Ф.Фукуяама Монголын тухай ном бичиж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Ф.Фукуяама Монголын тухай ном бичиж байна

Алдарт судлаач Ф.Фукуяама Монголын тухай ном бичиж байна

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Стэнфордын Их Сургуулийн нэрийн хуудас болсон профессор Фрэнзис Фукуяама, Ларри Даймонд, Майкл Армакост, Стефэн Краснер, Коит Блэккер, Беатрис Магалони нартай уулзлаа. “Их задрал”,  “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн”, “Төрийг бэхжүүлэх нь”, зэрэг олон ном зохиол, улстөрийн тогтолцоо, ардчилсан нийгмийн талаарх олон арван онол нь дэлхийг шуугиулсан, нэрт судлаач, социологич Фрэнзис Фукуяама болон “Ардчиллын амин сүнс” зэрэг шилдэг бүтээлүүдийн зохиогч, ардчилал судлалаар нэрд гарсан улстөр судлаач, зохиолч, Цагаан ордон , Төрийн департамент, Дэлхийн банк, Рузвельт Институт зэрэг газар ажиллаж байсан туршалагтай, Стэнфордын Их Сургуулийн Улстөр судлалын сургуулийн профессор Ларри Даймонд нарын зэрэг эрдэмтэд нэгэн ширээний ард сууж монголын ардчиллын онцлог, ололт амжилт, явцын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй яриа өрнүүлэх нь туйлын сонирхолтой, бас ховор үйл явдал байлаа.

Судлаачид, бүс нутагтаа үлгэр жишээ болсон ардчиллыг эхлүүлэхэд гар бие оролцон, одоо амжилттай хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргээд монголын ардчилалд өгч байгаа өөрсдийн үнэлэлт дүгнэлт, тулгарч буй сорил бэрхшээлүүдийн талаар санал бодлоо хэлсэн юм.

“Дэлхийн олон оронд болж, өрнөж байгаа үйл явдлууд нь дэлхийн бүх улс орнуудын засаглалын цорын ганц хэлбэр бол либерал ардчилал юм гэж хэлснийг минь баталж байна. Хүмүүс улам бүр  ардчилал, эрх чөлөөг хүсч, түүнийхээ төлөө тэмцэх болсон байна. Танай улсад 20 жилийн өмнө амжилттай эхэлсэн ардчиллын үйл явц бэрхшээлтэй тулгарч байгаа нь, тулгарах нь гарцаагүй.  Гэвч та бүхэн амжилттай явж байна. Ардчиллыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн хувьд бид танай орныг тусгайлан судлах нь зүйн хэрэг. Би энэ талаар ном бичиж байгаа, удахгүй дуусна” гэж ноён Ф.Фукуяама хэллээ.

“Аливаа ардчилсан нийгэмд иргэний боловсрол, бас хяналт чухал. Боловсролгүй, судалгаагүй, хяналтгүй  төр ардчилалд аюултай. Уул уурхайн баялаг ихтэй танай орны хувьд баялгийн зарцуулалт, хүртээмжийг иргэд хянаж чадаж байх нь хамгийн чухал юм. Авилгагүй, ил тод үйл ажиллагаатай Засгийн газар бол ардчиллын баталгаа” гэж ноён Л.Даймонд хэлсэн.

Хатагтай Беатрис Магалони ч мөн энэ ярилцлагын үеэр чухал санаа хөндлөө. Латин Америк судлалаар мэргэшсэн тэрээр, баян хоосны ялгаа ихсэх нь ардчиллын сүүдэр гэж өөрийн судалгаан дээр үндэслэн хэллээ. Дундаж давхрагынхан их байх тусмаа ардчилал баталгаатай болдог хэмээн тэрээр ярив.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголын ардчиллын онцлогийн талаар , дэлхийн улс орнуудад болж буй бусад анхаарал татаж буй үйл явдлын талаар өөрийн санал бодлоо ярив.

Уулзалтын төгсгөлд нэрт эрдэмтэд Монголд  айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээж авлаа.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж