“Хиймэл дагуултай холбогдох туршилт амжилттай болсон”

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

“Хиймэл дагуултай холбогдох туршилт амжилттай болсон”

“Оюутнууд хиймэл дагуултай холбогдлоо” гэх сонирхолтой мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явах болов. Тодруулбал, Монголын 30 гаруй оюутнууд өнгөрөгч даваа гаригийн шөнө 00.39 минутад Японы ALOS-2 хиймэл дагуултай холбоо тогтоожээ. Энэ арга хэмжээг “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-аас Цэдэнбалын хөшөөтэй талбайд зохион байгуулсан байна. Тэдний гол зорилго нь “Сансар огторгуй биднээс тэс хөндлөн, хол зүйл биш” гэдгийг ойлгуулахад оршиж байгаа аж.

“ЕБС-ИЙН СУРАГЧДААР ТУРШИЛТ ХИЙЛГҮҮЛНЭ”

Энэ арга хэмжээг зохион байгуулж буй “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-ын гишүүн, ШУТИС-ын харьяа Коосэн загварын Технологийн Дээд Сургуулийн захирал А.Ганбаяраас тодрууллаа.

-Японы хиймэл дагуултай холбогдлоо. Энэ арга хэмжээг ямар шугамаар зохион байгуулсан бэ?

-Хүүхэд багачуудад “Сансрын технологи биднээс хол зүйл биш. Бидэнтэй ойрхон” гэдгийг ойлгуулахын тулд энэ туршилтыг Монголд анх удаа зохион байгууллаа. Японы сансар судлалын “Жакса” агентлагаас “Эх газрын одон орд” гэсэн төсөл хэрэгжүүлдэг юм. Энэ төслийг бид Монголд анх удаа хэрэгжүүлж, оюутнуудыг өөрийн бүтээсэн багажаар Японы хиймэл дагуултай холбоо тогтоох боломжийг олгож байна.

-Яагаад заавал арван хоёрдугаар сарын найман, тэгээд бүр шөнийн 00.38 минутад хийсэн юм бэ?

-Арван хоёрдугаар сарын наймны 00.38 цагт Японы сансар судлалын агентлагийн “ALOS-2”  хиймэл дагуул Улаанбаатар хотын дээгүүр явж өнгөрөх байсан. “ALOS-2”  нь тусгай цахилгаан соронзон бүхий камертай, газрын зураг авдаг хиймэл дагуул. Тэр камерт гарахын тулд цахилгаан соронзон орныг ойлгодог багаж шаардлагатай. Энэ багажийг хүүхдүүд маань гар доорх материал ашиглаад таван ширхгийг хийсэн. Хүүхдүүд маань хиймэл дагуултай холбоо тогтоохын тулд тухайн цагт энэ багажуудаа янз бүрийн байдлаар байрлуулсан. Ингээд Улаанбаатар хотын дээгүүр явж буй хиймэл дагуул зургийг нь авч байгаа юм.

-Энэ туршилтад ямар хүүхдүүд оролцсон юм бэ?

-ШУТИС-ийн харьяа Коосэн загварын технологийн дээд сургууль, Техник технологийн сургуулийн харьяа “Монгол Коосэн” дээд сургуулийн сурагчид ихэвчлэн оролцсон. Японд энэ төслийг дунд сургуулийн сурагчдад зориулж явуулдаг.

-Яагаад заавал дээрх хоёр сургуулийн оюутнуудыг хамруулж байгаа юм бэ?

-Гол нь эдгээр оюутнууд цахилгаан соронзон долгионы онолыг үзсэн. Иймээс эхний туршилтыг онолыг нь үзсэн эдгээр сурагчдаар хийлгүүлье гэж шийдсэн. Ирэх жилээс бусад ЕБС-ийн сурагчид, хүссэн хүүхэд бүрийг хамруулан, онолыг нь тайлбарлаж туршилт хийлгэнэ.

-Ойлгогч төхөөрөмжийг хэдэн ширхэгийг хийж туршилт явуулсан бэ?

-Оюутнуудын хувьд туршилт явуулах таван багаж хийсэн. Нэг багажийг 3-5 хүүхэд хийх жишээтэй. Багажийг төмөр, тор, пластик хоолой гэх мэтчилэн гарын доорх материалаар хийж байна.

-Дараа дараагийн туршилтад бусад сургуулийн сурагчид энэ туршилтад хамрагдъя гэвэл яах вэ?

-Фейсбүүк дэх “Сансар дахь бидний мөрөөдөл” гээд хуудсанд нэгдэж бидэнтэй холбогдож болно.. Цаашид жилд хэд хэдэн удаа зохион байгуулна. Дунд сургуулийн сурагчдыг ихэвчлэн хамруулах юм.

“ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛСОН”

Ингээд хиймэл дагуултай холбогдох үйл ажиллагаанд оролцсон ШУТИС-ийн Технологийн дээд сургуулийн оюутан Т.Баттөр, Д.Эрдэнэчимэг нараас туршилтынх нь талаар ярилцлаа. 

-Хиймэл дагуултай холбоо тогтоох анхны туршилтад яагаад оролцох болов. Туршилт хэр амжилттай болсон бэ?

-Бид ангиараа энэ туршилтад оролцсон. Анх 10 дугаар сард бид нарт энэ туршилтад оролцох талаар дуулгасан. Уг нь 11 дүгээр сард хийх байсан ч хойшлогдоод 12 дугаар сарын найманд болсон. Манай сургуулиас цахилгаан электрон, сан барилгын ангийн хүүхдүүдийг туршилтад оруулахаар сонгож авсан юм. Туршилтад цахилгаан соронзон долгионыг цацна гэдэг утгаараа мэргэжлийн ангийн хүүхдүүдийг сонгосон юм билээ.  Ингээд сонгогдсон хүүхдүүдийн хувьд хиймэл дагуултай холбоо тогтоож долгионыг хүлээж аваад эргүүлж ойлгох төхөөрөмж хийх хэрэгтэй болсон. Бидний хувьд ойлгогч төхөөрөмжийг гар доорх материал ашиглаад хийсэн. Тэр ойлгогчоо дээрээс харахад дүрс харагдах байдлаар байрлуулах ёстой байсан л даа. Өчигдрийн хувьд  /12.07/ гадаа хүйтэн байсан болоод ч тэр үү дүрсээ олоогүй байж магадгүй. Байрлуулалтан дээр бага зэргийн асуудал үүссэн. Гэхдээ туршилт маань амжилттай болсон.

-Хиймэл дагуултай яг ямар байдлаар холбоо тогтоож байгаа гэсэн үг юм бэ?

-Хиймэл дагуулаас цахилгаан соронзон долгион ирнэ. Тэр ирсэн мэдээллийг хиймэл дагуул нь зураг хэлбэртэй гаргаж ирдэг. Бидний хийсэн төхөөрөмж нь ирсэн долгионыг буцаж цацдаг. Газарт байгаа од мэт зураг хэлбэрээр гаргаж ирдэг. Тэр зургийг ойлгож чадаж байвал туршилт амжилттай боллоо гэж дүгнэдэг.

-Яагаад заавал 12 дугаар сарын долооны өдөр, 00.39 минутад туршилтыг хийсэн юм бэ?

-Японы ALOS-2 хиймэл дагуулын Улаанбаатартай хамгийн ойр ирэх хугацаа нь тэгж таарсан. 12 дугаар сарын наймны шөнө хамгийн ойр ирэхээр байсан л даа.

“ГАР ДООРХ МАТЕРИАЛААР ТӨХӨӨРӨМЖӨӨ ХИЙСЭН”

-Яагаад энэ туршилтад оролцох болов?

-Бидний хувьд энэ жилээс мэргэжлийн хичээл судалж эхэлсэн. Тиймээс мэдлэгээ баталгаажуулахын тулд энэ туршилтад орсон. Мөн Монголд хиймэл дагуулын анхны туршилтад гар бие оролцох нь сонирхолтой санагдсан юм.

-Анхны туршилтад оролцсоноор цаашид юу хийх юм бэ?

-Энэ туршилтыг цаашид жил бүр ЕБС-ийн сурагчдаар хийлгүүлнэ. Нэг ёсондоо энэ төсөл баяжаад, үргэлжлээд явна гэсэн үг. Бидний хувьд анхны туршилтад оролцсон учраас дараа дараагийн хүүхдүүдэд багаж, төхөөрөмжөө хэрхэн хийх талаар зааж сургана. 

-Төхөөрөмжөө ямар материалаар хэрхэн хийсэн бэ?

-Ойлгогч төхөөрөмжийг ямар материалаар хэрхэн хийх талаар бидэнд заавар өгсөн. Энэ хүрээнд гарын доорх материалаа ашиглаад бөөнөөрөө хийсэн л дээ. Ойлгогч хийхдээ сараалжин төмөр, сантехникийн хоолой, рам зэргийг цуглуулж байгаад хийсэн. Өчигдөр /12.08/ туршилт хийхдээ төхөөрөмжөө маш нарийн байрлуулсан. Бид яг яаж байрлуулах талаар мэдэхгүй байсан. Төхөөрөмжөө тэдэн хэмийн, тийм налуутай байрлуулахаас эхлээд их нарийн юм билээ. Ямар ч байсан амжилттай болсонд баяртай байгаа.

-Энэ туршилтад оролцсоноор юу сурч, мэдэж авсан бэ?

-Монголчуудын хувьд сансар огторгуй, хиймэл дагуул гэдэг их холын, бидэнтэй хамааралгүй зүйл мэтээр ойлгодог юм шиг. Миний хувьд ч гэсэн тийм бодолтой байсан. Тэгвэл туршилтад оролцсоноор энэ ойлголт маань өөрчлөгдөж ирсэн. Юм сурахын хажуугаар их сайхан дурсамж үлдлээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж