“Кино код” шоу нэвтрүүлгийн жүжигчин шалгаруулах проб шоу инээд хөөр, сонин содон үйл явдалаар дүүрэн үргэлжилж байна. Үдэш бүр та манай нэвтрүүлэгтэй хамт байж оролцогчдыг маань дэмжиж, бас шүүмжилж , “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-шилийн сайн эр ” кинонд тоглох жүжигчинг тодруулаарай. Харин одоо цог жавхаатай залуус маань кинонд тоглох эхний даваагаа хэрхэн амжилттай давсан талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэе.
Би морь унаж майга болсон Монгол
Суунаг ногоон талдаа ханаа дугуйлах шигээ майга…
Хорол тооно шигээ майга
Хөх өвгөд шигээ майга…гэж ирээд л яруу найрагч Ц. Чимэддорж гуайн “Майга” шүлгийг уншсан энэ залууг Д. Мижидбат гэдэг. Үнэхээр сайхан шүлэг сонгож авчээ. Харамсалтай нь шүүгч нар уншиж дуусахыг нь хүлээж тэссэнгүй.
Шүүгч Д.Мэндбаяр/АЖ/: – За болноо миний хүү. Мижидбатаа чи наад шүлгээ уншихдаа өөрийгөө өмөөрч, хамгаалж унших ёстой. Сая бол зүгээр л бичсэн үг уншаад байна. Чамайг олон хүн майга гэж шоолдог. Яадаг юм би майга. Монгол хүний бахархал, Монгол хүний бусад үндэстнээс ялгарах содон онцлог. Гэхдээ л хүн. Энэ чанарыг гаргаж унших ёстой байсан. Гэвч чадсангүй. Уг нь дүр төрх, царай зүс нь боломжтой л юм. Чи ямар сургуульд сурдаг вэ?
Д.Мижидбат: – “Улаанбаатар- Эрдэм оюу ” дээд сургуулийн сэтгүүлчийн хоёрдугаар курс.
Шүүгч Д.Мэндбаяр/АЖ/: – Тэгээд л уншлага талаа бариад байгаа юм байна ш дээ. Түүнээс биш зүгээр ярихдаа бүдүүн сайхан эр хүний хоолой гарч байна. Уншихаараа ганган болоод, маяглаад, чамирхаад байна. Гэхдээ яахав нэг удаа боломж олгоё. Тэнцлээ.
Шүүгч С.Мягмар: – Чи ер нь их марзан нөхөр юм тэ? Чи ер нь уурлаж үзсэн үү, хэзээ хэнд уурлаж байсан юм?. Тэрийгээ үзүүлээдэх.
Д.Мижидбат: – Үзэлгүй яахав. Би нэг сайн найздаа уурлаж байсан. Намайг харин /инээв/
Шүүгч С.Мягмар: – Би чамайг загнаад байна ш дээ. Юундаа өөдөөс инээгээд байгаа юм чи?
Д.Мижидбат: – Ямар сүртэй юм. Зүгээр хэлчиж болдоггүй юм уу?
Шүүгч С.Мягмар: – Байж байгааг чинь энийг л хэлнэ ш дээ. Өөрийгаа хардаа. Чи инээдтэй харагдаж байна. Чадахгүй байна. За боллоо. Баярлалаа .Үлдээе .
Шүүгч А.Очирбат:– Царайны чинь хувиралыг хараад тэр тусмаа нүд, хамрын үзүүр, хоёр уруулыг чинь хараад үлдээе гэж бодож байна. Хүн инээлгэх юманд өгчихвөл явж магадгүй юм гээд үлдээе.
Д. Мижидбат:– Боломж олгосон шүүгч нартаа баярлалаа. Дараагийн шатанд нэлээн хүнд даваатай тулгарах байх. Илүү хичээнээ.
Шүүгч нар маань Д.Мижидбатын дотоод сэтгэлийг мөн тухайн нөхцөлд ямархуу нүүрний хувирал гаргах нь уу гэж нэлээн туршиж үзлээ. Юутай ч шүүгч нарын шалгуурыг амжилттай давсанд баяр хүргэе.
Харин “Жүжигчин шалгаруулах проб шоу”-ны дараагийн оролцогч маань нэр шигээ уян зөөлөн харцтай И.Намуун гэгч бүсгүй байлаа. Тэрээр Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэнгийн “Далд уянга” шүлгийг уншлаа. Шүүгч нар “Болор цом”-ын наадам биш гээд тэнцүүлэхгүй л болов уу даа, яах бол?
Шүүгч С.Мягмар:- Баярлалаа миний дүү. Сонин ховор царай байна.Үлдээе.
Шүүгч Д. Мэндбаяр /АЖ/:– Дуу хоолой нь зүгээр юм. Сонин төрх байна. Орос ч юм шиг, Казак ч юм шиг. Ямар ч байсан цэвэр монгол биш юм байна тэ?. Бидний хийх кинонд хэрэг болж магад. Тэнцүүлье.
Шүүгч Ж.Солонго:– Одоо бас нэг кино хийх гэж байгаа. Энэ кинонд орвол дүр төрх бүх юм чинь таараад байна. Тэнцүүлье.
И. Намуун:– Тэнцэнэ гэж бодоогүй байсан юмаа.. Түүхэн кино хийнэ гэхээр Монгол царайтай хүмүүсийг авах байх гэж бодсон чинь содон царайтай гээд тэнцчихлээ. Ямар ч байсан маш их баяртай байна.
Нэг сумаар хоёр туулай буудан гээч болоод байна уу даа. Найруулагч Ж.Солонго гуайн кинонд тоглохоор боллоо. Мөн жүжигчин шалгаруулах проб шоуны дараа дараагийн шатанд амжилттай оролцож, түүхэн кинонд дүрээ мөнхлөн үлдээхийг хүсье.