“ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ?”, “Аймгийн төвүүдийг засмалаар холбосон гавьяа хэнийх вэ?” гэсэн сурталчилгааны самбар өчигдрөөс нийслэлийн гудамж талбайг чимж эхэлсэн нь “нохойн дуу” ойртсоныг илтгэх мэт. Энэ пи-ар сошиал ертөнцөд амны зугаа болоод зогсохгүй олон нийтийн дунд ч багагүй талцал үүсгээд байна. Зарим хүн Ардчилан намынхан хэнд, юуг сануулаад, занаад байгаа юм бэ хэмээн ундууцаж байгаа бол нөгөө хэсэг нь Ардын намынхны зүгээс шидсэн “яс” гэж тайлбарлаж буй.
Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.
-Өчигдрөөс нийслэлийн гудамж талбайг “чимэх” болсон өвөрмөц үгтэй сурталчилгааны самбарыг танай намаас байрлуулсан уу?
-Тэр самбаруудыг олж харсан. Худлаа юм алга л байна лээ.
-Танайх байрлуулаагүй гэсэн үг үү?
-Тэнд ямар ч худлаа юм бичээгүй байна даа гэж бодоод л сууж байна.
АН-ын генсек ийнхүү хариулав. АН, МАН-ын хэн нь энэ самбарыг байрлуулав гэсэн асуулт тодорхой хариултгүй үлдсэн ч эндээс ирэх сонгуулийн сурталчилгаагаа намууд аль хэдийнэ эхлүүлснийг харж болохоор байна. Албан бус эх сурвалжийн хэлснээр нэг самбарт ойролцоогоор 20 сая төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ