Хумсалсаар хумсалсаар хулгайч болох вий?

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Хумсалсаар хумсалсаар хулгайч болох вий?

Монголын бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон мянган компани, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй, Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн бус байгууллагын нэг бол Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим. Эдийн засгийн хөгжлийг дэмжих,  бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үндэсний эдийн засгийг бий болгох талаар төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сайжруулахад саналаа өгөх зэргээр олон мянган гишүүнийхээ дуу хоолой нь болох ёстой Худалдаа аж үйлдвэрийн танхимын өнөөгийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр дэлгэгдэх болсон билээ.

Бизнесийн салбарын хамгийн том нэгдэл болох МҮХАҮТ-ын данс уг нь “Шилэн байх” ёстой юм. Гэвч, энэ байгууллагад шийдвэрлэх ёстой олон асуудал хуримтлагдсаныг тэнд болж буй үйл явдлууд нотлох болов. Тухайлбал, Танхимын дарга М.Оюунчимэгийн хүсэлтээр 300 сая төгрөгийн гүйлгээ ганцхан түүний гарын үсэгтэй гарсан явдал олон нийтийн дунд МҮХАҮТ-ын удирдлагууд гишүүдийнхээ хураамж, татвараас хумсалдаг юм биш биз гэсэн хардлага ч төрүүлж буй.

Учир нь, танхимын дарга М.Оюунчимэг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар тус бүр 150 сая төгрөгийн орон сууцны дэмжлэгийг өөрсдөө өөрсдөдөө олгосон гэх хэвлэлийн мэдээллээс харахад ажилчид болон гишүүд нь ингэж хардах нь зүйн хэрэг. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, гишүүдийнхээ хураамжийн мөнгөнд дур мэдэн “гар дүрж”, данснаас мөнгө “идэж” байгаа танхимын дарга нар өөрсдийнхөө үйлдэлд эрүүл, саруулаар дүгнэлт хийх цаг болжээ.

Үндэсний бизнесменүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хямралын энэ үед тэдний эрх ашгийг хамгаалж, төр, засагтай холбож өгөх гүүр нь болох ёстой танхимын дарга нар ийнхүү эхнээсээ идсэн, уусан гэх асуудалд холбогдоод эхэлсэн нь энэ байгууллагын удирдлагын багт дахин салхи оруулах цаг нь болсныг харуулж буй юм. Хэдийгээр М.Оюунчимэг, Э.Оюунтэгш нар өнгөрсөн 2014 оноос танхимын гүйцэтгэх аппаратыг толгойлж ажиллаж байгаа ч энэ байгууллагад 28-30 жил ажиллаж буй дархлагдсан хүмүүс гэдгийг батлан хэлэх хүмүүс  бизнесийн салбарт цөөнгүй

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас шагшрах вэ гэсэн үг байдаг. Танхимын дарга нар овоо босгоогүй бол түүн дээр нь шагшрах хүн гарахгүй байсан биз.  

МҮХАҮТ-ын сайтын мэдээллээс харахад тус танхим нийтдээ 1500 гишүүнтэй юм байна. Танхимын нэг гишүүн жилдээ дор хаяж 300 мянган төгрөгийн хураамж төлдөг гэхээр ямархуу орлоготой байгууллага болохыг нь төвөггүйхэн тооцчихож болохоор.

Тодруулбал, МҮХАҮТ нь “Diamond гишүүн”-ээсээ нэг сая төгрөг, “Platinum гишүүн”-ээс 750,000 төгрөг, “Gold гишүүн”-ээс 500,000 төгрөг “Classic гишүүн”-ээс 300,000 төгрөгийн хураамж авдаг аж. 

Бизнесийн салбарынхны эрх ашгийг хамгаалах,  гадаад, дотоодын бизнес уулзалт зохион байгуулах, үндэсний аж үйлдвэрүүдээ сурталчилан таниулах, гүйцэтгэх аппаратаа цалинжуулах гээд чамгүй мөнгөө шаардлагатай болдог ч биз.

Гэхдээ ажилчдаа шагнаж, урамшуулах, цалин, хөлсийг нь нэмэхээ больё гэхнээ өөрсдөө, өөрсдийгөө хэдэн зуун саяар нь шагнаж урамшуулах нь эрүүл шийдвэр мөн үү, эрхэм бизнес эрхлэгчдээ! 

Өнөөдөр тус танхимын дарга нартай холбоотой зүй бус үйлдлийг шүүмжилсэн ажилчдыг  ажлаас нь шалтгаангүйгээр халах болсон байна. Дарга нарынх нь шийдвэрээс харахад тэдний хууль бус үйлдлийг ажилчид нь нүдээ аниад өнгөрөөх ёстой байсан бололтой. Үнэнч, шударгаар асуудалд хандсаны төлөө өс өвөрлөн, ажлаас нь халж байгаа дарга нар “Танхимыг” хувийн компаниа гэж бодоогүй байлтай.

Хэдэн зуун саяар бие, биенээ урамшуулан шагнаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа танхимынхаа дарга нартаа гишүүн байгууллагууд хяналт тавьж, хааяадаа ч гэсэн санхүүгийн бичиг баримтыг нь шалгаад үзчихвэл гэмгүй болов уу. Эцэст нь сануулахад “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар, хумсалсаар хулгайч” гэсэн нэг мэргэн үг байдаг. Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж байгаа гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй танхимын дарга нар хурааж цуглуулсан мөнгөнөөс нь хумслаад сууж байгаа нь шударга явдалд нийцэж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авна биз ээ.

Нөгөөтэйгүүр энэ асуудалд МҮХАҮТ-ын танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав “надад хамаагүй” гэсэн байр сууринаас хандаж байгаагаа телевизэд ярилцлага өгөхдөө илэрхийлж байсан. Энэ байгууллагын хамгийн том албан тушаалыг хашиж, хамгийн том эрх мэдэл дээр сууж байгаа хүний хувьд доод албан тушаалтнууддаа хяналт тавьж, хариуцлага тооцох нь түүний үүрэг биш гэж үү. Эс бөгөөс тэр танхимын ерөнхийлөгч гэсэн бэлгэдлийн шинжтэй амьгүй албат уу?

Т.ГЭРЭЛМАА

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж