АНУ-ын армид эмэгтэйчүүдийг бүхий л байршилд үүрэг гүйцэтгэн алба хаахыг нээлттэй болгож байгааг батлан хамгаалахын сайд Эштон Картер мэдээлэв. Ингэснээр эмэгтэйчүүд галын шугамд эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн тулалдах боломжтой болжээ.
Хэдийгээр хүйсийн ялгаа байх боловч энэ нь тулаанд оролцоход саад болохгүй төдийгүй зарим ажиллагаанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү байх тухай Эштон Картер тайлбарлажээ. Тодорхой стандарт шаардлагыг хангасан эмэгтэйчүүд армид танк жолоодож, их буугаар галлаж, явган цэргийг толгойлох ч боломжтой гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг армид алба хаахад ямар нэгэн тооны хязгаарлалт квот, хувь хэмжээ заахгүй байх аж. АНУ-ын батлан хамгаалахын уг шийдвэрт Конгресс 30 хоногийн дотор хориг тавихгүй бол хэрэгжиж эхлэхийг Пентагон мэдээлжээ.
Өдгөө АНУ нь 1.34 сая байнгын цэрэгтэй бөгөөд үүний 15.6 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE