Өнгөрөгч долоо хоногт УИХ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийг хамтад нь баталлаа. Энэ тухай УИХ-ын дарга “АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг хийж чадлаа” хэмээн тэмдэглэж, хуулийн төслийг анх боловсруулан УИХ-д оруулж ирсэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, түүнийг үргэлжлүүлэн авч явсан сайд Д.Дорлигжав нар болон ажлын хэсгийн бүх гишүүдэд баяр хүргэж, талархал илэрхийлэв. Эрүү, Зөрчлийн шинэ хуулийг ирэх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө.
2002 онд баталсан Эрүүгийн шинэ хууль нь 1986 онд шинэчилсэн найруулгаар баталсан Эрүүгийн хууль, 1993 оны нэмэлт өөрчлөлтийг бодвол социалист маягийн эрүүгийн эрх зүйн системээс татгалзаж, ардчилсан чөлөөт нийгмийн харилцаа, хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн өмч, өмчлөх эрхийг хамгаалах талдаа харьцангуй дэвшил авчирсан ч нөгөө талдаа ялын бодлогын хувьд хатуудсан, өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна хэмээн шүүмжлэгдсээр ирсэн билээ. Ялын төрөл цөөн, хорих ялыг урьтал болгодог зэрэг нь хоригдол, цэрэг хоёрыг хямд ажиллах хүч хэмээн үзэж, социализмыг бүтээн байгуулахын тулд шоронгуудыг дүүргэх бодлого барьж ирсэн өмнөх нийгмийн хэрэгцээ шаардлагаас улбаатай ч гэдэг. Тиймээс ч 2002 оны Эрүүгийн хууль нь “Монголыг шоронжуулсан хар хууль” хэмээн нэршихэд хүрээд байв.
Харин сая шинээр баталсан Эрүүгийн хуулийн анхны төслийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 онд Х.Тэмүүжин сайд Гэмт хэргийн хууль нэртэйгээр Зөрчлийн тухай хуультай хамтад нь УИХ-д өргөн барьжээ. Шинэ Засгийн газар томилогдсоны сайд Д.Дорлигжав хоёр хуулийн төслийг эргүүлэн татаж, өнгөрсөн хаврын чуулганд дахин оруулж ирснээс хойш есөн сарын дараа УИХ баталлаа. Ингэхдээ одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж, зөвхөн гэмт хэргийн шинж чанар буюу үйлдлээр нь гэмт хэргийг тодорхойлдог болсон байна.
Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын хууль болон Эрүүгийн хуульд ижил гэмт хэрэгт захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гэсэн хоёр өөр стандарт тогтоож, хариуцлагыг ялгавартай оноосноос нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завших боломж олгож, нөгөө талаар хуулийн байгууллагын албан хаагчид хуулийн хуулийн нэрээр далайлган хувьдаа хожоо хайх, бизнес эрхлэгчдийг дарамтлан хөлжиж бэлжих нөхцөлийг бүрдүүлдэг байв. Харин Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг нэг шугам дээр тавьснаар өмнө бий болоод байсан давхардсан стандартууд үгүй болж, гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргасан этгээдэд хүлээх хариуцлага тодорхой болсон байна.
Өмнөх хуульд байсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэх мэт гэмт хэргийн ангиллыг хуулиас хассанаар өөр өөр төрлийн хэргүүдийг бөөнөөр нь нэг уутанд чихэн ижил ял оноодог хуулийн гажуудлаас гарч, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол барагдуулсан эсэхээс шалтгаалан ял, албадлагыг ялгавартайгаар хэрэглэх боломж бүрдсэн байна. Мөн ялын шинэ төрлүүдийг бий болгож, хорих ялын доод хэмжээг бууруулснаар /7 хоногоос нэг сар/ өмнөх хуулийн “шоронжсон” байдлаас татгалзаж, яллагдагчийн засрал хүмүүжлээс шалтгаалан ялын хэмжээг уян хатан байлгахаар зохицуулсан байна. Тухайлбал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан бол нэг удаа ял, хариуцлагаас чөлөөлөх, эрх чөлөөг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах, эсвэл тэнсэх ял шийтгүүлсэн этгээд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн бол ялыг биечлэн эдлүүлэх буюу хорих ялаар солих гэх мэт.
Гэвч энэ нь өмнөх хуульд байсан “давтан гэмт хэрэг”-тэй холбоогүй бөгөөд “Нэг хэргийн улмаас хоёр удаа ял шийтгэхгүй” гэдэг хуулийн үндсэн философийн дагуу давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халсан байна. Мөн хөнгөн ялыг хүндэд багтаадаг байсныг халж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оноохоор болжээ.
Мөн “Иргэнд байхгүй эрхийг төр эдлэх ёсгүй” гэсэн нийгмийн гэрээний онолын дагуу цаазын ялыг халж, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, хүүхдийн ялыг өөрчилж /хорихоос өөр төрлийн ялаар сольсон/, “эрүүгийн хариуцлага” гэсэн ерөнхий ойлголтыг “ял”, “албадлагын арга хэмээ” хэмээн тусад нь зааж өгсөн байна.
Эрүүгийн шинэ хуульд байгаль орчны гэмт хэрэг болон хуулийн этгээдийн хариуцлагыг тусад нь бүлэг болгож, хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн хариуцлага хүлээдэг байсныг өөрчлөн байгаль орчинд хохирол учруулсан, мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгт хуулийн этгээд буюу компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байхаар хуульчилжээ. Түүнчлэн торгох ялын илтгэлцүүрийг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог байсныг “тооцооны нэгж” гэх илтгэлцүүртэй болгосон байна. Учир нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг УИХ ч, Засгийн газар ч тогтоодоггүй, харин Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурвалсан хэлэлцээрээр тогтоодог учраас хэзээ ч өөрчлөлт орох боломжтойгоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн тохиолдолд хуульд заасан илтгэлцүүр өөрчлөгдөж, хуулийг зүйл заалт бүрээр өөрчлөлт оруулах шаардлагатай болох учраас тухайн үеийн төгрөгийн ханштай уясан “тооцооны нэгж” гэдэг илтгэлцүүрийг авсан байна. Ханшийн өөрчлөлт гарсан, инфляц үүссэн тохиолдолд УИХ зөвхөн “тооцооны нэгж”-ийг хэдэн төгрөгтэй тэнцүүлэх вэ гэдгээ эргэж харахаас өөрөөр хуулийн зүйл заалт болгонд өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсантай холбоотойгоор өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгож, салбарын хуулиудад орсон давхардсан заалтуудыг Эрүү, Зөрчлийн хуулиар зохицуулахаар болжээ.
Хэдийгээр 13 жилийн дараа шинэчлэгдэн гарч байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль нь эрүүгийн эрх зүйн салбарт хийгдсэн нэгэн том шинэчлэл, шинэ эргэлт боллоо хэмээн хууль тогтоогчид дуу нэгтэйгээр баталж байгаа ч гэлээ араас нь дагаж гарах ёстой процессын хуулиудаа яаравчлахгүй бол хүний эрхийн зөрчил, хууль сахиулагчид, хуулийн байгууллага дур зоргоор авирлах явдлыг нэг мөр таслан зогсоож чадахгүй гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.
Б.СЭМҮҮН