УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Өнгөрөгч долоо хоногт УИХ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай цоо шинэ хууль баталсан. Тэрбээр тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
Р.Амаржаргал гишүүн “Ний нуугүй хэлэхэд УИХ энэ хуулийг батлах нь бүү хэл хэлэлцэх ч үгүй биз, ярьж байгаад замхарчих байх гэж бодож байсан. Гэсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаас уг төслийг дэмжиж, хэлэлцэхээр болоход УИХ-ын даргад хандаж “Энэ төслийг хууль болтол нь авч явах ажлын хэсгийг би ахалъя” гэж хэлсэн” хэмээн дурдана лээ.
Түүний ахалсан ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан төслийг боловсруулах явцад өөрчлөлт оруулах 100 гаруй санал гарсан юм билээ.
Энэ нь үндсэндээ өргөн барьсан төслийг шинэчилсэнтэй адил тул дараагийн хэлэлцүүлэгт ийм олон санал оруулахаас зайлсхийж, төслөө татаж авахыг Засгийн газарт санал болгосон байдаг.
Ийнхүү Засгийн газар төслөө татаж, ажлын хэсгийн саналуудыг тусгасан шинэ төсөл өргөн барьсныг баталсан нь энэ.
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар “бодлого”, “хөтөлбөр” нэртэй олон баримт бичиг үйлдвэрлэх үйл явцыг цэгцлэх нь. Ер нь ийм хуультай болъё гэсэн хүсэл эрмэлзэл өнгөрсөн хугацаанд хэр байсан юм бол?
-Яг энэ хууль шиг бодлогын баримт бичиг бий болгох үйл явцыг хуульчлах гэж оролдож байсан, эсэхийг санахгүй байна. Яах вэ, ер нь нэг иймэрхүү баримт бичиг хэрэгтэй, үүнээс улбаалан бусад бодлогоо гаргах нь зөв гэж байнга ярьж ирсэн, оролдсон.
Тэр нь Үндэсний хөгжлийн цогц бодлого байсан. Гэвч энэ мэт бодлого, төлөвлөгөө гаргах процессын шинжтэй эрх зүйн акт байхгүй явж ирсэн. Тэр хуулиа сая баталлаа.
-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 400 гаруй бодлогын баримт бичиг, хөтөлбөр баталснаас 290 гаруй нь хүчин төгөлдөр буй юм билээ. Тэгэхээр тунхагийн шинж чанартай гэж шүүмжлүүлдэг эдгээр баримт бичгийг энэ хуулийн хүрээнд цааш хэрхэн авч явах юм бэ?
-Юуны түрүүнд инвентаризац хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл, бодлогын чанартай баримт бичгүүдээс одоо чухам аль нь үйлчилж байгаа, хоорондоо ямар уялдаа холбоотой юм гэдгийг тоолж, бүртгэх шаардлагатай гэсэн үг. Тухайн баримт бичгийн өгөгдөхүүнүүд өөр хоорондоо авцалдаж байна уу гэдэг нь чухал.
Жишээ нь, нэг баримт бичигт эдийн засгийн өсөлт жилд зургаан хувь байна гэсэн байхад нөгөөд нь арван хувь гэж тооцсон байдаг. Эдийн засгийн өсөлтөөс хамаарч ажилгүйдлийн түвшин харилцан адилгүй байх нь тодорхой шүү дээ. Энэ мэтчлэн баримт бичиг хоорондын уялдаа холбоог сайтар шинжлэх юм.
Ингээд үүндээ тулгуурлан аль баримт бичиг нь үзэл баримтлалын шинжтэй байна, юуг нь “хөтөлбөр”-т хамааруулахаа тодорхойлох юм. Хэрэгжих цаг хугацаагаар нь богино, дунд, урт гэж ч ангилах байх.
Шинжлэх ухааны үндэстэй юм хийе гэвэл бүгдтэй нь танилцаж, чимхлүүр ажил хийх хэрэгтэй болно. Үүнд мэргэжлийн байгууллага ажиллаж, бүгдийнх нь уялдаа холбоог гаргаж ирэх ёстой байх.
-Хамгийн ойрын жишээ татъя. Жил бүрийн намар улсын төсвийг хэлэлцэхдээ хавар нь баталсан тухайн онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл тэргүүтэй баримт бичгүүдэд нийцүүлэх ёстой ч тэдгээрийг төдийлөн ойшоодоггүй. Энэ тухайд ямар өөрчлөлт гарахаар байгаа бол?
-Төсөв бол жил бүр төлөвлөдөг баримт бичиг. Гэхдээ манай төсөв хэзээ ч биелж байгаагүй. Сүүлийн үед бүр УИХ төсвийг батлахын тулд л баталж байгаа мэт санагдах болсон. Аль чанга дуугарсан нь аймаг, сум, тойрогтоо хэдэн төгрөг хуваарилах маягаар төсвийг баталдаг болчихсон.
Өөрөөр хэлбэл, төсвийн баримт бичгийг макро болон микро эдийн засгийн түвшинд удирдах хэрэгсэл болгож чадахгүй байна. Үндсэндээ манай төсөв дэх эдийн засгийн шинж чанар багасаж, субъектив буюу хувь хүний хүчин зүйл маш их нэмэгдэх болсон. Энэ нь шинжлэх ухааныг үгүй хийж байгаа юм.
Уг нь төрийн, тэр дундаа эдийн засгийн бодлого шинжлэх ухаанд тулгуурлах хэрэгтэй. Нөгөө талаас нийгэм, тэр дундаа эдийн засгийн байдлыг урьдчилан таамаглах хэцүү. Тухайлбал, дэлхийд үнэлэгдэх эдийн засагч нар ажилладаг ОУВС жилд хоёр удаа л судалгаа хийдэг.
Тэр нь ойрын зургаан сард ийм байх болов уу гэсэн таамаглал байдаг. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн төлөв, чиг хандлагыг жилээр гаргаж чадахгүй байна гэсэн үг. Тэгсэн атал тэрхүү таамаглал ч бүрэн хэрэгжих нь маш ховор.
Хэдийгээр нөхцөл байдлыг урьдчилж харах түвэгтэй ч таамаг хийж буй үйл явцдаа их анхааралтай хандах хэрэгтэй. Энэ утгаараа аль ч улс оронд хөгжлийн стратеги гэсэн ерөнхий зүйл байх ёстой. Үүнийг үгчлэн мөрдөхгүй ч гэлээ луужин маягаар ашиглаж, түүндээ тулгуурлан салбарын болон бүс нутгийн бодлого, хөтөлбөрөө боловсруулах юм.
Тэр болгоныг хариуцаж, хэрэгжүүлэх эзэнтэй болгож байгаа хэрэг. Энэ мэтчлэн уг хуулиар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн ерөнхий ханыг босгосон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд нэг том баримт бичиг гаргаж, түүнийг хоёр жил тутам заавал нэг эргэн харж, гадаад болон дотоод орчны өөрчлөлтөд нийцүүлж, сайжруулж байхаар хуульчилсан.
Бусад бодлогын бичиг баримтаа ч мөн арай богино хугацаанд заавал эргэн харж шинэчлэхээр тусгасан.
-Аливааг өөрчлөлтөд нийцүүлнэ гэдэг муу зүйл биш. Гэвч манайхан нэгэнт баталсан бодлого, хөтөлбөртөө ойр ойрхон гар хүрэхийг нэг их таашаадаггүй юм шиг ээ.
-Энэ их маргаантай зүйл л дээ. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. Үүний дагуу улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө баталж явсан түүхтэй. Энэ үед бүх зүйл улсынх, хувийн өмч байгаагүй учраас төрөөс томилсон төлөвлөгөөний комисс бүгдийг ширхэгчлэн баланслуулж, тэр нь ч ерөнхийдөө ханатай гардаг байсан юм.
Тэр үеийг ямар нэг хэмжээгээр санагалзаж байгаа хэрэг юм болов уу. Өөрөөр хэлбэл, ямар нэг төлөвлөгөө баталж, түүнийгээ яс биелүүлнэ гэж бодоод байгаа юм. Тэр механизм хэдийнэ үеэ өнгөрөөсөн шүү дээ. Өнөөгийн төлөвлөлт “ингэж магадгүй” гэсэн маягтай болж байгаа юм.
Гэхдээ энэ нь огт баримжаагүй байна гэсэн үг биш. Заримыг нь илүү нарийвчилсан байхад өөр нэгийг нь арай бүдэг, ерөнхий тодорхойлж болох юм. Энэ хуулийг төгс, төгөлдөр баримт бичиг гэж хэлэхгүй. Гэхдээ ямар ч байсан хууль баталлаа. Үүндээ тулгуурлан цааш явъя. Жил өнгөрөхөд нэлээд юм харагдана.
-УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг багтаасан ажлын хэсэг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж буй. Энэ баримт бичиг батлагдвал луужин болох нь ээ?
-Тэгнэ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого гарч ирэх ёстой юм. Ажлын хэсэгт бүх бүлгийн дарга багтсан учраас эрхбиш гишүүдээ зангидаж, чиглүүлээд баталчих биз. Би үүнд сэтгэл дундуур байдаг юм.
-Яагаад вэ. Одоо боловсруулаад буй төслийг дэмжихгүй гэсэн үг үү?
-Ийм баримт бичгийг эрдэм шинжилгээний байгууллага хийх ёстой. Тухайлбал, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэд ийм баримт бичиг боловсруулж болно. МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн бас боловсруулах боломжтой. СЭЗДС-ийн эрдэмтэн, судлаачид ч ийм зүйл хийж болно.
Энэ мэт хэд хэдэн судалгааны баримт бичиг гаргаж ирэх хэрэгтэй. Бодлогын баримт бичигт тусгасан урьдчилсан нөхцөлүүд их чухал. Жишээ нь, бид сүүлийн хэдэн жил төсөв батлахдаа зэсийн үнээр тоглосон шүү дээ. Өөрсдийгөө хуурч, худлаа үнэ батлаад нэг их юм хийнэ гэж төсөвтөө бичдэг болсон.
Тэр нь биелэхгүй болохоор ард түмэн “Эрх баригчид худалч” гэсэн дүгнэлт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ мэт маш нарийн тооцох ёстой зүйлсийг саарал ордон, Сангийн яаманд суудаг хэдэн хүн гаргаж чадахгүй.
Төр нь эдгээрт тулгуурлан аль нэгийг нь баримжаа болгож, үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулах ёстой юм. Түүнээсээ улбаалан салбарын бодлого, чиглэлээ тодорхойлох ёстой.
Тэр утгаараа уг хуульд нэг заалт оруулсан нь салбарын хэмжээнд баримтлах судалгааны ном маягийн баримт бичиг гаргаж байхаар тусгасан. Энэ нь том баримт бичгээс илүү өгөөжтэй. Тэрийгээ жил болгон шинэчилж болно.
-Салбарын хэмжээнд судалгааны номтой байна гэдгээ тодруулахгүй юу?
-Энэ жил гэхэд л их, дээд сургуульд элсэгч тун цөөн байна. Нэг талаас энэ нь 18 жилийн өмнөх төрөлтийн мөчлөгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын бодлого боловсруулахад 18 жилийн өмнө юу болж байсныг тооцох ёстой байсныг сануулж буй юм.
Нөгөө талаас энэ салбарт сайдаар ирсэн хүн болгон мундаг реформ хийх гэдэгтэй дээрх үзэгдэл холбоотой. Тиймээс аливаа салбарын энэ мэт өгөгдөхүүнд тулгуурлан сайд нь ирэх дөрвөн жилд ямар бодлого баримтлахаа томъёолно гэсэн үг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн ямар эх үүсвэр шаардлагатайгаа тодорхойлж, зангидах ёстой.
Ингээд жилийн дараа бодлогоо дүгнэж, алдсан, оносноо цэгцэлж, юу хийхээ мэддэг болчихвол ажил урагшилна. Үүнээс гадна салбарын баримт бичгийг УИХ, Засгийн газар руу аль болох оруулахгүй байх нь зүйтэй гэсэн санаа энэ хуульд тусгалаа олсон. Мэдээж улс орны хөгжлийн ерөнхий стратегитай нийцэж, захирагдах ёстой.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нэртэй тогтворгүй хууль байна. Өрийн хязгаарыг хатуу тогтоож өгсөн ч мөнгө хэрэгтэй болохоор өөрчлөөд л зээл авчихдаг. Иймэрхүү зүйлийг энэ хуулиар хязгаарласан уу?
-Юуг боловсруулахдаа юу юуг удирдлага болгохыг уг хуульд тусгасан.
Б.НОМИН
ЭХ СУРВАЛЖ: "ӨНӨӨДӨР СОНИН"