Сайд Ц.Цолмон Элчин сайд Катерин Арнолдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Сайд Ц.Цолмон Элчин сайд Катерин Арнолдыг хүлээн авч уулзав

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Катерин Арнолдыг Төрийн ордонд энэ сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол Улс, ИБУИНВУ-ын харилцаа олон жилийн түүхэн уламжлалтай бөгөөд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа 1999 оноос эхлэлтэйг дурьдаад Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Энхийг дэмжих ажиллагаанд оролцож амжилт гаргахад ИБУИНВУ-ын туслалцаа дэмжлэг их байсан онцлов. Тухайлбал “Энхийг сахиулахын англи хэл” төсөл ихээхэн ач холбогдолтой төсөл болохыг уулзалтын эхэнд тэмдэглээд, Англид боловсрол эзэмшсэн монгол офицерууд Зэвсэгт хүчний хөгжил, дэвшил, шинэчлэлд гар бие оролцож байгааг онцоллоо.

 

Батлан хамгаалахын сайд цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад Элчин сайд Катерин Арнолд баярласнаа илэрхийлээд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Бээжин хотод суугаа ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн албаны 2 цэргийн алба хаагч Монгол Улсыг хариуцан ажиллаж байгааг дурдав. Тэрээр цаашид Улаанбаатар хотод суугаа ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны дэргэд Батлан хамгаалахын атташегийн алба байгуулагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн ИБУИНВУ нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төсвийг бүрдүүлэгч гол хандивлагч орнуудын нэгний хувьд Монгол Улсаас НҮБ-ын ЭСА-нд оролцож буй оролцоог өндрөөр үнэлдэг тухай дурдаад, өнөөдрийн байдлаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны хувьд Батлан хамгаалах үзэсгэлэн зохион байгуулах, "Хааны эрэлд" сургуульд хамтран оролцох, Энхийг сахиулахын англи хэлний төсөл, хөтөлбөрт хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлсэн.

 

ИБУИНВУ-ын зүгээс Монгол Улсын цэргийн алба хаагчдыг тус улсад сургаж бэлтгэх, Монгол Улсад морин полог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаас гадна "Хааны-Эрэлд" энхийг дэмжих ажиллагааны сургалтад идэвхтэй оролцож байгааг дурдав. Цаашид ИБУИНВУ-ын Батлан хамгаалах коллеж, цэргийн сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах боломжийн талаар харилцан ярилцав. Гадаадын улс оронд энгийн их дээд сургууль төгссөн монгол залуучууд ИБУИНВУ-д цэргийн сургуульд суралцах хүсэл сонирхолтой байдгийг дурдсан.

 

Морин пологийн дараагийн тэмцээнийг ирэх оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулах талаар Батлан хамгаалахын сайд, Элчин сайд нар харилцан тохиролцож Английн талаас сургагч багш нар Монгол Улсад хүрэлцэн ирэхийг Элчин сайд Катерин Арнолд тэмдэглэлээ.

 

Сайд Ц.Цолмон, Монгол Улс НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо цаашид үргэлжлүүлэх ба НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн удирдлагын төвшинд генерал, офицеруудыг ажиллуулах, Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааны чадавхыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж, зарим талаар амжилтад хүрч байгааг дурдав. Уулзалтанд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, тус газрын тасгийн дарга, хурандаа Ш.Амарбаясгалан нар ИБУИНВУ-ын талаас Элчин сайдын яамны Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Зандан байлцав.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж