МАХН-ын дараагийн алхам юу вэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

МАХН-ын дараагийн алхам юу вэ?

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж Улс төрийн намуудын тухай хуулийн татан буугдсан болон өөрчлөгдсөн намын нэрийг дахин хэрэглэж болох эсэхтэй холбоотой заалтуудын талаар гарсан маргааныг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргав. Уг асуудлыг 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэнэ. УИХ-д МАН олон суудалтай тул Цэцийн шийдвэрийг дэмжих нь гарцаагүй.

Байдал ийм болсон ч МАХН-ынхан намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхийн тулд  дараагийн алхмаа хийх нь гарцаагүй. Ингээд энэ талаар МАХН-ын удирдах албаныхан юу ярьсныг хүргэе.

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр:

-Цэцийн хурал Улс төрийн намуудын тухай хуулийн тодорхой заалтыг хэлэлцсэн гэхээсээ Сүхбаатар дүүргийн шүүх дээр гарсан маргааны талаар шийдвэр гаргах хурал боллоо. МАХН гэдэг нэр МАН-д байх ёстой. Бусдыг намын нэрээр төөрөгдүүлэх хэрэггүй гэлээ. Гэтэл МАН-ынхан МАХН гэдэг нэрээ голоод хаясан шүү дээ. Гэхдээ Цэцийн шийдвэрээс хараад МАХН гэдэг нэргийг үргэлжлүүлж авах биш, дахин хэрэглэж болно гэж үзэж байна. Цэц 2005 онд хуралдаж татан буугдсан намын нэрийг 24 жил хэрэглэхийг хориглосон заалтыг хүчингүй болгосон. Гэтэл сая түүнээс өөр шийдвэр гаргасан нь харамсалтай байна.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал:

-Үндсэн хуулийн Цэц захиалгаар тогтоол гаргалаа. Хуулийн нэг заалтаар 2005 онд гаргасан шийдвэрээсээ сая ухарч өөр шийдвэр гаргасан. Энэ нь төрийн алба төлөөллийн алба болсныг харуулж байна. УИХ-д дөрвөн намын төлөөлөл байдаг. Гэтэл УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр зөвхөн МАН-ын хоёр хүнийг оруулсан. Хоёр төлөөлгчийн нэгээр Ардчилсан нам ч юм уу, өөр намын төлөөлөл ирүүлж яагаад болоогүй вэ.

УИХ-ын итгэмжлэнгдсэн төлөөлөгчид  Цэц дээр батлагдаагүй хуулийн заалт танилцууллаа. Улс төрийн намын өөрчлөгдсөн нэрийг 24 жилээр хэрэглэхгүй гэдгийг найман жил болгохоор хуулийн төсөл өргөн барих гэж байгаа юм байна. Гэтэл түүнийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байж Цэцэд танилцуулсан нь туйлын буруу. Батлагдаагүй хуулийг нотлох баримт болгосон нь буруу.

Цэцийн шийдвэрээс хараад МАХН гэдэг нэрийг үргэлжлүүлж хэрэглэж болохгүй ч дахин хэрэглэж болно гэж бид үзлээ. Одоо энэ асуудал Улсын дээд шүүхийн мэдэлд буцаж очлоо. Энэ сарын 20-доор Их хуралдай өндөрлөнө. Түүгээр иргэдийн санал асуулгын дүн гарна. Тэр дүнг харж байж МАХН-ын дараагийн алхам юу байхыг шийднэ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж