ЭНЭ ТӨР
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Акимыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.
-“Ганжуур”, “Данжуур” их хөлгөн судрууд алдагдсантай холбоотойгоор танд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж та ярьж байсан. Тэр хэрэг юу болсон бэ?
-Тэр хэрэг дууссан. Яаж шийдэгдсэнийг нь чи харж байгаа биз дээ. Би энд ингээд зүгээр сууж байна. Угаасаа миний буруу байгаагүй болохоор түүнийгээ нотлох амархан байсан. Бүх баримт нь бий. “Ганжуур”, “Данжуур” алдагдсан хэрэгт би огт оролцоогүй.
-Өмнө нь “Ил товчоо” сонинд байхдаа та мөн л хэрэгт татагдаж байсан даа?
-Тухайн үед “Маш нууц” гэгдэж байсан материалыг хэвлэлд нийтэллээ хэмээн надад гурван жил хорих ял оноож байсан. Гэхдээ төрийн хүмүүс өөрсдөө материалаа задалчихсан хэрнээ намайг буруутгасан юм шүү дээ. Тэгээд яах вэ, би буруугүйгээ нотолж чадсан болохоор эцэст нь тэр хэрэг хаагдсан. Хамгийн сүүлд Ц.Жаргалсайхантай холбоотой төрийн нууц задруулсан хэрэг гарсан. Харин энэ хэргийг албаны хүмүүс нь нотолчихсон шүү дээ. Ингэж эх орноо худалдаж болохгүй.
-Эх оронч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Эх орондоо хайртай, түүнийхээ төлөө зүтгэдэг хүнийг хэлэх байх. Ямар ч гэсэн энэ УИХ-ын 76 гишүүн шиг байж болохгүй.
-УИХ-ын 76 гишүүн яасан гэж?
-Тэд олигтой ажиллаж чадахгүй байна. Ард түмний амьдрал өдөр ирэх бүр доройтож байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа. Гэтэл хүмүүсийн авч байгаа цалин хэдэн төгрөг билээ. Дөнгөж өнөө маргаашаа арай ядан аргацааж байна. Тэтгэвэрт гарсан хүмүүс хэдэн төгрөг авч байгааг мэдэж байгаа биз дээ. Казинод тоглодог, том бизнесмэнүүдийн хувьд үнийн өсөлт гэдэг нэг их анхаарах зүйл биш байх. Харин Монголын жирийн иргэдийн хувьд энэ бүхэн маш хүнд дарамт болж байна.
-Эрх баригчдыг солихын тулд Арабын орнуудад гарч байгаа шиг хувьсгал хийх ёстой гэж зарим хүн яриад байгаа. Хуулийн дагуу асуудлыг шийдэж чадахгүй бол тийм хувьсгал хийх нь зөв үү?
-Энэ бол тэгж ярьж байгаа хүмүүсийн асуудал. Гэхдээ миний хувьд ямар ч цуст тэмцэл хэрэггүй гэж бодож байна. Уг нь монголчууд байна даа эв зүйгээ ололцчихвол зүгээр юм. Одоо үед муу хэлээд байдаг МАХН-ын Улс төрийн товчооныхон бол оготоны хамраас ч цус гаргалгүй асуудлыг шийдвэрлэж чадсан. Гэтэл одоогийн төр засаг тэгж чадахгүй байна. Парламентын өнгөрсөн сонгуулийн үед долдугаар сарын 1-нд юу болсныг мэдэж байгаа биз дээ. Бүхэл бүтэн таван хүний амь нас сүйдсэн. Харамсалтай нь одоо болтол буруутан нь олдоогүй хэвээр байна. Гэхдээ ард түмний бухимдал туйлдаа хүрээд босвол яаж ч чадахгүй. Түүнийг зогсоох хүч байхгүй учраас цус урсахаас өөр аргагүй. Монгол Улс бол ганц хүн юм уу нам биш, харин ард түмэн. Гэтэл төр засгийн удирдлагууд хувийн ашиг сонирхлоо “эх орон” гэсэн ойлголттой хутгаж байна. Тойрог бүрт нэг тэрбум олгох тухай бөөн яриа болсон. Гэтэл УИХ-ын гишүүн тэр нэг тэрбум төгрөгөөр сургууль барина гэж ярина. Уг нь энэ асуудлыг зохицуулахын тулд Боловсрол, соёл шинжлэх ухааны яам байдаг биз дээ. Түүний төсөвт шинэ сургууль барих тухай тусгаж өгдөг. Энэ бүхэн маш утгагүй зүйл. Манай төр засаг буруу замаар явж байгааг энэ бүгд нотолж байна. Дэлхийн бусад орны парламентын гишүүд улс төрийн шийдвэр гаргах үүрэгтэй хүмүүс байдаг. Тэд хууль боловсруулдаг болохоос биш гүүр, барилга барьдаггүй.
-Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал нэлээд хурцдаж байх шиг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “МАНАН”-гийн төөрөгдлөөс гарахуй” гэсэн нийтлэл бичсэн нь нэлээд анхаарал татаж байгаа. Та энэ тухай юу хэлэх вэ?
-Би тэр нийтлэлийг уншаагүй. Хийх судалгаа их байгаа болохоор сонин эргүүлж амжихгүй байна. Гэхдээ зүгээр энэ бүх зүйлийг хөндлөнгөөс харж, сонсож байгаа хүний хувьд хэлэхэд энэ өнөөгийн төр бол бараг дампуурч байна. Монголын ард түмний төлөө хийж байгаа зүйл ганц ч алга. Ард түмнээ үргэлж хуурдаг төр байж болох уу. Болохгүй биз дээ. Тийм учраас УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь ирэх сонгуулиар солих хэрэгтэй.
-Тэднийг орлох цоо шинэ хүмүүс байгаа болов уу. Байлаа ч гарч ирж чадна гэж бодож байна уу?
-Чадах эсэхийг Монголын ард түмэн л мэднэ. Хүмүүс 10, 20 мянган төгрөгт хууртаад саналаа худалдаад байвал УИХ-ын 76 гишүүнийг сольж чадахгүй л байх. Тиймээс тэр жаахан мөнгөнд хууртаж болохгүй.
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар нэлээд ярьж байгаа. Хэрэв өөрчилж чадвал мөнгөнд хууртагдаж саналаа өгөх боломж хязгаарлагдах байх гэсэн найдлага байна. Тийм үү?
-Хэрэв өөрчилж чадвал шүү дээ. Гэтэл одоо болтол хийсэн юм алга. Хэдэн гишүүн нь ярьсаар л байна. Ингэж сунжирсаар байгаад ирэх жил гэхэд ямарч өөрчилсөн зүйл байхгүй, хуучин хуулиараа явчихаж мэднэ. Энэ хэдэн гишүүн тэгж чадах хүмүүс. Уг нь сонгуулийн холимог тогтолцоотой болбол зүгээр байгаа юм.
-МАХН гэдэг нэртэй шинэ нам байгуулж болно, болохгүй гэх маргаан сүүлийн үед их гарах болсон. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Яг үнэндээ Монгол Улсын иргэн хүн нам байгуулах эрхээ эдэлж яагаад болохгүй байгааг би сайн ойлгохгүй байна. Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байгааг нь зарим хүн нотолж байгаа. Гэхдээ энэ талаар би сайн хэлж мэдэхгүй байна.
-Хятадад өвөрмонголчууд жагсаал, цуглаан зохион байгуулж эхэллээ. Тэд соёл, ёс заншлаа хадгалж тусгаар Монгол Улстайгаа нэгдэх юмсан гэж бодож байгаа байх. Тийм үү?
-Тийм байх. Өвөрмонголчуууд гудамжинд гарч жагсаж байгаа явдлыг бид дэмжих ёстой. “Алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий” гэж монголчууд ярьдаг. Тэр яг үнэн. Тиймээс өвөрмонголчуудыг бид өмөөрөх ёстой. Гэтэл манай төр хятадуудаас айгаад ган хийж чадахгүй байна. Юм дуугарвал хилээ хаачих вий гэж айж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол Улс Хятадын бүрэн атганд орчихоод байна гэсэн үг. Уг нь ханцуй дээрээ мундаг хас тэмдэг наачихаад явдаг “Даяар Монгол” гэх мэт хөдөлгөөнүүд “Монгол” гэж хашгираад байдаг. Гэтэл өнөөдөр алга байна. Уг нь тэд хашгирч л байх ёстой шүү дээ.
-Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог. Хойд талаараа хагас оросжсон Буриад, урд талаараа хагас хятаджсан Өвөрмонголтой хиллэдэг учраас Монгол өнөөдөр тусгаар тогтнолоо хадгалж чадаж байгаа юм биш үү?
-Тэгж хэлж болно. Гэхдээ дэлхий дахинд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчихөөд байхад бид юунаас айх ёстой гэж. Хоёр хөршдөө уусахгүйн тулд бид өөрсдийгөө хамгаалах нь зүйтэй. Гэтэл манай дарга нар хүүхдүүдээ Хятад руу явуулж сургах нь их болж. Ингээд байвал амархан уусахаас өөр аргагүй. Монголын ирээдүй болсон хүүхдүүд Хятадын хэл соёлд нэвтэрч, түүнийг судлан өөриймшүүлчихээд эх орондоо аваад ирдэг. Эцэст нь нөгөө монголчууд хөрш орондоо уусч байна гэх дүгнэлтэд өөрийн эрхгүй хүрч байгаа юм.
-Өвөрмонголчуудыг Хятадад “Монгол”, харин Монголд “Хятад” гэж дургүйцэн гадуурхдаг. Уг нь тэд хэл соёлоо хадгалахыг хичээж яваа хүмүүс гэж би боддог. Таны хувьд?
-Тийм. Өвөрмонголчууд үүнд маш их гомддог. Би Хөх хот руу Чингисийн онгоны тахилгад оролцох гэж явах үед нэг өвөрмонгол залуутай уулзсан. Тэр надад энэ тухай ярьж, жаахан халамцсан хойноо бүр агсам тавьсан. Одоо би өвөрмонгол хүний бичсэн номын англи эхийг орчуулж байгаа. Түүн дээр энэ тухай гардаг. Монголчуудын дунд өвөрмонголчуудыг “Хужаа” гэж адлах хүн ч бий. Тэгж хэлдэггүй хүн ч бас бий. Ойн мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэж. Уг нь өвөрмонголчууд бидэнтэй элэг нэгтэй хүмүүс шүү дээ.
-Хятадад энд тэндгүй эсэргүүцлийн жагсаал, цуглаан гарах боллоо. Эцэст нь ямар үр дүнд хүрэх бол?
-Хятад улс задарчихвал бидэнд л сайн биз. Ер нь том гүрэн задарвал жижиг улсуудад ашигтай байдаг. Тэгэхдээ хятадууд тэнд яаж бужигнах нь бидэнд хамаагүй.
-Сүүлийн үед уул уурхайн салбар их хөгжиж байгаагаас Монголын байгаль, экологи сүйрч байна. Сүйрүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь хятадууд гэж зарим хүн ярьдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Монголын газар нутгийн 60 гаруй хувь нь гадныхан, тэр дундаа хятадуудын мэдэлд байдаг. Тэгэхээр сүйрэхээс биш яах вэ. Хүн өөрийн гэсэн юмандаа гамтай ханддаг. Монгол Улс тэдний эх орон биш учраас яаж манай нутгийг хайрлах юм бэ. Зөвхөн бид л эх орноо сэглүүлэхгүй байхын төлөө зүтгэж чадна.
-Та одоо ямар ажил хийж байна вэ?
-“Чингисийн онгон” гэдэг нэртэй байгууллагад ажиллаж байгаа. Энэ байгууллага Мөнгөнморьт суманд Чингисийн онгоныг томоохон цогцолбор маягаар барьж байгуулах ажлыг хийж байгаа. Би энд түүхийн судалгаа хийж байна.
-Та “Зуун жилийн ганцаардал” номыг монгол хэл рүү орчуулж гаргасан хүн. Харин сүүлд энэ номын зохиогч Габриэль Гарсиа Маркесийг Монголд авчрах талаас нь хөөцөлдөж байгаа гэж ярьж байсан. Түүний хаягийг олж чадсан уу?
-Чадаагүй. Хаягийг нь интернэтээр их хайсан. Гэвч олдоогүй. Одоо ч тэгж авчрах хөг нь өнгөрсөн биз.
-Та бол Монголын шилдэг орчуулагчдын нэг. Харин сүүлийн үед орчуулгын бүтээл рүү нэг их орохоо больчихсон юм уу даа?
-Би олон зохиол, бүтээл орчуулсан. Би өөрийн гэсэн зорилготой хүн. Тийм учраас аливаа ажлыг хүнтэй хамтарч хийх дургүй. Хийх ч үгүй. Гэхдээ цаашид ном орчуулах тал дээр олон зүйл хийх байх.
-Сүүлийн үед орчуулгын зохиол олон гарч байна. Хэр чанартай байгаа бол?
-Мэдээж хэрэг, тэдгээр номыг тухайн хэлийг нь мэддэг хүмүүс орчуулсан байж таарна. Гэхдээ монгол хэл рүү буулгахдаа маш муу найруулгаар бичиж байна. Тэр номууд дунд авах юм байхгүй. Монголчууд хүүхдүүдээ багаас нь гадаад хэлтэй болгоно гэж зүтгэж байгаа нь маш буруу. Дэлхий нийтээрээ хүүхдийг 12 нас хүртэл нь эх хэлээ маш сайн зааж өгдөг жишиг байдаг. Манайд бол эсрэгээрээ болчихжээ. Түүнээс гадна сүүлийн үед ном уншдаг хүүхэд ч ховордож дээ. Бүгд компьютер руу шагайж, алаан хядаантай тоглоом тоглож байна. Ийм зүйл бидэнд хэрэггүй.
-Нэг хэсэг Чингисийн бунханыг оллоо гэж шуугиад байсан. Тэгээд сүүлдээ худлаа болоод явчихсан уу?
-Чингисийн бунхан угаасаа олдохгүй. Юу гэж тийм амар гараад ирэх вэ дээ. Арвангуравдугаар зууны үеийн хүмүүс өнөөгийн монголчуудад олдохооргүйгээр нууцалж чадсан гэж би боддог юм. Би Чингисийн бунхан хаана байгаа тухай нэлээд уншиж, судалсан. Гэхдээ түүнийг ухаад гаргаж ирнэ гэж яриад байгааг хэрхэвч дэмжихгүй. Бид тийм том хүний шарилыг ухах хэмжээнд хүрээгүй байна. “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын учрал” нэртэй миний нэг ном бий. Би тэр бүтээлдээ Чингис хааны тухай маш дэлгэрэнгүй судалж бичсэн. Магадгүй хувь хүн талаасаа ямаршуу хүн байсан гэдгийг ч гаргаж чадсан байх.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин