Шударга ёс, хариуцлагын тогтолцоо, хөгжил цэцэглэлийг дэмжинэ
“Итгэлийн утас 1903”-ыг дэмжиж ажиллахаар боллоо
2011 оны 6 дугаар сар 16 – Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн гаралт жилээс жилд нэмэгдсээр байгаа учир дээрх гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг өргөн хүрээнд, тогтвортой явуулах шаардлага тулгараад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Азийн сан болон Give2Asia байгууллага нь Хүйсийн тэгш эрхийн төвийн хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвөлгөө өгдөг 19-03 Итгэлийн утсыг 2 жилийн хугацаанд дэмжихээр болоод байна.
ХТЭТ нь дээрх утсыг 2006 оноос эхлэн ажиллуулж байгаа бөгөөд энэ хугацаанд олон нийтэд ХХГХ-ээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хохирогч болсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болон өсвөр насны хүүхдүүдэд шууд туслалцаа үзүүлж, хохирогчдыг өөрөө хүссэн тохиолдолд хуулийн байгууллагуудад хандуулж асуудлыг нь шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсээр байна.
Сүүлийн жилүүдэд уг төрлийн гэмт хэргийн гаралт ихээр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улс нь хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэргийн гаргагч болон хүлээн авагч орон болоод байна.
Тус төв нь 2006 онд Азийн сангийн дэмжлэгтэйгээр анх “Итгэлийн утас 1903”-ын үйл ажиллагааг эхэлж, олон нийтэд зориулсан сурталчилгааны кампанит ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. 2002-2010 оны хооронд уг утсанд 385 хохирогчид хандсаны 60.7 хувь нь буюу 234 нь бэлгийн мөлжлөг, 25.5 хувь нь буюу 98 нь хөдөлмөрийн мөлжлөг, 12 хувь буюу 47 нь гэр бүл зуучлалаар дамжин хохирогч болсон бөгөөд 6 хүн сураггүй болсон байна.
ХТЭТ-ийн тэргүүн Г.Ганбаясгахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Родхам Клинтоны тушаалаар АНУ-ын Төрийн департаментын “Орчин үеийн боолчлолыг төгсгөл болгоход гавьяа байгуулсан 2010 оны баатар” өргөмжлөл олгосон билээ.
Хэдийгээр “Итгэлийн утас” нь 5 жил гаруйн хугацаанд тогтвортой ажиллаж байгаа ч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалж үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байсан юм. MYTWO сангийн санхүүжилтээр итгэлийн утасны үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод туслалцаа үзүүлэх, уг төрлийн гэмт хэргээс олон нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажлыг явуулах боломжтой болоод байна.
“Итгэлийн утас 1903” нь хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл, зөвөлгөө өгөх, хохирогчдод туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа боловч уг төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах хууль эрх зүйн таатай орчинг бий болгох шаардлагатай байна. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуулийн төсөл батлагдсанаар хохирогчдыг хамгаалах болон гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр томоохон дэвшил гарна.
Шударга ёс, хариуцлагын тогтолцоо, хөгжил цэцэглэлийг дэмжинэ
АНУ-ын Азийн сан нь Ази номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил дэвшил, шударга ёс, нээлттэй байдлыг хөхүүлэн дэмжигч ашгийн бус ТББ юм. Тус сан нь засаглал, хууль эрх зүй, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эдийн засгийн шинэтгэл, олон улсын харилцааны чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажилладаг. Азийн орнуудад үйл ажиллагаа явуулсан 60 жилийн туршлагадаа үндэслэн манлайлал болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх, туршлага солилцох, бодлогын судалгаа зэрэг чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай түншлэн ажилладаг билээ. Тус сан нь Азийн 18 орон дахь суурийн төлөөлөгчийн газрууд болон АНУ-ын Сан-Франциско, Вашингтон хотууд дахь салбаруудаараа дамжуулан улс орон хийгээд бүс нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг. 2010 онд тус сан өөрийн төсөл, хөтөлбөрүүддээ нийт 98 сая ам.долларыг зарцуулж, 42 сая ам.долларын өртөг бүхий нэг сая гаруй ном, сурах бичгийг хандивлаад байна.
Give2Asia нь Азийн орнуудад туршлагад тулгууралсан, ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд хандивлагчдын хөрөнгийг хариуцлагатайгаар зарцуулдаг байгууллага юм.Тус байгууллагыг АНУ-ын Азийн сан 2001 онд байгуулсан ба энэ хугацаанд нийт 150 сая ам.долларын хандивыг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулаад байна.