Сүүлийн үед “од” гэхээсээ илүүтэй онигоонд орох болсон хүн бол Гомбожавын Занданшатар юм. Ардын намын журамт цэргийн хувьд хэл аманд орж гавиад байдаггүй. Бас ажил хийж ч шалидаггүй “сул” гишүүн, “сул” сайд. Түүнийг 2008 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон даруйдаа дарга нартаа тоогдож сайдын сэнтийд заларсан гэж энэ хүрээнийхэн ярьдаг билээ. Харин саяхан болсон үйл явдал Г.Занданшатар сайдын хэн бэ гэдгийг хөнгөхөн баталчих шиг боллоо. Хэд хоногийн өмнө Гадаад харилцааны яамны нэгэн түшмэл гадаад орнуудад суугаа зарим Элчин сайдыг Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр эргүүлэн татахаар зар тараажээ. Үүнийг АНУ-руу явхаасаа өмнөхөн сонссон Ерөнхийлөгч ихэд бухимдсан гэж байгаа. Гэтэл энэ асуудлыг салбар хариуцсан сайд нь ядаж зохицуулах ёстой байв. Адаглаад л ажилтныхаа ямар ажил хийж байгааг мэдэж байх хэрэгтэй биз дээ. Гэтэл тэр таг чиг. Хэрвээ Японд ийм явдал болсон бол ажилтныхаа хариуцлагагүй үйлдлийг мэдээгүй өнгөрсөн сайд нь тэр дороо л огцордог юм билээ. Гэтэл Монгол улсын Гадаад харилцааны сайд ийм том хэрэг мандаачихаад хэнэггүй сууж байгаа гээд л бодчих. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлтийн дараа тэрбээр Засгийн газрыг шахаж байж онгоц нисгэж сүржигнэн олон Монгол залуусыг хоолноос нь салгасан гэж байгаа. “Тухайн үед газар хөдлөлтийн голомтод байгаа хэдэн хүнийг аюулгүй газар руу татчихад болохоор байсан” хэмээн өнөөдөр ч олон хүн ярьдаг. Энэ мэтээр түүний мэдлэггүй, мэдрэмжгүй алдаанууд маш олон бий. Монголын төр гадаад харилцааны том салбарыг мэдрэмжгүй хүнээр удирдуулаад даруй гурван жил боллоо доо.
Б.ЭНХМӨНХЗохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин