Түүнийг зөвхөн түүх шүүнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

Түүнийг зөвхөн түүх шүүнэ

Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийг тэмдэглэх асуудал улстөрчдийн дунд бас нэгэн хэрүүлийн алим болов.  Угаасаа ч манай улстөрчид сэдэв болгоныг улстөржүүлж, жижиг асуудлыг том хэрүүл болгохдоо гарамгай л даа.

Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын хувьд алдаа, оноо аль аль нь байсан л байх. Гэвч өнөөдөр түүний ясыг өндөлзүүлж, хоосон газарт улс төр хийх нь хэнд хэрэгтэй юм бэ.

Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яваа. Түүнийг ойг тэмдэглэхийг хэн ч эсэргүүцээгүй. Гэхдээ энэ ойн хүрээнд Ю.Цэдэнбалыг  хэлмэгдүүлсэн хэмээн Монголын төр уучлалт гуй гэсэн МАН-ын шаардлага зөв эсэхийг шүүхэд тун төвөгтэй.  Ингэхэд тухайн үеийн МАХН-ын хийсэн алдааг өнөөгийн төрд үүрүүлэх зөв үү. Уг нь  эцгийн алдаа хүүд хамаагүй гэсэн үг ч байдаг биз дээ.

Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын хувьд алдаа, оноо аль аль нь байсан л байх. Гэвч өнөөдөр түүний ясыг өндөлзүүлж, хоосон газарт улс төр хийх нь хэнд хэрэгтэй юм бэ. Тэгээд ч түүний сайн муу, алдаа оноо аливаа асуудлыг өнөөгийн парламент биш өнгөрсөн түүх шүүнэ.

Түүнээс хэн нэгэн улстөрч, нам эвсэлд Ю.Цэдэнбалын үхэл, амьдралаар улс төр хийх эрх байхгүй гэсэн үг юм.

Хэрэв Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн гэвэл түүний хариуцлагыг МАН болон МАХН хүлээх ёстой бус уу.   Өнөөгийн МАН, МАХН бол үндэс нэг, үүх түүх адил, өнгөний ялгарал ч үгүй намууд. Нэг цустай, нэг түүхтэй гэдэг утгаараа эдгээр намуудын хувьд Ю.Цэдэнбалаас уучлалт гуйх нь зүйн хэрэг. Харин Монголын парламент, Монголын төрийг уучлалт гуйхыг шаардаж, үхсэн хүний нэр төр, алдаж, оносон амьдралаар улс төр хийх  нь увайгүй хэрэг бус уу. 

Үнэндээ түүний эрх мэдлийг булаан авч,  итгэж явсан намаас нь хөөсөн нь хэн билээ. Өөрөөс нь урваж, зугатаж, өөдөөс нь “салаавч” гаргаж явсан нь аль нам бэ?. Өнөөдөр түүний өнгөрсөн амьдралыг нь сөхөж, өгсч, уруудаж, унаж туссан хувь заяаг  нь шоу болгон шоглох хэрэг байна уу.

Түүхийг харвал, 1984 оны наймдугаар сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Ю.Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнх сонгогдсон байдаг. Нас бартлаа тэрбээр Москвад гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулсан байдаг. Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд хөшөөг нь босгожээ.

Ю.Цэдэнбал бол Монголын түүхийн хар, цагаантай нэгээхэн хэсэг. Түүнийг сайн хүн байсныг бид шүүхгүй. Бас муу хүн гэдгийг нь манай улстөрчид шийдэхгүй. Түүх түүхээрээ үлдэнэ. Түүнээс МАН-ынхан Ю.Цэдэнбалыг сайн, мууг нь шүүж, Монголын төр тэдний үгээр уучлалт гуйгаад суух нь зүйд нийцэх үү. Ю.Цэдэнбалын хөөрхийлөлтэй хувь заяагаар үе, үеийн МАН шоглоом хиймээргүй л байх юм даа.

Т.СОЛОНГО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж