Л.Жамбалжав: Би гологдох хүн биш

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Л.Жамбалжав: Би гологдох хүн биш

Эрүүл мэнд, спортын сайдад Монгол Улсын хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжавыг томилуулах саналыг МАХН-аас өнгөрсөн долоо хоногт гаргасан ч Ерөнхий сайд хүлээж авахаас татгалзсан. Эрүүл мэндийн салбар болон цаг үеийн асуудлаар Л.Жамбалжавтай ярилцлаа.

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, таныг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэн. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Та юу гэж бодож байна?

-Яах вэ дээ. Нэг үгээр хэлэхэд, болдог юм болдгоороо л болж байх шиг байна. МАХН-аас квотоор Эрүүл мэнд, спортын яамыг авсан. Өнгөрсөн хугацаанд хоёр сайд ажиллалаа. Гурав дахь сайдыг зайлшгүй тодруулах шаардлага гарсан. Тиймээс би өөрийгөө дэвшүүлсэн, намайг эрүүл мэндийн салбарын эмч, эрдэмтэн судлаачид дэмжиж, МАХН-д миний нэрийг дэвшүүлэх хүсэлт гаргасан байна лээ. Би сумын эмчээс эхлээд эрүүл мэндийн салбарт шинэчлэл өөрчлөлт хийхэд гар бие оролцож ирсэн. Надад мэргэжил боловсрол, туршлага байна. Тэгээд ч би ард түмний татварын мөнгөөр суралцсан хүн, хоёрдугаарт, эмч хүний үүднээс ард түмнийхээ төлөө зүтгэе гэж шийдээд “За” гэсэн. Ерөнхий сайд хуулийн хүрээнд шийдвэрлэж, дэмжих боломжгүй гэдэг хариуг өгсөн. Энэ нь түүний хувьд ямар хүнийг тавихдаа биш, хэнийг тавих нь миний эрхийн асуудал гэсэн үг байх. Тэрнээс би болох ёстой гэж гүйж байгаа ч юм алга. Тэр хүний эрхийн асуудал. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг дүгнээд үзэхэд Л.Жамбалжав АН-д байсан, гараад МАХН-руу явсан, Н.Энхбаярын төлөө явсан, АН-ын эсрэг байна гэсэн үг. Тиймээс АН танд дургүй байна гэж яригдаж байна. Би үүнд тайлбар хийх ёстой. Би үүнээс өөр бодолтой байна. АН-ын журмын нөхөд надад дургүй биш. Яагаад гэвэл, би 1990 оноос ардчиллын хүчнийхэнтэй нийлж байсан. Цэргийн хурандаа хувцастай байхдаа хувцсаа тайлчихаад жагсаал цуглаан өлсгөлөнг дэмжиж явсан.

Бүр 1989 оны түүх ярья. 1989 оны аравдугаар сард ээлжит цэрэг татлага болж байсан. Энэ үеэр С.Зоригийг цэрэгт татаад байсан. Энэ үед манай гэр бүлийн хүний багш н.Доржпалам багш утасдаж “Тэр хүн цэрэг татлагад орчихлоо. Хараа муутай, бие нь бас сайн биш, дээр нь МУИС-ийн аспирант хүн, ШУ-ны коммунизмаар докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүн. Тиймээс цэргийн комисс анхаарч авч үзэх болов уу” гэж ярьсан. Би намар нь тэгээд госпиталаас хэрэг гаргаад комисс дээр очиж уулзсан. Энэ үед С.Зориг над дээр гүйж ирэхэд нь би “За комисст ор, цэрэгт ч эрдэмтэн болж болно. Цэрэгт эрдэмтэн чадалтай хүн хэрэгтэй. Эрүүл мэндийг чинь харна” гээд комисст оруулсан. 10 гаруй эмч үзээд цэргийн албанд тэнцэхгүй юм байна гэж үзээд чөлөөлөгдсөн. Гараад ирэхээр нь “За миний дүү, цэргийн албанд тэнцэхгүй юм байна. Ард түмний төлөө өөр ажил хий дээ” гэж хэлсэн. Би тэр үед хувьсгал эхлүүлэх гэж байгаа юм байна гэж мэдээгүй. Гэхдээ эмч хүний хувьд үүргээ биелүүлж гаргаж ирсэн. Гэтэл тухайн жилийн аравдугаар сард Монголын Ардчилсан холбоог үндэслэн байгуулаад гараад ирсэн. Би бодож байна. Тэр хүнийг дарамталж байгаад заавал цэрэгт татчихаж болох байсан. Цэрэгт муйхарлаад оруулсан бол ямар байх байсан бол оо. Тиймээс Ардчилсан хувьсгалын удирдагчид би ингэж тусалж байж гэж боддог юм. Үүний дараагаар намайг цэргийн поркурорт дуудсан. “Та яагаад С.Зоригийг халсан. Та арын хаалгаар халсан байна” гэж намайг гурван удаа дуудаж байцаасан юм шүү дээ.

Миний бие 1990 онд УИХ-д Баянзүрх дүүргийн Шархад орчмын тойрогт нэр дэвшсэн. Гэхдээ тойрогт одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга хийж байгаа Г.Ганболд гарсан. Менежерээр нь С.Баярцогт ажиллаж байлаа. Тэд бол МАХН-ын өмнөөс нэр дэвшин гарч байсан. Харин би Ардчилсан хүчний өмнөөс явж байлаа. Мөн 2004 онд С.Ламбаагийн талд ажилласан. С.Ламбааг дэмжиж, гаргаж чадсан. Тэр ч байтугай ЭМ-ийн сайдад нэр дэвшүүлэхэд нь би хажууд нь гүйж, дэмжиж салбарынх нь тухай мэдээлэл өгч байсан. Одоо ч гэсэн С.Ламбаа нэр хүндтэй байгаа нь миний дэвшүүлж, миний дэмжсэнтэй холбоотой. Дараагийн удаад С.Эрдэнэ БГД-ийн 25 дугаар тойрогт нэр дэвшихэд бас зүтгэж гаргаж ирсэн. Сонгуулийн тойргийн 11 хүнээс би түүний талд байсан. МАХН-аас яаж ч бодсон таван хүн гар өргөнө. Тиймээс нэг хүн нэмэгдэхэд зургаан хүн болж асуудал шийдэгдэх байлаа. Надад нөгөө талаас та татгалз, наад хүний төлөө санал өгөхгүй байгаач, мөнгө өгье, албан тушаал өгье гэж байсан. Би үзэл бодлоо худалдахгүй гээд С.Эрдэнийг гаргасан. С.Эрдэнэ түүнээс хойш УИХ-д хоёр ч удаа гарлаа, сайд хийгээд амжилттай явж байна.

-АН-ын гишүүд танд дургүйдээ биш хамгийн гол нь “Танай нам эрүүл мэндийн салбарыг дампууруулаад дууслаа, АН яамаа авъя” гэдэг утгаар байнгын хорооны хурлаар асуудал хөндөгдөж байсан. Хүн биш намын асуудал яригдаад байгаа юм биш үү?

Намын асуудлыг би мэдэхгүй. Ямар ч байсан МАХН-аас Эрүүл мэндийн хоёр сайд тавьсан. Эрүүл мэндийн салбар бол 90 жил хөгжсөн ууган салбар. Сүүлийн 20 жилд хөгжил дэвшил удаашралтай байна л даа. Олон сайд солигдсон ч ажил хийсэн. МАХН-ын сайдууд юу ч хийгээгүй биш хийсэн. Н.Удвал сайд Суурь шинэчлэлийн бодлого гаргаж ирсэн. Түүнийг нь хэрэгжүүлэхээр Г.Шийлэгдамба сайд зүтгэж байсан. Овойж оцойтол ил харагдахгүй байлаа ч хүний хийж байгаа ажил тухайн үед шууд гарч ирдэггүй байхгүй юу. Дараагийн шатанд гарч ирнэ. Гэхдээ хүн болгоны арга барил өөр. Тэрнээс би МАХН-аас сайд боллоо гэхэд намынхаа эрх ашгийн төлөө, мөнгө гаргахын төлөө ажиллана гэдэг бол байж болшгүй зүйл. Би тийм юм хийх ч үгүй. Хатуухан хэлэхэд эрүүл мэндийн салбар дампуурах нь гэж яриад байна. Хатуухан хэлэхэд үнэн. Гэхдээ энэ салбар дампуурах ч үгүй. Дампууруулах ч үгүй. Яагаад гэвэл үүнийг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 40 мянган хүн мэднэ. Энэ хэд маань өөрсдийн хүчийг гаргаж байна шүү дээ. Би төрийн сайд болно уу гэхээс МАХН-ын сайд болохгүй. АН аваад сайхан болгож МАХН муухай болгоно гэдэгтэй би санал нийлэхгүй байна. МАХН-ын удирдлагуудаас намайг дуудаж “чи хийх үү дээ” гэж хэн ч санал тавиагүй. Би өөрөө санал тавьсан. Үнэхээр нөхцөл байдал хүнд байна. Тиймээс МАХН-ын удирдлагуудад бичгээр, албан ёсоор санал тавьсан юм. Намайг салбарын эрдэмтэд ч дэмжсэн.

-Г.Шийлэгдамбыг АТГ-аас авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Өмнөх сайд нь авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдсон учир олон нийт МАХН-аас сайд гарна гэдэгт сөрөг хандлагаар хандаж байж болзошгүй юм. Үүнтэй санал нийлэх үү?

-Энэ бол харамсалтай явдал. Үнэхээр харамсалтай явдал. Би Г.Шийлэгдамба биш болохоор тэр хүнийг яаж ажилласан, ямар хүнтэй холбогдож байсан юм, ямар хүнээс зөвлөгөө авсан, хэнд тулгуурлан бодлогоо явуулсан, ямар зарчим барив гэдгийг мэдэхгүй. Тэр бол тухайн хүний арга барил, ажлын зарчим шүү дээ. Тэр хүн Засгийн газрын гишүүн байж харамсалтайгаар ийм тохиолдол болж. Үүнийг шүүх үнэн зөвийг нь шүүх олоод, тодруулаад өгөх байх. Хувь хүний л асуудал. Түүнээс биш Г.Шийлэгдамба сайд бол МУ-ын Засгийн газрыг нэрийг сэвтүүлж, МАХН-ын нэрийг сүйтгэхийн төлөө яваагүй байх. Г.Шийлэгдамба хувийн хөрөнгөө өсгөх сэтгэлээр ажиллаагүй байх гэж бодож байна. Хувьдаа Г.Шийлэгдамбыг сайн залуу, сайн хүн, нөхөрсөг гэж үнэлдэг. Тиймээс МАХН-ыг энэ асуудалтай холбож тэр чигээр нь бохирдуулж бодох нь утгагүй асуудал. Аль ч намд сайн муу сайхан муухай байдаг. МАХН-аас гарсан хоёр сайд муу байна. Гурав дахь нь муу байна гэж хэн ярьж байна. Хэн үүнийг урьдчилж мэдэх юм бэ. Тиймээс ч үүнийг тийм биш, би чадна гэдгийг олон түмэндээ зарлаж хэллээ шүү дээ. Энэ бол үнэхээр чадаж байгаа юманд арга байхгүй. Сэтгэлд багтаж байгаа учраас ард түмэндээ хэлсэн үг.

-Таныг Н.Энхбаярын хүн гэж ярьдаг..?

-Н.Энхбаяр гэдэг хүн шоронд ороод, өлсгөлөн зарлаад, бие нь муудаад, яс арьс болтлоо турсан. Энэ үед би эмч хүний зүгээс түүнд санаа тавьж, өмгөөлж, хамгаалж, эмч нарыг хөдөлгөсөн. Би хувийн эмч нь биш. Би түүнд чагнуур тавьж, судсыг нь барьж үзээгүй. Шоронд байхад нь эргэж тойрч байсан, эрүүл мэндийн асуудалд нь санаа зовж байсан. Энэ бол эмч хүний үүрэг. Үүний дараа МАХН байгуулагдахад намын ажилд тусалж байсан. ХУД-т дандаа АН-аас гарч байсан энэ үед намын хэсэг байгуулж, зуутуудыг нь байгуулж, намын хороог байгуулж, өөрийнхөө цуглуулсан хэдэн төгрөг, тэтгэврийн хэдэн төгрөгөө өгч байртай болгож зүтгэсэн. Ингэж явсан болохоор энэ намтай холбоотой болсон. Мэргэжлийн хүний хувьд Ерөнхий сайдад хэлье. Би энэ асуудалд уурлаагүй, гомдоогүй. Хүний амьдралд байдаг л юм. Гэхдээ ганц зүйлийг хэлье. Би түүнд гологдох хэмжээний хүн биш. Шуудхан хэлнэ. Хүн өөрийнхөө чадал хэмжээг мэддэг байх ёстой. Би хэмжээндээ л явж ирсэн. Тэрнээс сагсуураад байсан ч юм байхгүй. Донгодоод байсан ч юм байхгүй, би түүнд гологдохгүй. Сумын эмчээс авхуулаад удирдлагын албан тушаалыг ч хашиж явлаа. Манай улсын эрүүл мэндийн салбар өнөөдөр ямар хэмжээнд, ямар байгааг мэднэ. Ёстой хөх инээд хүрч байгаад өөрийнхөө туршлагыг хэлэхээр байна.

-МАХН-аас Эрүүл мэндийн сайд томилогдох квоттой. Тэгэхээр таныг биш юм аа гэхэд өөр хүнийг дахин нэр дэвшүүлэх асуудал яригдаж байна уу?

-Мэдэхгүй. МАХН миний болон салбарын эрдэмтдийн хүсэлтийг хүлээн авч намайг л дэвшүүлсэн. Хэнийг дэвшүүлэхийг надтай ярьдаг ч үгүй, яриа ч үгүй, ярих ч үгүй байх. Тэр бол намынхны асуудал. Хэрэв нам намайг гаргасан бол гаргасан чигээрээ гаргаад, тайлбараа хэлээд нөгөө намтайгаа ярилцаад зөвшилцөөд, хүн хэлээрээ мал хөлөөрөө шийдэх ёстой. Тиймээс ч зохицуулаад хийх л байх гэж горьдож намын даргаасаа гуйсан. Та яриад өгөөч дээ, хэлээд өгөөч, юу нь болохгүй байна. Ямар хэрэг хийсэн юм. Хэрэв үнэхээр ийм ийм зарчмаар Монгол Улсын сайд хийж болохгүй, гадаадын харьяат ч юм уу, тагнуул хийсэн ч юм уу, гэмт хэрэг хийсэн ч юм уу. Тийм асуудал байгаа бол та тайлбарлаад өгөөч. Би мэдмээр байна. Үүнийгээ мэдэхгүй явж байж таварцаглаж ойчно. Намайг дэмжээч гэсэн. Шаардвал шаардах л байх. Эрх нь байгаа байх. МАХН яаж шийдэх нь намын л асуудал. Тэр хүмүүс хүсэлгүй учраас гэж ингэлээ гэж ярьж байна, хэн мэдлээ. Ямар ч байсан нэгэнт тодорхойлсон байна. Тодорхойлсон хүнийхээ төлөө яваач гэж би намын даргаасаа гуйсан. Хоёр удаа уулзсан, хэлсэн.

-Намын дарга чинь ямар хариуг өгсөн вэ?

-Намын дарга бол мэдээж би өөрийг чинь дэмжиж байна. Дэмжээд ч албан шийдвэрээ хүргүүлсэн. Гэхдээ шийдвэр гаргадаг хүн нь би биш гэж хэлсэн. Хуулийн дагуу шийдэгдэх ёстой л доо. Хүсэлтэд хариулсан бичиг дээр ч тийм байсан. Би намын даргад яагаад дэмжихгүй байгааг нь лавлаач гэсэн. Ярих байх. Одоогоор ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна. Надад хэлээгүй. Болохгүй л байсан юм байлгүй. Гэхдээ би үүнд гутаж гуниад байх юм алга. Харин ч цаашид өөрийнхөө чадах чинээгээр эрүүл мэндийн салбарт хүн ардынхаа төлөө зүтгэнэ.

-Та сайдын суудалд суумаар байна гэж намын даргадаа хандсан гэлээ. Ер нь танд сайд болох хүсэл байгаа юм байна. Үүний шалтгаан нь юу вэ. Ямар учраас сайд болох гээд байгаа юм бэ. Гараад юу хийхээр төлөвлөж байсан бэ?

-Товчхондоо бол ямар ч улстөржилгүй ажиллах байсан. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн гол тулгамдсан асуудал юу байх вэ гэхээр энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр байх ёстой. Мөрийн хөтөлбөрөөс зургаахан сарын дотор юу үлдсэн байна, яаралтай хэрэгжүүлж эхлэх ёстой байсан ажлуудыг дуусгах байсан. Хоёрдугаарт, хууль эрх зүйн зарим актууд хүлээгдээд байгаа юм бий. Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалыг хэрэгжүүлэх асуудал байж байна. Үүнтэй холбоотой эрх зүйн актуудыг боловсруулах ажил яаралтай хэрэгтэй. Мөн эмч мэргэжилтнүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. Сахилга, хариуцлага, ёс зүйн асуудалд тун анхаарах ёстой байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж