Н.Болор-Эрдэнэ: Хүний нөөцийн менежмент нь хөдөлмөрийн бодлогын стратегийн гол тулгуур ба улс орны хөгжлийн үндэс юм
Хөдөлмөрийн бодлого хэрэгжих үндсэн талбар нь ажлын байр буюу хөдөлмөр эрхлэлт байдаг. Харин тухайн ажлын байрыг удирддаг хүмүүс нь хүний нөөцийн менежерүүд. Тиймээс төрийн бодлогыг ажлын байранд үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, Судалгаа, Мэдээллийн Үндэсний Төвийн захиалгаар “Эдийн засгийн хямралын нөхцөл дэх хүний нөөцийн удирдлагын боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт ажлын байрыг хадгалах туршилтын төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгвэл энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Хүний нөөцийн менежерүүдээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ажлын байран дээр хэрэгжүүлэх төрийн анхны төслийг хэрэгжүүлж байгаа “Эвсэг хас сан” ТББ-ын тэргүүн Н.Болор-Эрдэнийг урьж, ярилцлаа.
-Хүний нөөцийн менежмент Монгол Улсын хөгжилтэй хэрхэн уялдаж байдаг талаар ярилцлага эхлэх үү?
-Улсын үнэт зүйл нь хүн байдаг. Хувь хүний хөгжил улс орны гол үндэс болхын хувьд системтэй хөгжүүлэх дэд бүтэц хэрэгтэй. Тэрхүү дэд бүтэц нь байгууллага болон ажлын байр юм. Тухайн хүн байгууллагад ороод ирэхээр хүн бүрийг бүлэгт оруулан хүний нөөцийн менежментээр дамжуулан хөгжүүлэх боломжтой болдог.
Ер нь хүний нөөцийн менежмент нь байгууллагын бүх хүмүүсийг яаж үр дүнтэй ажиллуулав гэдэг асуудлыг хариуцдаг менежмент. Өөрөөр хэлбэл, тэр хүнээс ямар ур чадвар бүтээмж гарч болохоор байна, түнийг яаж хэрхэн хөгжүүлж болохоор байна, тэр бүрийг шавхаж гаргадаг. Түүний хэрээр хүн хөгжиж нийгэмд эзэх байр сууриа бий болгохын зэрэгцээ санхүүгийн хэрэгцээгээ хангадаг. Үүнээс үүдэлтэй гэр бүлд нь эерэг нөлөөл бий болж байгаа гэдэг чинь өөрөө нийгмийн олон хүчин зүйлсэд эергээр нөлөөлөх суурь болно. Бүх байгууллагын хүний нөөцийн менежмент нь сайн байж, хүн бүрийг сайн бэлтгэж, ажиллуулж чадвал Монгол Улс өөрөө хүссэн хүсээгүй хөгжих болно.
Тухайлбал татвар төлж төсөв бүрдүүлдэг жижиг, том байгуулгуудад хүнд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрвээ байгууллагуудад хүн ажиллахгүй бол улсын төсвийг яаж бүрдүүлэх, татвараа хаанаас, хэнээс авах вэ. Тиймээс хүний нөөцийн менежмент нь улсын хөгжил болоод хөдөлмөрийн бодлогын стратегийн гол тулгуур нь болоод байгаа юм.
-Тэгвэл компаниуд сайн хүний нөөцийн менежертэй байх нь нэн тэргүүний асуудал болсон байх нь ээ?
-Өмнө нь компаниуд бараа бүтээгдэхүүний чанар, загвар зэргээр өрсөлддөг байсан. Гэтэл одоо мөнгө л бол хэн ч байсан дэлхийн бүх брэндийг авч, ирээд зарах бүрэн боломжтой болсон. Тухайлбал, Dell-ийн компьютер, Аpple-ын бараа бүтээгдэхүүнийг мөнгөтэй л бол хүссэн байгууллага, хувь хүн хэн ч байсан авч ирээд зарж болж байгаа. Тиймээс сүүлийн үед компаниудын өрсөлдөөний гол хүчин зүйл нь бараа бүтээгдэхүүн биш хүн болоод байна. Өөрөөр хэлбэл ижил боломжийг, хэнээр хэрхэн яаж үр ашиг болгох нь чухал болсон. Тэгвэл хүн дээр хэрхэн менежмент хийх, яаж идэвхижүүлэх, урамшуулах, үр дүн, борлуулалт, үйл ажиллагааны ашиг, орлого, байгууллагын зорилгодоо хэрхэн уялдуулж менежмент хийх вэ гэдэг чинь хүний нөөцийн менежмент юм. Тиймээс ч томоохон компаниуд хүмүүсээрээ өрсөлдөөд эхэлсэн.
-Компаниуд хүнээрээ өрсөлдөх болсонтой холбоотойгоор өөрийн компанидаа чадварлаг ажилтнуудыг урвуулан авах нь ихэссэн гэсэн. Танай төрийн бус байгууллага ч гэсэн энэ үйлчилгээг явуулдаг юм уу?
-Манай байгууллагын анхны үйл ажиллагаануудын нэг нь Headhunting үйлчилгээ. Энэхүү үйлчилгээгээрээ бид өндөр ур чадвартай шилдэг менежрүүдийг захиалагчийн ажлын байран дээр байршуулж өгдөг үйлчилгээ гэсэн үг. Энэхүү үйлчилгээнд байгууллагууд багадаа таван сая төгрөг төлдөг. Бүр 20-30 сая төгрөгөөр сайн ажилтан олуулах ч тохиолдол бий. Тэгэхээр томоохон компаниуд хүний ур чадвар дээр суурилан хэрхэн өрсөлдөж байгаа нь үүнээс харагдаж байгаа байх.
-Мэргэжлийн хүний хувьд хүний нөөцийн менежерийн асуудал манай улсад хэрхэн хөгжиж байгаа гэж бодож байгаа вэ?
-Бид төрийн бодлогыг ажлын байранд хэрхэн үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэх вэ гэсэн асуудлаар Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, Судалгаа, Мэдээллийн Үндэсний Төвийн захиалгаар “Эдийн засгийн хямралын нөхцөл дэх хүний нөөцийн удирдлагын боломжийг нэмэгдүүлэх нь” ажлын байрыг хадгалах туршилтын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежерүүдээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ажлын байран дээр хэрэгжүүлэх анхны төсөл гэж хэлж болох юм.
Төслийн хүрээнд хямралын үед ажлын байрыг хадгалж үлдэх, аль болох хүмүүсийг цомхотгохгүйгүйгээр ажилтны ур чадвар, гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэн, улмаар байгууллагын үйл ажиллагааг тогтворжуулахад хүний нөөцийн менежментийг хэрхэн оновчтой зөв зохион байгуулах арга замыг судлан боловсруулж, хамтран хэрэгжүүлж байгаа. Тиймээс эхний ээлжинд хүний нөөцийн менежерүүд, ажилтнуудаа чадавхижуулна. Энэ хүрээнд бид 75 байгууллагын хүний нөөцийн 85 менежертэй хамтран ажиллаж байгаа. Эдгээр байгууллагууд нь зүгээр нэг сонгогдсон байгуулгууд биш. Монголдоо томоохонд тооцогдох ажил олгогчид. Тухайлбал, хамгийн цөөхөн хүнтэй байгууллага нь 100 ажилтантай компани байгаа.
Тухайн компаниудад ажиллаж байгаа чадварлаг хүний нөөцийн менежерүүдтэй бид хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Хамтарч ажиллах явцдаа ажиглаж байхад харьцангуй үзүүлэлтүүд харагдаж байгаа юм. Маш цөөхөн компанийн хүний нөөцийн менежмент нь бүрэн утгаараа хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, тэд аль хэдийнэ олон улсын жишигт ч үнэлэгдээд явж байгаа. Гадныхан тухайн байгууллагын хүний нөөцийн менежментийг арга барилыг хоцроогүй байна, болж байна гэж үнэлдэг болсон байх жишээтэй. Харин ихэнх байгууллагын хүний нөөцийн менежмент нь бүрэн утгаараа хараахан хөгжиж амжаагүй байна.
-Энэхүү салбар хөгжихгүй байгаа гол учир нь юу байна. Манай улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хэчнээн сургууль байдаг юм бэ?
-Хүний нөөцийн менежмент нь шинэ менежмент учир компаниудын удирдах төвшинд нь сайн ойлгохгүй байна. Монголын нөхцөлд Хүний нөөцийн менежмент нь шинэ шинжлэх ухаан гэж хэлж болно. Тиймээс ч бүрэн утгаар нь ойлгож чадаагүй байгаа. Энэ чиглэлээр дээд боловсрол олгодог сургууль ч цөөхөн байна.
Анх ШУТИС-ийн салбар сургуулиудын нэг Компьютерийн техник, менежментийн сургууль буюу КТМС бэлтгэдэг байсан. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургууль л хүний нөөцийн менежментээр төгсгөж байгаа. Бусад сургуулиудыг сайн мэдэхгүй байна. Ихэнх нь бизнесийн удирдлага дотроо хүний нөөцийн менежмент гээд үзээд явчихдаг. Тэр нь гүнзгийрүүлж судалдаггүй гэсэн үг. Цөөхөн байгаа сургуулийнх нь зааж, сургаж байгаа систем нь онол талаасаа давамгай байгаа. Монголын хүний нөөцийн менежментын туршлагууд болон чиглүүлэх нэгдсэн гарын авлага сургалтын хөтөлбөр гэж байхгүй байна.
-Сүүлийн үед хүний нөөцийн менежер бэлтгэх сургалтын төвүүд олон болсон юм биш үү?
-Сүүлийн үед хүний нөөцийн менежмент маш их хэрэгтэй гэдгийг манайхан ойлгочихсон. Тиймээс ч хүн бүр хүний нөөцийн менежер болохыг хүсдэг болчихсон. Эрэлт байгаа учир сургалтын төвүүд борооны дараах мөөг шиг олон болж байна. Бүх сургалтын төвүүд хүний нөөцийн менежментээр сургалт явуулж байгаа. Тухайлбал, өмнө нь илтгэх урлагийн чиглэлээр явдаг байсан хэлний сургалтын төв ч хажуудаа хүний нөөцийн менежмент заагаад явж байх жишээтэй. Энэ хушуурч байга үзэгдэл нь нэг талаасаа сайн талтай учир нь бүгд Хүний нөөцийн менежмент нь Монгол Улсын болоод байгууллагын хөгжилд чухал нөлөөтэй гэдгээ л ойлгочихсон. Харин үүнийг хэрхэн хөгжүүлэх, менежментийн ямар арга тактик хэрэглэхээ бүрэн дүүрэн ойлгож хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Мэргэжлийн хүний хувьд хүний нөөцийн менежментийг сургалтын төвүүд хэр чанартай зааж байна вэ. Мэргэжилтнүүдийг чанартай бэлтгэх тал дээр юу хийх хэрэгтэй гэж харж байгаа вэ?
-Монголчууд өөрсдөө маш цөөхөн хэрнээ нэг зүйлийг хийхээрээ энд тэнд тарчихдаг. Уг нь нэгдсэн байдлаар хөгжүүлвэл зүгээр. Манайх төрийн бус байгууллага Монгол Улсын хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн чиг баримжааг барьж ажилладаг. Тиймээс ч энэ хүрээндээ хүний нөөцийн менежементийг чанартай болгох үүднээс бид Хөдөлмөрийн яамтай хамтраад энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежментийг ижил төвшинд стандарчлах, бүх байгууллагуудад энэ талын нэг төвшингийн ойлголттой болгохын төлөө ажиллаж байна. Гэхдээ гадаад биш дотоод зохион байгуулалтайгаар энэ ажлыг хийж байгаа.
Дотоод гэдэг нь бүх төвшинд нь ажиллаад үзчихсэн, хамгийн туршлагатай хүний нөөцийн захирлууд нэгдээд өөрсдөө асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн үг. Ер нь бол хүний нөөцийн захирлууд болоод сургултын төвүүд, бусад хөдөлмөрийн салбарынхан бүгд нэгтгэж байгаад, эхний байдлаар монголын хүний нөөцийн менежментийн тэргүүн туршлагад суурилсан чиг баримжаа олгох, бичиг баримтыг бий болговол зүгээр юм болов уу гэж хардаг.
-Төсөл нь хэрэгжиж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн гэлээ. Өнгөрсөн хугацаанд ямар үр дүн гарав?
-Одоогийн байдлаар 75 компанийн хүний нөөцийн 85 менежерийг сургалтанд хамруулсан гэдгийг дээр дурьдсан. Бид тухайн 75 компанитай хамтын ажиллагааны гэрээ хийчихсэн. Эдгээр компанийн нийт ажилчдын тоо нь 22 мянга гаруй хүн байна. Энэхүү 22 мянга гаруй хүнтэй ажиллаж байгаа гол хүмүүс болох хүний нөөцийн менежерүүд гээд харахаар бид өнгөрсөн хугацаанд шууд биш ч гэлээ дам байдлаар 22 мянган хүнд нөлөөлөх боломжтой ажиллаж байгаа гэж үзэж болно. Нийт хүмүүсээсээ бид түүвэрлээд 400 орчим хүнд ажлын байрыг түшгэлсэн зорилтот сургалтуудыг явуулаад байна. Тэдгээр 400 хүн нь байгууллагынхаа дотоодод нөлөөлөл бий болгоно гэж найдаж байгаа.
Түүнчлэн зорилтот бусаар буюу байгууллагуудынхаа захиалгаар 1200 гаруй хүнд мөн сургалтаа явуулсан. Тэгэхээр эхний байдлаар хүний нөөцийн менежерүүдэд хийсэн сургалт маань 88 хувийн үнэлгээтэй байгаа. Байгууллагуудын ажилтнуудад зориулан хийсэн сургалтууд ч 80 гаруй хувьтайгаар үнэлэгдээд байна. Энэ нь бидний сургалт нэлээд сайн үр дүнгээ өгч байна гэж ойлгож байгаа. Тухайлбал, хамтарч ажиллаж байгаа компаниудаас ямар нэгэн байдлаар цомхотгол хийж, ажилчдаа халсан тохиолдол алга. Харин ажлаас гарсан хүмүүсийн шалтгаан нь 90 хувь нь өөрсдийн хүсэлтээр гарсан байна. Энэ мэтээр төсөл маань хэрэгжиж байх хугацаанд эхний ээлжийн үр дүнгүүд нь бэлхэн харагдаж байгаа байх.
-Байгууллагуудад зорилтот сургалт явуулсаны дараа гарч байгаа үр дүнгийн талаар хэрхэн судалж байгаа вэ?
-Төслийн гишүүн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж байгаа. Уг байгууллагууд нь бидэнд хүсэлт тавиад компани дээр нь харилцагчийн үйлчилгээний сургалт явуулсан. Тус компани өөрсдөө үйлчилгээний байгууллага. Гэтэл сургалтын дараа маш сэтгэл хангалуун байсан учир захирал нь дахин сургалтаа үргэлжлүүлэх санал тавьсан. Учир нь үйлчилгээ үзүүлэх чанар нь сайжирсан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ч өөрчлөгдсөн. Зэрэг үр дүнгүүдийг амаар болон бичгээр, бусад мэдээлэлийн хэрэгсэлээр бидэнд хандаж байгаа. Энэ мэтээр сургалтын үр дүнг яаж гарч байгаа талаар тухайн компаниуд бидэнд мэдэгдэж байдаг. Мөн сургалт бүрийн дараа сэтгэл ханамжийн судалгаа авдаг.
-Үйлчилгээний соёл гэдэг зүйл төрийн болон төрийн бус аль ч байгууллагад тулгардаг асуудал. Энэ чиглэлээр сургалт авч, ашиг орлогоо нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой олон байгууллага байдаг байх?
-Энэхүү үйлчилгээний асуудал манай улсын бүх л байгууллагад байдаг. Монголчуудад үйлчилгээний талын хөдөлмөр эрхлэлт бага байсан юм болов уу. Уг нь зан заншилыг нь харвал мэндлэх, хүндлэх дайлах, цайлах сайхан уламжлал бидэнд байдаг. Тэгсэн хэрнээ ажлын байран дээр түүнийгээ гаргаж чадахгүй байгаа юм шиг харагдаад байгаа. Тиймээс бидний хийж байгаа сургалтуудын суурь нь болохоор бүх л төвшинд харилцагчийн үйлчилгээний сургалтыг явуулж буй. Ихэнх бизнесийн анхан шатны холбоо тогтоох арга хэрэгсэл нь мөн л харилцагчийн үйлчилгээ байдаг. Тиймээс л бид харилцагчийн үйлчилгээ гэдэг зүйлийг бүх төвшинд нь ойлгуулахыг хичээж байгаа. Түүнчлэн бид төрийн болон төрийн бус аль ч байгууллагатай хамтран ажиллахад бэлэн.
-Сургалт зохион байгуулж байгаа багш нар нь бусад байгууллагын багш нараас юугаараа давуу талтай байдаг вэ. Тухайлбал?
-Манай багш нарын хувьд сургагч багш гэхээсээ илүү тухайн зааж байгаа зүйлээ ажлын байран дээр хэрэгжүүлээд үр дүнг үзчихсэн. Зовлон, жаргалыг нь мэддэг. Үйлчилгээний арга барилаа хэрхэн нэвтрүүлэх эсэхээ мэддэг болохоор бидний хийж байгаа сургалт илүү үр дүнтэй болдог. Ганц үйлчилгээний биш бүх сургалтыг салбартаа амжилт гаргачихсан, туршлага хуримтлуулчихсан хүмүүс хичээл зааж байгаа. Товч хондоо туршигдсан арга барил хэрэгжсэн үр дүнг бусдад заадаг. Дээр дурьдаж байсан Head hunting үйлчилгээ буюу сайн хүнийг олдог арга барил, туршлага дээрээ сурилан багш нараа олдог. Одоогийн байдлаар бидэнд менежерээс дээш төвшингийн 10 мянга гаруй хүний мэдээлэл байгаа. Эдгээр хүмүүсээсээ сонгоод хамгийн шилдгүүдээр хичээл заалгадаг.
Ж.ОТГОН
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN