Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан “Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж УИХ-ын гишүүн, Хархорум хотын 795 жилийн ойн комиссын дарга Я.Содбаатар үг хэллээ. Тэрбээр “Тэртээх XIII зуунаас дэлхийн нийслэл, улс төр, соёл, эдийн засаг, гадаад харилцаа шашны төв гэгдэж ирсэн Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар Хархорум хот байгуулагдсны 795 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн зөвлөлийн санаачилгаар “Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хурлыг ЕТГ, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна” гэлээ.
Мөн тэрбээр уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцож буй эрдэмтэн судлаачдад амжилт хүсээд тэдний үнэтэй санал, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг дараа дараагийн олон ажлынхаа үндэс болгож ажиллана гэдгийг онцлов.
Анх 1998 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Р.Бадамдамдин нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Хархориныг улсын нийслэл болгох асуудал яригдаж байжээ. Мөн 2003 онд баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд улсын нийслэлийг Хархорин руу шилжүүлэх тухай заалт орсон байдаг аж. Үүнээс гадна 2005 онд Хархорин жишиг хотын хөтөлбөрийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ.
Энэ үеэр Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат нутаг “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын эргэн тойронд байгаль, экологи, соёлын түүхэн хөгжлийн хосгүй өвөрмөц тогтолцоог хадгалсан газар байгаа давуу талтай. Мөн энэ бүс нутгийн амьдрал хоорондоо түүхэн уламжлал, залгамж холбоотой, газар зүйн өвөрмөц тогтоц, тогтвортой хөгжлийн орчин харилцан бүрдүүлэх өвөрмөц онцлогтой. Давуу талдаа тулгуурлаж тэнцвэрт хөгжлийн орчинг одооноос тодорхой бодлого төлөвлөгөөтэй бүрдүүлэх нь нэн чухал байна гэдгийг онцоллоо.
Эрдэм шинжилгээний бага хурал хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд үдээс өмнөх буюу нэгдүгээр хэсгийн хуралдаанаар “Эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал” сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсан. Харин үдээс хойших буюу хоёрдугаар хэсгийн хуралдаанаар “Хархорин хотын нийгэм, эдийн засаг, хэтийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хуралдаан үргэлжлэх аж. Мөн энэ үеэр Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийсэн юм
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ