байхад хөгшчүүлийн ярьж өгдөг байсан ардын аман зохиол, үлгэр туйл,
одоогийнхоор бол нээг их хөөрхөн “онигоо” байдаг даа.
Эрт дээр
цагт энэ дэлхий дээр долоон нар мандаж, газар дэлхий ганд шатаж, хүн
амьтан харангадаж үхэх аюул нүүрлэжээ. Тэр үед эрийн сайн эрхий мэргэн
харваач “Би энэ долоон нарыг долоон сумаар харваж унагаж чадахгүй бол эр
хүн байхаа больж, эрхий хуруугаа тайрч хаяад хар нүхэнд амьдарч хагд
өвс идэх болно” гэж ам андгай тавьдаг байхгүй юу. Даанч хамгийн сүүлийн
нарыг харвах гэтэл хараацай дундуур нь ороод сүүл нь салаалчихжээ. Эрхий
мэргэн уурлаад эрхий хуруугаа тасдан тарвага болж, алаг мориныхоо урд
хоёр сүүл нь цавчсан чинь алагдаахай болж… гээд л цаашаагаа явж өгнө
өө.
За тэр ч яах вэ, харин юун азаар сүүлчийн нарыг оночихоогүй
юм гэхээс үнэхээр баярладаг юм. Гэхдээ сүүлийн үед С.Баяр ахын өмнөөс их
санаа зовдог болоод байгаа. Өмдгүй байж өвдөг цоорхойг өрөвдөх гэж болж байгаа
юм уу даа, уул шугамандаа.
С.Баяр ах олон жилийн өмнө сонгуульд
санаандгүй ялалт байгуулчихаад юу хэлэх, юуг хийхээ ч мэдэхгүй
сандрахдаа “Таван төгөлдөршил” гээд л аваад хаядаг юм даа.
Төгөлдөршүүлэх чиглэлд нь сонгуулийн төгөлдөршил, байгалийн баялаг
ашиглалтын төгөлдөршил, бүртгэлийн төгөлдөршил, хишиг хуваарилалтын
төгөлдөршил, төрийн албаны төгөлдөршил гээд наяад юм ордог юм аа. Гарын
таван хуруу дуусаад цааш тоогоо алдсан, кк.
Түүнээс хойш бас л
олон он өнгөрсөн ч С.Баяр ахын таван төгөлдөршил яасан бэ. Байдаггүй ээ.
Юун төгөлдөрших нь байтугай доголоод, догонцоод алга болдгийм даа.
Байгалийн баялгийн ашиглалт бахь байдгаараа, бүртгэлийн төгөлдөршил
хагас дутуу /огт байхгүй гээд хэлчихвэл Н.Алтанхуяг ах бас хуруугаа
тасдах хэрэг гарна. Нэг нь ч гэсэн наранд явж байг л даа/, хишиг
хуваарилалтын төгөлдөршил жонхуурч, төрийн албаныхан төгөлдөрших бус
авлигаших нь баталгаатай болсон гээд тоочоод байвал болж бүтсэн юм тун
алга. Тэр дундаас сонгуулийн тогтолцооны төгөлдөршил гэж юм ёстой нэг
гацах шиг гацаж байна аа. Яавал сонгогчдод ашигтай байх вэ гэхээсээ илүү
яавал би сонгуулах вэ гэж бодоод байхаар арга ч үгүй.
50:26 л
гэнэ, 52:24 л гэнэ, 38,38, бүр сүүлдээ байчаад 26:50 боллоо ч гэх шиг.
Ажаад байхнээ нийлбэр нь 76 байж болох бүх хувилбарын тоог гаргахаар
эрхэм гишүүд толгойгоо гашилгаж байгаа бололтой /Энэ далимд хариуг нь
хэлчихье, яг 76 хувилбар байгаа. Харин битгий будаа идээрэй та нар/.
Цаана нь ямар утга агуулах энэ тэр бол пад байхгүй. Илүү олон тоо хэлсэн
нь IQ сайтайд тооцогдоно гэдэг олимпиадад С.Баяр ахын талынхан уралдаж
байна. 76 хүний эрх ашиг чухал уу, 2,7 сая хүний эрх ашиг чухал уу гэдэг
тооцоог хийж чадахгүй байгаа нөхдөд энэ зэргийн даалгавар ч гэсэн
хатуудаж байгаа л даа.
С.Баяр ахын талынхан гэж хэлсэн нь С.Баяр
ах бас тоонд муу гэсэн үг биш шүү, нүгэл болно. С.Баяр ах угаасаа тоонд
сайн. “Сонгуулийн төгөлдөршил нэг л явж өгөхгүй байна даа, явуулж чадвал
уг нь хуруутайгаа үлдэхгүй юу” гэсэн шиг тооцоод л сууж байгаа. Даанч
тэдний талынхан дайсны талд орчихсон юм уу хаашаа юм, төгөлдөршлийг
гацаагаад байх юм.
Тэгээд ч С.Баяр ахыг олон хүн хэлсэндээ
хүрдэг, жинхэнэ “мужик” гэдэг юм. “Мужик” гэдэг нь манайхаар бол эр хүн,
эрхий мэргэн гэж байгаа юм. Сонгуулийн төгөлдөршил зогсвол цаадах чинь
намынхандаа уурлаад эр хүн байхаа больж, эрхий хуруугаа тасдаж хаяад,
хар нүхэнд амьдарч, хагд өвс иднэ гэх вий. Та нар харж л байгаарай.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин