ОЛИМПИЙН ХОШОЙ, ДЭЛХИЙН 4 УДААГИЙН АВАРГА ЖОН СМИТ
АНУ-ын нэрт бөх Жон Смит 1965 оны наймдугаар сарын 9-ний өдөр Оклахома-Сити хотын дагуул Дель Сити хотод 10 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд төржээ.
Олимпийн наадмаас хошой, ДАШТ-нээс 4 алтан медаль хүртжээ. АНУ-ын бөхчүүдээс анх удаа дэлхийн 3 удаагийн аварга болж чаджээ. Түүнээс гадна 1986 онд “Сайн санааны тоглолт”-ын аварга болж байжээ.
Оклахома муж улсын Их сургууль төгссөн.
1988 онд БНСУ-ын Сөүл хотод болсон Зуны олимпийн наадамд нэгдүгээр тойрогт унгарын бөх Орбаныг 11:4, хоёрдугаар тойрогт болгарын бөх С.Штеревийг 6:3, гуравдугаар тойрогт польшийн бөх Скубацийг 4:2, дөрөвдүгээр тойрогт финландын бөх Лехтог 16:6 онооны харьцаагаар хожиж тавдугаар тойрогт италийн бөх Г.Шиллисийг цэвэр орхиж хагас шигшээ барилдаанд монголын бөх А.Энхээг 12:7, шувтаргын барилдаанд ЗХУ-ын бөх С.Саркисяныг 4:0 онооны харьцаагаар ялж анхны олимпийн алтан медалиа хүртжээ.
1992 онд Испани улсын Барселон хотод болсон Зуны олимпийн наадамд нэгдүгээр тойрогт туркийн бөх Фанкудлийг 3:2, хоёрдугаар тойрогт Ардчилсан Солонгосын бөх Кимийг 2:1, гуравдугаар тойрогт ХБНГУ-ын бөх К.Полкийг 8:0, дөрөвдүгээр тойрогт Тусгаар тогтносон улсуудын бөх М.Азизовыг 17:1 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд кубын бөх Лакаро Рейносо Маринезид 1:3 онооны харьцаагаар хожигдож шувтаргын барилдаанд ираны бөх Аскари Мохаммедианыг 6:0 онооны харьцаагаар ялж олимпийн хошой аварга болжээ.
АНУ-ын гарамгай тамирчин олгодог Жеймс Салливаны нэр хүндтэй шагналыг бөхчүүдээс хамгийн түрүүнд хүртжээ. 1989 онд “Amateur Wrestling News” сэтгүүлээс түүнийг “Оны тамирчнаар” тодруулж Америкийн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн холбооноос “Дэлхийн хамгийн шилдэг техниктэй бөх”-өөр, ДБНХ-ноос “Оны шилдэг бөх”-өөр өргөмжилж Дэлхийн бөхийн Алдрын танхимд нэрийг нь мөнхөлжээ. Америкийн үндэсний олимпийн хорооноос 1990 онд түүнийг “Оны шилдэг тамирчнаар” зарлаж байв.
Оюутны үндэсний спортын холбооны аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж оюутны янз бүрийн тэмцээнд 90 ялалт дараалан авч байв. Олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээнээс 100 ялалт авч 5 удаа ялагдал хүлээж байжээ.
Дасгалжуулагч Ли Рой Смитийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг байжээ.
Зуны олимпийн дараа идэр залуу 27 настайдаа гэнэт зодог тайлж дасгалжуулагчийн ажилд шилжиж Оклахома мужийн Их сургуулийн чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчийн ажлыг одоо хүртэл хашиж байна. 2000 онд Австрали улсад болсон Зуны олимпийн наадамд үндэсний шигшээ багийг удирдан оролцож байв.
1998, 2000, 2009 онуудад гурван удаа АНУ-ын “Оны шилдэг дасгалжуулагч”-аар тодорч байжээ. Дасгалжуулагчийн ажлын зэрэгцээ эдлэн газар худалдан авч сайн үүлдрийн морьд борлуулах бизнес эрхэлдэг байна.
Оклахома хотод байдаг АНУ-ын Бөхийн алдрын танхим болон Бөхийн музейд түүнийг нэрийг мөнхжүүлсэн байна.
1995 онд гэрлэсэн, Жозеф, Самуель, Леви гэсэн гурван хүү, Изабель, Сессилия нэртэй хоёр охинтой ажээ. Отгон дүү Ли Рой нь мөн чөлөөт бөхийн спортоор хичээллэж ДАШТ болон Дэлхийн цомын төлөө тэмцээнээс мөнгөн медаль авч байжээ.
Зуны олимпийн наадам
1988 он. БНСУ, Сөүл хот 62 кг, алт
1992 он. Испани, Барселон хот 62 кг, алт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
1987 он. Франц, Клермон-Ферран хот 62 кг, алт
1989 он. Швейцар, Мартиньи хот 62 кг, алт
1990 он. Япон, Токио хот 62 кг, алт
1991 он. Болгар, Варна хот 62 кг, алт
2005 он. Унгар, Будапешт хот 96 кг, мөнгө
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан