Америкийн “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн урилгаар Монголд ирэх гэж буй дэлхийн шилдэг бүжигчид өнөөдөр орой ирэх юм. Д.Алтанхуяг өөрийн байгуулсан “Монголын балетийн хөгжил сан”-гийн хүрээнд олон улсын балетийн фестивалийг Монголд зохион байгуулах гэж байгаа аж. Тиймээс өөрийн хамтран бүжиглэдэг, дэлхийд үнэлэгдсэн шилдэг бүжигчдийг Монголд ирж тоглолтоо сонирхуулахыг урьжээ. Өнөөдөр түүний урьсан 10 гаруй орны шилдэг бүжигчид Монголд ирэх бөгөөд гурав хоногийн турш Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт П.И.Чайкосвкийн “Хунт нуур” балетийн бэлтгэлээ хийх юм. Тэд энэ сарын 19-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад гоцлох бөгөөд 24, 25-нд “Night of Ballet” гала тоглолтоо Монголын үзэгчдэд хүргэх юм. Бүжигчдээс гадна АНУ-ын New England Conservatory хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, удирдаач, мэргэжлийн симфони найрал хөгжимчдийн холбооны удирдаач, АНУ-ын El Sistema байгууллагын захирал Марк Черчиль ирнэ. Тэрбээр УДБЭТ-ын симфони найрал хөгжмийг удирдах юм.
М.Дөл