Л.Жамбалжав гологдож, Н.Энхбаяр шилэгдэв үү?

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Л.Жамбалжав гологдож, Н.Энхбаяр шилэгдэв үү?

Авлигын хэргээр АТГ-аас баривчилсан Эрүүл мэнд, спортын экс сайд Г.Шийлэгдамбын суудал эзгүй хэвээр. Эзгүй суудал тойрсон эзэнтэй “онигоо”-нууд улс төрд өрнөж байна. ЭМС-ын сайдын суудалд МАХН-ынхан Л.Жамбалжавыг томилуулахаар өргөн барьсан ч Ерөнхий сайд хүлээж аваагүй юм. Энэ бол үнэндээ Ерөнхий сайдын гэхээсээ Ардчилсан намын даргын шийдвэр байсныг үгүйсгэхгүй. Ч.Сайханбилэг дангаараа ийм шийдвэр гарах эрх мэдэлгүй хүн шүү дээ.

Ч.Сайханбилэг Л.Жамбалжавтай яагаад нэг баг болж хамтран ажиллахаас татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй ч тэтгэврийн насны гэх шалтгаар түүнийг сайд болгохыг дэмжээгүй гэсэн мэдээлэл саарал ордноор “тэнүүчилж” байна. Н.Энхбаярыг Шадар сайд болгох АН, МАХН-ын тохиролцоо явагдаж байгаа нь үнэн бол энэ бол зөвхөн шалтаг ч байсан байж болох талтай.

Л.Жамбалжав “Хэрэв нам намайг гаргаж дэмжсэн бол нөгөө намтайгаа ярилцаад шийдэх ёстой. Тиймээс ч  ярьж зохицуулах байх гэж горьдож намын даргаасаа гуйсан. Та яриад өгөөч дээ, хэлээд өгөөч, юу нь болохгүй байна. Ямар хэрэг хийсэн юм. Тийм асуудал байгаа бол та тайлбарлаад өгөөч. Намайг дэмжээч” гэдгээ намын дарга Н.Энхбаярт  нэг бус удаа хэлснээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий.

МАН-аас хөөгдөж, өрх гэр тусгаарласан Н.Энхбаяртай АН-ын үе, үеийн дарга нар шадарлах болсон нь Засгийн газраа аврах гэсэн арга уу, алах гэсэн оролдлого уу гэдгийг одоогоор хэлэхэд эртэднэ. Түүнтэй барьсан гараа 10 жилээр бататгасан биш Н.Алтанхуяг Ерөнхий сайдаа, намын даргатайгаа алдаж, “шалдан” хоцроход хүрсэн гашуун явдал ч байна.

Тэгвэл Н.Энхбаяр түүнд ямар нэгэн хариу өгөөгүйн хариулт өчигдрөөс тодорхой болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Л.Жамбалжавыг голсон шалтгаан хийгээд намын дарга нь түүний хүсэлтэд хариу өгөөгүйн  тайлбар нь Н.Энхбаяр өөрөө Шадар сайд болох явдал байжээ гэлтэй. Тэрбээр үе үехэн АН-ын дарга нарын өрөөнд саатаж,  Төрийн ордонд сэм, сэмхэн үзэгдэх болсон гэх. Хэрэв Н.Энхбаяр Шадар сайд болчихвол одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатар намын даргадаа суудлаа найр тавьж өгөөд, Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдож магадгүй нь. Энэ яриаг МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан ч үгүйсгэсэнгүй. Ц.Оюунбаатарын хувьд Н.Энхбаярт төлөх өр бий л байх. Түүнийг жагсаалтаар УИХ-ын гишүүн болгосны хувьд Шадарын суудлаа “бэлэглээд” Эрүүл мэнд спортын сайдын суудал дээр очих нь асуудал биш байж болох юм.

Ийнхүү Өмнөд Солонгосоос ааруул цагаа идэхээр эсвэл Төрийн ордонд салхилахаар Улаанбаатарт ирдэг байсан МАХН-ын дарга Ардчилсан намын гарыг бариад зогсохгүй бугуйг нь барьж, Монголдоо төдийгүй саарал ордонд өвөлжихийг хүсч байгаа бололтой.

Түүнийг Шадар сайд болохыг Ерөнхий сайд дэмжих үгүйг ирэх өдрүүдэд ордны улс төр харуулах биз. 

МАН-аас хөөгдөж, өрх гэр тусгаарласан Н.Энхбаяртай АН-ын үе, үеийн дарга нар шадарлах болсон нь Засгийн газраа аврах гэсэн арга уу, алах гэсэн оролдлого уу гэдгийг одоогоор хэлэхэд эртэднэ. Түүнтэй барьсан гараа 10 жилээр бататгасан биш Н.Алтанхуяг Ерөнхий сайдаа, намын даргатайгаа алдаж, “шалдан” хоцроход хүрсэн гашуун явдал ч байна. Ямар ч байсан Ардчилсан намынханд Л.Жамбалжав гологдож, Н.Энхбаяр шилэгдэв үү гэсэн асуулт тавигдаж буй.

Н.Энхбаяртай сүжрээд байгаа З.Энхболд Н.Алтанхуяг шиг “шалдан” үлдэх вий дээ. Эхнээсээ АН-ын зарим гишүүн, тухайлбал, Зам тээврийн сайд М.Зоригт Н.Энхбаяртай нэг танхимд хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна лээ шүү.

 А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж