөрүүлж чаддаг хүн гэсэн үг. Ингэхээр, бид сонгуульд саналаа өгснөөр өөрсдийнхөө мөнгийг үрэн, таран хийх хүнийг гаргаж ирж байгаа хэрэг болж байна.

Х.Х: Энэ намуудын нэр дэвшигчид сонгуулийн үеэр мөн ч, залхаадаг шүү, тийм ээ?

Б.Б: Өдөр шөнөгүй хаалга хонхдоод, царай алдаад зогсчихно, санал гуйж байх үедээ намайг тэнгэрт тултал магтан, ухаантайг минь гайхаж, өгөөмөр сэтгэлийг минь шагшаад байсан хүн сонгууль өнгөрөнгүүт хачин ихэмсэг болчихдог биз дээ. “Намайг та нар хүндэлж, надад мэхийн ёсолж бай” гэсэн шиг.

Аргагүй ч юм уу даа, ингэ гэж түүнийг гаргаж ирсэн юм чинь. Тэр этгээд нэгэнт эрх мэдэлд очсон бол миний (сонгогчийн) зөвшөөрөлгүй цалингаа нэмэх, гар хөл бологсдодоо орон тоо батлах эрхтэй. Хормой доор нь шургалагсад ч эрхэм гишүүнд элдвийг хэлж, ятгана: Танд өч төчнөөн хамгаалалт хэрэгтэй, гадаад орны парламентын гишүүд ийм хангамжтай байдаг, сайд хүн тийм машин унадаг, манай яам төчнөөн хэлтэс, тасаг, алба, газар, нарийн бичгийн даргатай байх ёстой гэх мэтчилэн. Энэ мэтээр төр данхайна, түүнийг дагаад зардал томорно, зардлаа дагаад татвар ихэснэ. Харин чи бид хоёрын үүрэг бол тэр ихэссэн зардлын төлбөрийг хийх явдал. Энэ үед түүний талаарх бодлоо хэчнээн ч өөрчлөөд нэмэргүй, 4 жил хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Хачирхалтай нь, бид хэзээ ч хаширдаггүй, уг нь, “хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэдэг хэрнээ 4 жилийн дараа дахиад л нөгөө хүнд эсвэл өөр нэгэнд хууртагдана. Ингэж дөрөв, дөрвөн жилээр хүний тоглоом болж, хуурагдаж явсаар насыг элээдэг.

Хүмүүс өөрсдийг нь даапаалсан “ямар сонгогч байна, тийм гишүүн байна” гэдэг үгийг ер нь, юу гэж ойлгодог юм бол. Уг нь, энэ бол хээл хахууль авдаг, хулгай хийдэг, улсын мөнгө завшдаг, казинод хүний мөнгөөр мөрийтэй тоглодог гишүүнийг гаргаж ирснээрээ чи бид хоёрын хохь гэсэн үг шүү дээ. Тэд ч “та л биднийг гаргаж ирсэн, тэгэхээр та ч бас буруутай, ийм зүйл хийснийхээ хариуцлагыг ч тантай хамт хүлээнэ” гэх маягийн юм ярих гээд байдаг.

Х.Х: Ер нь энэ нь монгол хүний зан юм байхаа даа. Бидний монголчууд ч овойхдоо амархан, мөн гундахдаа ч амархан хүмүүс юм байхаа даа.

Б.Б: Тийм шүү, нэг сонгуулийн дараа “амьтан” болчихсон явж байснаа дараагийн сонгуулиар нам нь ялахчаа болбол овойгоод хачин инээдтэй дүр төрхтэй болчихно. Хэр баргийн хүнтэй харьцахгүй. Утас нь дуугарахад дугаарыг нь харж байгаад утсаа тасалж ч байх шиг. Бараг л миний очсон газар бүр нар гарч байдаг гээд итгэчихсэн байдаг учраас хаа нэгтээ л олон түмэнд харагдаж “гийгүүлнэ”. Миний тоож харьцаж буй хүн бол хүн бусад нь хүн биш, надтай гар барьсан хүн мутрын адис хүртсэн лугаа бушуухан цагаан бээлий өмсөөд гараа хэд хоног угаахгүй байх ёстой гэж боддог болчихдог.  

Х.Х: Тэгэхээр, сонгууль гэдэг нь олон түмнээр тоглодог үзэгдэл юм шив дээ?

Б.Б: Тийм шүү, сонгуулийн үр дүн ердөө, массын психологийг илэрхийлнэ. Чи өөрөө хамтач ёс ба хувь хүний тухай хэсэг дээр Фройд, Лебон нар “массын психологи сэтгэл хөдлөл давамгайлсан, тогтворгүй, сэтгэмж багатай байдаг бол хувь хүний психологи ихээхэн рациональ, тогтвортой, шүүмжлэлт хандлагатай байдаг” гэж сайн хэлнэ лээ. Үнэхээр, тийм байдаг учраас ийм хүмүүс сонгогдоод байгаа юм л даа.

Сонгуульт ардчиллын нөхцөлд их уншиж судалсан, тэр хэрээрээ бодож эргэцүүлсэн  хийгээд юу ч бодоогүй эсвэл бичиг үсэгт тайлагдаагүй хоёр хүний саналын жин яг адил байдаг. Тиймээс харьцангуй бага уншиж бодож, нарийн сайн тунгаагаагүй олонхын саналаар асуудал шийдэгддэг. Санал хураалт гэдэг бол мэдлэг, авьяас чадвар, үнэн, хувь хүний эрх ашиг гэдгийг огт харгалздаггүй, цэвэр харанхуй массын психологи дээр тоглож байдаг үзэгдэл. Хэн ч, ямар ч сэдлээр санал өгч болдог, бараг зүс царайны  сайхнаар ялах боломжтой.

Гэхдээ, хамгийн сайн сонголт бол сонгуульд оролцохгүй байх явдал гэдгийг олон түмэн аажим боловч ойлгож эхэлж л байна. Яаж ч бодсон, бид өөртөө байхгүй эрхийг бусдад өгөх ёсгүй.

Бид хоёр янз бүрийн сэдвээр их л ярилаа. Чи ч нэлээн удаан явах нь, тэгэхээр хэсэгтээ завсарлаж таарах нь дээ. 



Х.Х: Чи тэгээд, сонгуульд битгий оролц гэж уриалаад байгаа юм уу?

Б.Б: Оролцох, оролцохгүй нь хувь хүний эрхийн асуудал. “Хувь хүн сонгуульд оролцож, саналаа өгснөөрөө өөрийнхөө мөнгийг үрэх хүнийг гаргаж ирж байна гэсэн үг” гэж л хэлээд байгаа юм.

Х.Х: Чи бид хоёрын 11 удаагийн цуврал ярилцлага ингээд дууслаа. Арай урт сунжирсан ярилцлагууд болчих шиг боллоо. Цаг зав багатай, либертари сэдвүүдээр арай товч бүтээл харъя гэсэн хүнд тийм бололцоо байна уу?

Б.Б:  2006, 2010 онд гаргасан Хувь хүн, эрх чөлөө, төр; Эрх чөлөөний дайсан хэмээх жижиг товхимол болон номоо хэлье.


Мөн либертари сэдвүүдээр тухайлан бичсэн өгүүлэл, нийтлэлээ жагсаавал: 

Либертари үзлийн удиртгал сэдвээр

1.   Д.Боазын Либертарианизм номд бичсэн “Орчуулагчийн үг”, 2005 он

2.   Айн Рэнд, “Ардын эрх” сонин, 2005.II.02

3.   Либертарианизм – хувь хүний эрх чөлөөний философи, “Ардын эрх” сонин, 2005.IX.14

4.   Эрх чөлөөт нийгэм үүссэн нь, “Ардын эрх” сонин, 2006.VII.04

5.   Либертари тунхаг, “Өнөөдөр” сонин, 2006.Х.11

6.   Кэн Скүландын Жонатан Гулибэлийн аялал номд бичсэн “Орчуулагчаас хэлэх үг”, 2007 он

7.   Эрх чөлөөгүй орноор аялсан тухай хачирхалтай үлгэр, “Өдрийн сонин”, 2007.II.16

8.   Монголчуудын либертари үзэл гэдэг софт-стэйтизм төдий зүйл юм гэж үү?! (Либертари үзэл яагаад улс төрчдөд халгаатай байдаг вэ?), “Ардын эрх” сонин, 2007.IX.26

9.   Эрх чөлөөний дайсан номдоо бичсэн өмнөх үг, 2010 он

10. Б.Батчулуун: Айн Рэнд аугаа зохиолч, (Ярилцлага), “Монголын үнэн” сонин, 2012.IX.13

11. Төрийн багийг хуу татсан бас нэг бүтээл, www.news.mn вэбсайт, 2013.I.14

 

Төр ба хуулийн тухай сэдвээр

1.   Төрийн сүлд биднийг ивээдэг үү, бид төрийн сүлдийг ивээдэг үү?!, “Өдрийн сонин”, 2004.XII.02

2.   Татвар бол луйвар. “Ардын эрх” сонин, 2006.V.10

3.   Болдог сон бол энэ авилгыг чононоос дутуугүй хэмлэх юм сан, “Ардын эрх” сонин, 2006.VI.05

4.   Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн, “Ардын эрх” сонин, 2006.IX.18

5.   Төр бол “хулгайч” (Өмчлөх эрх хийгээд төрөөс түүнд хэрхэн халддаг тухай), Хэвлэгдээгүй өгүүлэл

6.   “Төр бол үйлчилгээний байгууллага” хэмээх домгийн тухай, www.news.mn вэбсайт, 2014.II.10

 

“Либертари аж төрөх ёсны” сэдвээр (Амьдралын либертари хэв маяг)

1.   Бардам зан хэрэгтэй цагтаа хэрэгтэй, “Үг” сонин, 1993.IX.21-30

2.   Жамаараа яваа ертөнц (Либертари амьдрал), “Гоодаль” сэтгүүлд өгсөн ярилцлага, 2011 оны V сар, (№31)

3.   Айн Рэнд: Бурхан гэж байдаггүй юм шиг байна, (Ярилцлага), “Зууны мэдээ” сонин, 2012.IX.21

4.   Эрх чөлөөтэй, либертари аж төрөх амар биш (Ярилцлага), “Гранд” сэтгүүл, 2013 оны I сар

 

Миний биеийг хэн мэдэх вэ, төр үү эсвэл би өөрөө юү? (Эрх чөлөөний сэдвээр)

1.   Амиа хорлохуй буюу эвтанази, “Улаанбаатар” сонин, 1994.I.05

1.   Аутентик ахуй хийгээд Р.Чойном, “Өнөөдөр” сонин, 1999.Х.01

2.   Төрөөс дээгүүрх хувь хүн үү, хувь хүнээс дээгүүрх төр үү?,  “Өнөөдөр” сонин, 2002.IX.05

3.   Өөрийнхөөрөө амьдрах, бусдад тэгж амьдрах бололцоо өгөх (Либертарианизмын алтан дүрэм ), “Ардын эрх” сонин, 2005.IX.22

4.   Би өөрийгөө мэдэж болох уу, ноён төр өө! (Төрийн эрхийг минимумчилж, хувь хүний эрхийг максимумчилье), “Ардын эрх” сонин, 2006.III.10

5.   Биеэ үнэлэгчид болон хар тамхи хэрэглэгчдийг “өмгөөлөх” үндэслэл олдох уу!!! “Өдрийн сонин”, 2007.IX.24

6.   Би л лав, суудлын даруулгаа хийхгүй. “Өдрийн сонин”, 2007.XI.06

7.   Энэ архийг хориод өгөөч!, “Ардын эрх” сонин, 2008.XII.08

 

Хувь хүн ба хамтач ёсны эсрэг тэсрэг байдлын тухай сэдвээр

1.   Олонхын саналаар дэлхий хавтгай болсон тухайд, “Үг” сонин, 1994.I.31

2.   Эцэг ба эхийн гипнози, “Үг” сонин, 1994 онд гарсан санагдана.

3.   Нийгэм дэх хаос төлөв байдал, “Улаанбаатар” сонин, 1995 оны хавар хэвлэгдсэн болов уу.

4.   100 хүнээс 99 нь эсэргүүцэж байсан ч үлдсэн ганцынх нь үнэн байж болдог, (Ярилцлага),  “Зууны мэдээ” сонин, 2006.II.25

5.   “Хамт олны эсрэг боссон хувь хүн”, Орчуулагчийн хувиар Айн Рэндийн Эх сурвалж романд бичсэн үг, 2008 он

6.  Өөрийгөө бодох нь хүний төрөлх чанар, “Цаг төр, хүмүүс” сэтгүүл, 2009.II.10-19

7.   “Амиа бодохуй” магтан дуулсан нь (Айн Рэндийн “Магтуу” зохиол монгол хэлнээ хэвлэгдлээ), “Өдрийн сонин”, 2010.XI.25

8.   “Сайтар эргэцүүлцгээе!” (Айн Рэндийн “Сайтар эргэцүүл!” (Think twice) жүжиг Монголд тавигдлаа), “Ардын эрх” сонин, 2011 оны IV сар

9.   Би “хар амиа” бодно, (Либертари, эгоист, индивидуаль үзлийг хамгаалах нь), www.news.mn вэбсайт, 2013.II.07

 

Ардчилал эрх чөлөөнд харшилдаг сэдвээр

1.   Ноорхой дээл шиг болсон ардчилал (Ардчилал бол эрх чөлөөний дайсан), “Ардын эрх”сонин, 2007.I.08

2.   Улиг болсон улс төрчид дээр суурилсан АН, “Цаг төр” сэтгүүл, 2008.III.17-23

3.   Эрх чөлөө: тунхаг ба бодит байдал, “Ардын эрх” сонин, 2009.XI.03

4.   Ардчилалд дургүй хүний үг, www.news.mn вэбсайт, 2014.XII.22 

 

Сэтгэлгээ чөлөөтэй байх нь эрх чөлөөний үндэс болох тухай сэдвээр

1.   Бурханд эргэлзэх учир, “Үг” сонин, 1994.II.11-20

2.   Сэтгэлгээ, “Өдрийн сонин”, 2005.I.08

3.   “Хоточ нохой” юу, эсвэл “бууны нохой” юу?, “Цаг төр, хүмүүс” сэтгүүл, 2008.IV.21-27

4.   Монгол охид “бослого” гаргалаа (Эрх чөлөө ханхалсан жүжиг), “Ардын эрх” сонин, 2011.V.05

5.   Соён гэгээрэл ба бидний Монгол “Ардын эрх” сонин, 2011.VI.08

6.   “Уур минь хүрч байна!”, “Ардын эрх”сонин, 2011.II.23

7.   Үгийн эрэлд хатаж шаналсан эр, (Харилцан яриа), “Үндэсний шуудан” сонины ‘Амралтын дугаар’, 2012.IX.15

 

Либертари үзэл улс төрчдөд халтай байдаг тухай  сэдвээр

1.   Улсаа цэргээр хамгаалах уу?, “Үг” сонин, 1991. IX сар

2.   Намууд хорссон, гомдсон, нэр алдар олох гэсэн хүмүүсээр тэлсээр байна, “Өнөөдөр” сонин (Ярилцлага), 1999.IV.28

3.   Демо-кратууд бюро-крат болжээ, “Ардын эрх” сонин (Ярилцлага), 2005.III.21

4.   “Өөд болсон намын” алтан хайрцгийг нээн үзэхүл, “Ардын эрх” сонин, 2005.VI.08

5.   Таны мөнгөөр танаас илүү амьдрах арга (Сонгуулийн тухай), “Ардын эрх” сонин, 2008.I.24

6.   Зүй нь бол С.Баяр гараад ирчих хэрэгтэй байсан (Ярилцлага), “Өдрийн сонин”, 2008.VIII.07

7.   Нэгэн улс төрч онолдох гэж оролдов, “Ардын эрх” сонин, 2011.II.28

8.   Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин хоёр улс төрийг гаднаас нь шүүмжлэх хэрэгтэй. (Ярилцлага), “Улс төрийн тойм”, 2011.III.04

9.   Горьдогсдын нийгэм буюу сонгууль, “Ардын эрх” сонин, 2012.VI.29

10. Энэ хоёр хүний хэнийг ч ажилд авмааргүй байна (Хэвлэх газар олдоогүй өгүүлэл)

11. Монголчуудын оюун санааны дүр төрх (Товч түүхэн тойм хийгээд 1990-2013 он),  2013 оны XII сарын 09-нд АН ба УТБА-иас хамтран зохион байгуулсан “Ардчиллын төлөв байдал, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан илтгэл. 2014 оны I сард www.news.mn болон УТБА-иас гаргадаг “Шинэ толь” сэтгүүл дээр хэвлэгдсэн (2013 оны 76-р дугаар).


Англи хэл дээрх либертари утга зохиолын тухай мэдье гэвэл “Laissez Faire Books” www.laissezfairebooks.com хэвлэлийн газраас гаргасан номуудтай танилцаж болно. Тэнд буй англи хэл дээрх бүх номын нэрсийг бичвэл маш урт жагсаалт болох учраас монгол хэл дээр гарсан хэдхэн номын нэрийг доор бичлээ.

1.    Б.Батчулуун, Философи дахь хүний асуудал, “Сэлэнгэ пресс”, УБ 2001 он

2.    М.Фридман, Р.Фридман, Хувь заяагаа сонгох нь, Англи хэлнээс орчуулсан Баабар, Л.Амарсанаа, “Монсудар”, УБ 2001 он

3.    Ф.Бастиа, Хууль, Орос хэлнээс орчуулсан Н.Баярбаатар, Хоёр дахь удаагийн монгол хэвлэлийн редактор Б.Батчулуун, “Монсудар”, УБ 2001 он

4.    Ж.Вольф, Улс төрийн философийн удиртгал, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, “Сэлэнгэ прэсс”, УБ 2002 он

5.    Б.Батчулуун, Пост-коммунист нийгэм дэх төр иргэний харилцаа, (Монголын жишээн дээр) “Санаа & Тунаа”, УБ 2003 он

6.    Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал (Зурагт тайлбарууд), “Санаа & Тунаа”, Англи хэлнээс орчуулсан Б.Батбуян, Орчуулгын редактор Б.Батчулуун,  УБ 2003 он

7.    М.Скаузэн, Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал, Англи хэлнээс орчуулсан Баабар, Л.Амарсанаа, Орчуулгын редактор Ж.Үнэнбат, “Монсудар”, УБ 2003 он

8.    Ф.Бастиа, Эдийн засгийн софизмууд; Эдийн засаг дахь эв зохицол, Орос хэлнээс орчуулсан Ч.Баатар, Орчуулгын редактор Б.Батчулуун, “Монсудар”, УБ 2004 он

9.    Ж.Б.Сэй, Улс төрийн эдийн засгийн ухааны шинжилгээ, Орос хэлнээс орчуулсан Ч.Баатар, Орчуулгын редактор Б.Батчулуун, “Монсудар”, УБ 2004 он

10.  Людвиг фон Мизес, Либерализм, Орос хэлнээс орчуулсан П.Чойжил, Орчуулгын редактор Б.Батчулуун, Хянасан П.Цэнгүүн, “Монсудар”, УБ 2004 он

11.  Эрнандо дэ Сото, Капиталын нууц, Англи хэлнээс орчуулсан Д.Энхзаяа, Орчуулгын редактор Б.Цэнддоо, Зөвлөх Баабар, Хянагч П.Цэнгүүн, С.Баяр, “Монсудар”, УБ 2004 он

12.  Ф.А.Хаек, Боолчлогдох зам, Орос хэлнээс орчуулсан П.Чойжил, Хянан тохиолдуулсан П.Цэнгүүн, “Монсудар”, УБ 2004 он

13.  Д.Боаз, Либертарианизм (Эхлэн сурах бичиг), Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, Редактор П.Цэнгүүн, “Монсудар”, УБ 2005 он

14.  Айн Рэнд, Зөвшилцлийн засаг бол шинэ фашизм мөн, Англи хэлнээс орчуулсан Д.Энхзаяа, “Монсудар”, УБ 2005 он

15.  Айн Рэнд, Капитализмыг өмөөрөх нь, Орос хэлнээс орчуулсан Ж.Нэргүй, “Монсудар”, УБ 2005 он

16.  Д.Бэргланд, Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, “Мөнхийн үсэг”, УБ 2006 он

17.  Б.Батчулуун, Хувь хүн, эрх чөлөө, төр “Монсудар”, УБ 2006 он

18.  Ч.Баянжаргал, Хувийн өмч (Орчин үеийн онолын тойм), “Монсудар”, УБ 2006 он

19.  К.Скүланд, Жонатан Гулибэлийн аялал, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, Орчуулгын редактор П.Цэнгүүн, “Монсудар”, 2007 он

20.  Ж.Норбэрг, Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, “Монсудар”, УБ 2007 он

21.  Айн Рэнд, Эх сурвалж, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, Б.Батбуян, Гадаадад хэвлүүлсэн, 2008 он

22.  Айн Рэнд, Атлантын мөр тэнийв, Орос хэлнээс орчуулсан Ж.Нэргүй, Гадаадад хэвлүүлсэн, 2010 он

23.  Айн Рэнд, Бид амьд хүмүүс, Орос хэлнээс орчуулсан Ч.Баатар, орчуулгыг хянасан Н.Жавхлан, “Монсудар”, УБ 2011 он

24.  Айн Рэнд, Магтуу, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, Б.Батбуян, “Нэпко”, УБ 2011 он

25.  Э.Рид, Би харандаа, Эссэ, Англи хэлнээс орчуулсан Ж.Тэгшзаяа, Д.Амартүвшингийн блог, 2012 он

26.  Айн Рэнд, Миний худалдаж авсан нөхөр, Өгүүллэг, Англи хэлнээс орчуулсан Ж.Тэгшзаяа, //zaya13.blogspot.com/2012/01/blog-post_13.html// гэсэн линк, 2012 он

27.  Жэйсон Брэнан, Либертари үзэл (Хүн бүрийн мэдэж байх ёстой зүйлс), Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, Б.Батбуян, “Нэпко”, УБ 2013 он

28.  Айн Рэнд, Сайтар эргэцүүл!, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, Б.Батбуян, “Титан-Би”, УБ 2014 он

29.  Хэнри Хаазлит, Эдийн засгийг нэгэн хичээлд, “Торгоны зам” чөлөөт эдийн засгийн сан, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, Б.Батбуян, “Соёмбо принтинг”, УБ 2014 он

30.  Милтон Фридман, Капитализм ба эрх чөлөө, “Нэпко”, УБ 2014 он

31.  Мөррэй Ротбард, Төрийн анатоми, Англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун, “Сэлэнгэ прэсс”, УБ 2014 он


Дэлхий дээр либертари үзэл санаа баримталж, үйл ажиллагаа явуулдаг үй олон байгууллага, хувь хүмүүс байдаг бөгөөд тэдний вэбсайт тоогоо алдсан. Эдгээр байгууллагын тухай ерөнхийд нь www.Libertarianism.com -оос харж болох авч, зарим гол байгууллага, вэбсайтыг танилцуулвал:

Adam Smith Institute                      www.adamsmith.org

Advocates for Self-Government             www.self-gov.org

Atlas Research Foundation                 www.atlasusa.org

Cato Institute                            www.cato.org

Foundation for Economic Education          www.fee.org

Fraser Institute                           www.fraserinstitute.ca

Freedoms Foundation at Valley Forge         www.ffvf.org

Free Market Foundation                    www.freemarketfoundation.com

Independent Institute                      www.independent.org

Institute for Economic Affairs               www.iea.org.uk

Institute for Humane Studies                www.TheIHS.org

International Society for Individual Society     www.isil.org

Laissez Faire Books                       www.lfb.com

Liberty Tree: Review and Catalogue          www.liberty-tree.org

Libertarian Allians                        www.la-articles.org.uk

Libertarian International                    www.libertarian.to

Ludwig von Mises Institute                 www.mises.org

Macinac Center                          www.mackinac.org

Reason Magazine and Reason Foundation     www.reason.org

Stossel in the Classroom                   www.intheclassroom.org

Х.Х: Сайхан ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан чамд их баярлалаа, ирэхдээ хамгийн сүүлд гарсан либертари номоос авчирна аа.

Либертари үзэлтэй танилцахаас өмнө

Либертари үзлийг эзэмшсэний дараа

 

 


Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай

Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага

Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?

Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч

Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн

Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий

Найм дахь яриа: Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?

Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье

Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг

Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж