Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн футзалын УАШТ футзалын ордонд болж байна. Энэ сарын 3-12-ны өдрүүдэд болж буй УАШТ-д 32 баг оролцож байгаа билээ.
Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдрийн хамгийн сүүлийн тоглолт G хэсгийн “Этүгэн” болон “Монголын тэмүүлэл” багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс илүү байгаагаа харуулж чадсан "Монголын тэмүүлэл" баг үндсэн цагт 12-2 харьцаатай хэсгийн хоёр дахь ялалтаа байгууллаа. Тэд 6 оноотой "Сансар" багийн хамтаар хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон ч хэн тэргүүлэн гарахаа тодруулахын тулд хамгийн сүүлд хоорондын тоглолтыг хийх болно.
Өчигдрийн бусад тоглолтуудаас "Туулын Том Тулнууд" ба "Холбоотон" багуудын тоглолт үзэгчдийн анхаарлыг эрхгүй татсан юм. Аль аль нь ялагдал амсаагүй байсан бөгөөд энэ удаад ч мөн 5:5-аар уг тоглолт дуусч багууд тэнцээний оноог хуваалаа.
"Арвис" өчигдөр “ОД ФС” багийн хаалганд 13 гоолыг оруулж хамгийн өндөр үзүүлэлтийг гаргалаа. Өнөөдөр 09:00 цагаас хэсгийн ээлжит тоглолтууд үргэлжлэн явагдах болно. Та бүхэн амралтын эдгээр өдрүүдэд МХБХ-ны футзалын ордонд цуглаж сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзэж сонирхоорой.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ