Генсекүүдийн марафон

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Баабартай санал нэг байна. Хувьсгал бол асар өндөр өртөгтэй тоглоом. Тэр тусмаа Ардын намын генсек У.Хүрэлсүхийн хувьд асар их үнээр олдсон революци. Тийм ээ, тэр хувьсгал хийж байна. Тэглээ гээд үүнийг хэн үгүйсгэж чадна гэж. Н.Энхбаярын гэх тодотголтой МАХН-ыг Ардын нам болгон өөрчилж, посткоммунист дэглэмийг унагана гэж хэн саналаа. Гэвч түүнд яалт ч үгүй ийм хувь тавилан оногджээ. Харин одоо түүний өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гадна Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбат хөндөлсөх болов.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг МАНАН дор манарч явна. Намынх нь генсек үүнийг нь далимдуулж, алган дахь “өндөг”-ийг нь булаахыг оролдох болов. Тэгмэгцээ Н.Алтанхуягийг биш, Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг тулаанд дуудаж эхэллээ. Юун Н.Энхбаяр, юун МАХН. Ардын намын генсекийг “нуувч”-аасаа галлаж байсан Д.Эрдэнэбат өдгөө ил гарч, “Улс төрийн best songs”-т авьяасаа сорьж байна. Тэрхүү тайзан дээр өөрийгөө тодотгох гол “зэвсэг”-ээрээ эрх баригч хүчний ¹2 хүнийг сонголоо. Хамтарсан Засгийн газрын “хаалга”-ыг маналцаж яваа намуудын генсекүүдийн дунд ширүүхэн тулаан эхлэх нь энэ. Н.Алтанхуяг ч яах вэ. Халаасны өрөөнд нэг жил толгой хоргодоод л нүүгээд явчихна. Харин Д.Эрдэнэбатын хувьд Ардчилсан намыг ирэх сонгуулиар аварч үлдэх үүрэгтэй эрхэм. Гэвч мань эр хүсэл тэчъяалдаа хэт шатсан уу, яасан “Цаг нь болоогүй хайр”-ын тухай дуу аялах боллоо. Ардчиллын хөх тугийг Ардын намын тугаас ялгаруулж харагдуулахын оронд Ардчилсан нам хэмээгч фон дээр Д.Эрдэнэбат гэдэг хувь улстөрчийн тоглолт хийх болов. Журмын нөхдийнх нь хувьд энэ бол уучилшгүй алдаа. Сонгуулийн хувьсгалд намынхаа сервер болж оролцох учиртай генсек нь бодлогогүй үйлдэл хийнэ гэдэг Ардчилсан намын хувьд аюул. Ер ганц дайчин туг барьж хашгираад хаа ч хүрэх билээ дээ.

МАХН-ын ууган нэрийг сэргээсэн авторуудын нэг бол яах аргагүй У.Хүрэлсүх. Тэрбээр “Манай нам нэрээ өөрчилснөөр УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн мэдэгдсэн.

Харин Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбатын хувьд байр суурь нь тун бүрхэг байгаа. Товчхондоо, улс төрийн тавцнаа 20 жилийн туршлага хуримтлуулсан У.Хүрэлсүх, дүүргийн Засаг даргын албанаас улстөрчийн намтраа эхэлсэн Д.Эрдэнэбат хоёрын хооронд тун их ялгаа бий. Тэр тусмаа армид бэлтгэгдсэн Ардын намын генсек байлдааны тактикаар намынхнаа хөдөлгөж байгаа бол мань эр люмпенпролетариудын хэв шинжийг давтаж байна. У.Хүрэлсүх “Монгол Улсад шилжилтийн үе эцэс болсон. Харин одоо бүтээн байгуулалтын эрин үе эхэлж байна” хэмээсэн бол Д.Эрдэнэбат “Улс оронд болж, бүтэж байгаа зүйл ганц ч алга” гэж байх юм. Хоёр намын генсекүүд хот, хөдөөд иймэрхүү л имижтэй зочилцгоож байна.  

Ардчилсан намын генсек ууртай байх нь аргагүй. Сонгууль хаяанд ирчихээд байдаг. Гэтэл намынх нь рейтинг өсдөггүй. Тэгэхээр мань эр бухимдахаас өөр яалтай. Бүр өөрийнхөө хаалгыг тогших гэж байгаад өрөөлийн хаалгыг өшиглөтлөө хяналтаа алджээ. Гэлээ гээд түшиж тулах хүн цөөтэй Д.Эрдэнэбатыг буруутгаад ч яалтай. Н.Алтанхуяг нь Ардчилсан намын тугийг Ардын намын туг­тай зэрэгцүүлэн тавьчихаад албан тушаалын “бялуу”-нд по­логтож суухад тэр хүн цөхрөх нь гарцаагүй. МҮДН угшилтайгаа са­нагалзаж, З.Энхболд нартай хүч хавсран хамтарсан Засгийн газ­рын хана хэрмийг төнхөж ч үзлээ. Гэтэл яав. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд Н.Алтанхуягийн суудлыг эзлэх гээд хүчирсэнгүй. Одоо бүр тэр тухайгаа ярихаа ч больж. Түүнтэй нэгдсэн МоАХ, “Зүүн хойд Ази-”ийнхан, соцдекүүд, бас МҮДН-ынхан… Бүгд л амь, амиа бодохоор шийдэцгээжээ. Ардчилсан намын генсек аймгуудад ажиллаж, хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан хэдэн сайд нараараа “бамбай” хийж байгаа ч тусыг эс олов. Гэлээ гээд яах билээ. Хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын 2012 оны сонгуульд намаа ялагдуулахгүй байх хувь түүнд тохиосон. Хамгийн сонирхолтой нь тэрбээр “Эрх баригч хүчний “өвөр”-т шургалсан намын генсек” гэдэг тодотголтойгоор ирэх сонгуулийн бэлтгэлээ базааж байна. Энэ нь хувь тавилангийн шоглоом уу, аль эсвэл тоглоом уу.

У.Хүрэлсүхийн хувьд бол хувьсгалд бэлтгэгдсэн кандидат. Их улс төрийн хаалгаар үзэгнээс өөр өмчгүй орж ирсэн Н.Энхбаяр хуучнаар МАХН-ыг УИХ-ын 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялуулж байсан нь үнэн. Харин түүнтэй хэн, хэн хүч хавсарсан билээ. Тэр эрхмүүдийн дунд У.Хүрэлсүх байсан юм. Тэрбээр улс төрд бүхэл бүтэн армитай. Залуусын армийг хөдөлгөж, МАХН-ынхан 2000 онд парламентад 72 суудалтай болоход гол нөлөөг үзүүлсэн билээ. Тэгэхээр эрх баригч хүчний түүхэнд Н.Энхбаярын байгуулсан гавьяаг хуваалцах эрх түүнд бас байгаа биз. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди түүнийг “Гал шиг дүрэлз” хэмээн зоригжуулж, С.Баяр “Залууст итгэл хүлээлгэх цаг болсон” хэмээн мэдэгдсэн нь Ардын нам дахь түүний нэр нөлөөг илтгэнэ. Харин лидерүүдийнх нь хүч тарамдаж, дотоод хямралдаа “идэгдсэн” Ардчилсан намын генсек түүний зүг нумаа татаад хаа холдох бол. Ямартай ч сөрөг хүчний индрээс буусан улс төрийн хүчний генсек Д.Эрдэнэбат эрх баригч хүчний генсекийн өмнө инстинктээрээ гал өрдөж эхэллээ. Харин У.Хүрэлсүх түүнд ямар хариу барихыг цаг хугацаа харуулах биз. Учир нь генсекүүдийн марафон ид үргэлжилж байна. 

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж