Монголын урд хөрш болох Хятадын ойрын таван жилийн төлөвлөгөөний нэгээхэн хэсэг бол төмөр замынхаа нийт уртын хэмжээг 2020 он гэхэд 120 мянган километрт хүргэх явдал. Тэгвэл 2050 оноор товлосон хөгжлийнхөө урт хугацааны стратегийн төлөвлөгөөгөө Назарбаеваар удирдуулсан казахын ард түмэн биелүүлэхийн төлөө чармайж байна.
Японы Shimizu гэх барилгын том компани сарнаас эрчим хүч ашиглан дэлхий дээр хэрэглэх мастер төлөвлөгөөгөө танилцуулсан нь эрдэмтэд, судлаачдын анхаарлыг татаад байгаа аж. Тус компани богино долгион, лазерь ашиглан сарнаас эрчим хүч ашиглаж чадна гэж үзжээ.
Ийнхүү улс орнууд хөгжлийнхөө том төлөвлөгөөг баталж, тэрхүү бодлого хэрэгжүүлэхийн тулд бүхий л боломжоо ашиглаж байна. Харин монголчуудын зорилго юу вэ?
Үнэндээ малаа алж, урагшаа гаргаад тэрбум доллар олно гэдэг нүүрсээ хүрзээр ухаад, машинаар зөөгөөд, төмөр замаа түмэн цэргээр бариулж, мөнгөтэй болно гэсэнтэй адилхан хоосон мөрөөдөл. Бүтээгүй бүхнийг мөрөөдөл орлодог гэж байгаа. Монголчууд минь мөрөөдөөд, мөрөөдөөд л байж дээ.
Монгол Улс “Шинэ төмөр зам” гэх дунд хугацааны төсөл хэрэгжүүлэхээр таван жилийн өмнө төмөр замын бодлогоо баталж байв. Тэр цагаас хойш төмөр зам гэх энэ сэдэв улстөрчдийн зодооны талбар, иргэдийн талцах орон зай болж хувирсан юм. Үүний ачаар юм уу, гайгаар гэх үү ямар ч байсан өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улс нэг ч километр төмөр замыг ашиглалтад оруулж чадсангүй. Уг нь болгоё гэсэн хүнд мөнгө нь ч, хөрөнгө оруулагч нь ч, хоёулаа байлаа.
Үүнийг дагаад төмөр замаар дамжин гурав дахь зах зээл рүү баялгаа зарах Монголын бас нэгэн мөрөөдөл будаа. Экспортын төмөр замтай болох Монголын гол зорилго нь овор ихтэй баялгаа төмөр замаар тээвэрлэж, гурав дахь зах зээлд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн худалдах явдал шүү дээ, уг нь.
Монголчуудын том зорилгууд жижиг улс төр болон хэзээ ч бүтэхгүй мөрөөдлүүдийн тоо ар араасаа нэмэгдсээр. Бүтээгүй мөрөөдлөө хэрэв жагсаавал ямархуу урт жагсаалтыг гарахыг таамаглахад тийм ч хэцүү биш. Учир нь чөлөөт бүстэй болно гэсэн Монголын нэг мөрөөдөл арав гаруй жил ярьсны эцэст өнгөрсөн онд хоосон хашаанд нээлт хийсэн төдийгөөр дуусах шив дээ. Хэрэв Монгол Улс хөгжлөө төлөвлөдөг, төлөвлөсний дагуу бодлогоо хэрэгжүүлдэгсэн бол аль хэдийн тавдугаар цахилгаан станцаа барьж, Эгийн голоо ашиглалтад оруулчих байсан юм.
Даанч, хөгжлийн томоохон бодлогоо улс төрийн жижиг хэрүүл болгон хувиргадаг улстөрчдийн ачаар тавдугаар цахилгаан станц гэх сайхан мөрөөдөл 20 жилийн турш гацав.
Үе, үеийн Засгийн газар тавдугаар цахилгаан станцыг ашиглалтад оруулна гэж бардам амалдаг ч шалдан гуятай хоцордог нь худлаа биш л дээ. Ч.Сайханбилэг ч мөн адил тавдугаар цахилгаан станц барина гэсэн Засгийн газар болгоны мөрөөдлийг үргэлжүүлж, сайн нь төслийн концесс эзэмшигчидтэй өнгөрсөн намар цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурав. Уг нь өнөөдөр Д.Зоригт энэ сэдвээр пи-ар хийх биш эрчим хүчний тавдугаар эх үүсвэрээ монголчууд ярьснаараа бол аль хэдийн барьчихсан байх ёстой байсан юм. Нийтдээ 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай тавдугаар станцыг барих ажлыг “Энжие”, “Сожиц”, “Поско энержи”, “Ньюком групп” гэсэн олон улсын компаниудаас бүрдсэн консорциум барьж ашиглалтад оруулах гэнэ. Олон жил ярилаа, одоо арай ч дээ, урагшаа явах байлгүй дээ хэмээн эрчим хүчний салбарынхан халаглацгааж байна.
Улс орны хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтууд удаашрах тусмаа унац ихтэй, улстөрчдөд ашигтай ч байдаг биз.
Саяхандаа, Сайншандын аж үйлдвэрийн парк барина гэж манай улстөрчид хөөрцөглөөд гүйгээд байсан, шав ч үгүй, цаас ч үгүй болчихсон сууж байна. “Сайншандын аж үйлдвэрийн паркийг барьснаар эдийн засгийн өсөлт 2013-2021 онд дунджаар 15.8 хувьд хүрнэ” гэж ирээд л зарим улстөрчид үнэнээсээ итгэлтэй ярьж байсныг яана. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлт дөнгөж 2.5 хувьтай байгаа.
Сү.Батболдын, Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн гээд гурван засгийг дамжин яригдаж байгаа ч энэ төсөл бодит ажил болсон юм алга. Салбарын сайд асны мөрөөдөж байсан, 2017 онд ашиглалтад оруулна гэсэн паркийнх нь ажил эхлээ ч үгүй, Шинэчлэлийн Засгийн газрын үед бондын мөнгөнөөс 14.2 тэрбум төгрөгийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих бэлтгэл ажлыг хангахад зориулж гаргасан нь чухам юу болоод дууссаныг мэдэж байгаа хүн ч алга.
Монголчуудын мөрөөдөл ингээд дууссангүй ар, араасаа амттайгаар үргэлжилж байна. Хятадаас авсан зээлээрээ Эгийн голын цахилгаан станцыг барьж, эрчим хүчээ экспортлох юм гэнэ дээ. Нөгөө гурилтай бол айлаас мах гуйгаад бууз хийхсэн, даанч давс байхгүй гэдэг шиг. Цаашлаад нэг тэрбумын мах Хятад руу экспортод гаргаж, нэг сая хонины махыг арабуудад худалдаж, сэрчихгүй бол сайхан зүүд үргэлжилсэн хэвээрээ байна.
Даанч, харамсалтай нь, оросууд шүлхий гарсан гэдгээр шалтаглан Монголоос мах авахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарлачихлаа. Нүүрсээ заралгүйгээр хав дараад, илүүдээд буй малаа экспортод гаргаж нэг тэрбум ам.доллар олно гэсэн Р.Бурмаа сайдын мөрөөдөл будаа. Энэ ч угаасаа бүтэхгүй ажил гэдэг нь эхнээсээ тодорхой байсан л даа. Хятадууд эхлээд Монголын малыг өөрсдийнхөө мөнгөөр эмчилж, дараа нь өөрсдийнхөө мөнгөөр биднээс мал худалдаж авна гэдэг нь ойрын хугацаанд лав бүтэхгүй мөрөөдөл болох нь нэгэнтээ тодорхой байсан юм. Манай бүлтэрдэг дарга нар хоосон мөрөөдөлд автаад байснаас биш Хятадууд Монголоос мах авна гэсэн гэрээ хийгдээгүй байгаа шүү дээ. Хэлцэл төдий байгаа ажлыг ингэж рекламдах нь зөв ч юм уу, бүү мэд. Ямар ч байсан мөрөөдөл биелж, нэгэн цагт хятадууд тэрбум долларын мах Монголоос импортолдог гэмээнэ монголчууд малаа барахгүй гэх баталгаа байна уу. Малаа барвал нүүдэлчний соёл устах аюул бий. Бугын чив үнэд орлоо гэж бугаа, тарваганы арьс үнэд орлоо гээд тарвагаа барчихсан гунигт түүх Монголд байгаа.
Малаа алаад, махаа гадагшаа зарж тэрбум доллар олох нь нүүрсээ хүрзээр ухаад, машинаар зөөгөөд, төмөр замаа түмэн цэргээр бариулж, мөнгөтэй болно гэсэнтэй адилхан бас нэгэн хий хоосон мөрөөдөл. Бүтээгүй бүхнийг мөрөөдөл орлодог гэсэн үг байдаг Монголчууд минь мөрөөдөөд, мөрөөдөөд л байж дээ.
Ж.НЯМСҮРЭН