“Ховд аймгийн “2011 оны Оюунлаг гэр бүл”-ээр Мянгад сумын харъяат Цүлтэм овогтой Жарантайн гэр бүл шалгарчээ. Ц.Жарантай нь олон нийт болон боловсролын байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа түүхчилсэн тэмдэглэл, нийтлэлийн 10 ном, сонин сэтгүүлүүдэд 2000 гаруй мэдээ, тэмдэглэл, сурвалжлага нийтлүүлж, нэг кино зохиол, зургаан дууны шүлэг зохиосон байна. Гэргий С.Цийрэгзэн боловсролын байгууллагад 32 жил ажиллаж, олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсэд амжилт гаргаж, төрүүлсэн үр хүүхдүүд нь яруу найраг утга зохиол , хэвлэл мэдээллийн салбарт оюуны арвин бүтээл туурвин нэр алдраа мандуулж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.
Мөн Зэрэг сумын харъяат Пумаа овогтой Төмөрөөгийн гэр бүл, Жаргалант сумын харъяат Намсрай овогтой Дамбын гэр бүл тус тус шалгарсан байна.
“Оюунлаг гэр бүл”-ээр шалгарсан дээрх гурван гэр бүлд аймгийн Засаг даргын батламж, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулжээ.